МАНАЙ УЛС 17 ТУУЛЬЧТАЙ
Засгийн газраас “Монгол туургатан” хөтөлбөрийн санаачилгыг гаргасан байна. Манай улсад 60 орчим туульч, 200 гаруй тууль байсан гэх мэдээлэл байдаг. Гэвч одоо улсын хэмжээнд нийслэлээс гадна Увс, Ховд аймагт нийт 17 туульч байгаагийн тав нь туулийг бүрэн хэмжээгээр нь мэддэг гэнэ. Иймд цаг алдалгүй туульчдыг орон нутгаас нь нийслэлд шилжүүлэн авчирч залуу туульчдыг бэлтгэн гаргаж, өвлүүлэх ажил зохиогдох гэж байна. Уг хөтөлбөр 2014 он хүртэл үргэлжлэх бөгөөд ОУ-ын байгууллагын хандив, Соёл урлагийг хөгжүүлэх сан, улсын болон орон нутгийн төсвөөс босгож 177,4 сая төгрөг зарцуулахаар болсон байна.
Монголчуудын түүх, хэл соёл, зан үйл, шүтлэг бишрэл, хүсэл мөрөөдлөө яруу сайхнаар дүрсэлсэн аман яруу найргийн үлэмж, өвөрмөц том хэлбэрийн бүтээл нь туулийн урлаг юм. Монгол тууль ардын аман билгийн нэн эртний төрөл хэлбэрийн нэг бөгөөд хэдэн зуугаас хэдэн түмэн мөр шүлгээс бүрддэг аварга том туурвил. Манай улсын хамгийн алдартай Жангар тууль 70 гаруй бүлгээс бүрдэх ба бүлэг бүр нь 700-800 мөр шүлэгтэй, нийтдээ 50-60 мянган мөр шүлгээс бүрддэг байна.
Ж. Ганжаргал







