Редакцийн Мэндчилгээ
Бид эмэгтэйчүүддээ зориулсан хамгийн том бэлгээ нээж байна. Шинэ жилийн баяртай зэрэгцэн мэндэлж буй цоо шинэ цахим сэтгүүлээ будаг нь ханхалсан анхны хувилбараар нь эрхэмсэг бүсгүйчүүд та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна. Эмэгтэй хүн болж төрнө гэдэг бурханаас авч болох олон гайхамшгуудын нэг гэдэг. Бид чухамдаа энэхүү хувь заяаныхаа хосгүй сайхан мэдрэмжийг өнөөдрөөс эхлэн та нартайгаа хуваалцах боллоо.
Гэртээ суугаа эзэгтэй та, ажлаа хийж байгаа эмэгтэй та, хүүхдээ харж байгаа ээж та, хүний хань болсон гэргий та нар бүгдээрээ манай уншигч.
Манай гэрэлт хуудаснаа тавигдах мэдээ мэдээлэл, нийтлэл бүр бидний чин сэтгэлээс гарч байгаа учраас та бүхэнд таалагдана гэж итгэж байна. Эмэгтэй хүний оюуны болоод ахуйн хэрэгцээ шаардлагын нэгээхэн хэсгийг ч болов танд хүргэж чадаж байвал бидний хүсэл биелэх нь тэр. “Бид” гэдэг үгийг хэдэнтээ дурдсанаа дэлгэрүүлэн сийрүүлвэл, сэтгүүлч мэргэжилтэй бидний дөрвөн найз оюутан ахуй үеэсээ хойш олон жил үерхэн нөхөрлөж амьдралын жинхэнэ анд найз нар болцгоосон билээ. Уулзалт бүхэн 100% ирцтэй, халуун яриагаар хачирласан амтат зоог барьж, тэр дундаасаа эмэгтэйчүүдийн бичил ертөнцийг олж хардаг байлаа. Сэтгүүлч хүний хүслээр жигүүрлэн өөрсдийн гэсэн сэтгүүлтэй болох мөрөөдлөө ярьж суудаг байсан маань өнөөдөр биеллээ олж байна. Дөрвөн сэтгүүлч, дөрвөн эмэгтэй, дөрвөн эзэгтэйн дундаас бадамлан ассан галын маань нэр “эмэгтэйчүүд.мн”.
Монголын хамгийн олон эмэгтэй уншигчтай болох эрхэм зорилго бүхий цахим сэтгүүлээс яг энэ мөчид бидний баярыг хуваалцан энэхүү зурвасыг уншин суугаа авхай танд аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсэж байна. Эмэгтэйчүүдийн ертөнцөд тавтай морил!

