Заавал гэрлэх ёстой юу?
Гэрлэлт
Гэрлэлт гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хоёр хүний бие биеэ хайрлах үйл явц нь олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдөн, тогтвортой, албан ёсны болохыг хэлдэг. Энэ нь тэдний харилцаан дахь хамгийн чухал үйл явдлуудын нэг.
Гэрлэх ба эс гэрлэх тухай асуудал нь хүн бүрт чөлөөтэй, тэдний сонголт байдаг. Учир нь хосууд өөрсдийн харилцааг хэрхэн хүлээн авч, үнэлэхээс хамаардаг.
Гэхдээ хүн өөртөө болон нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа мэдэрч амьдрахад гэрлэлт чухал үүрэгтэй. Ялангуяа өнөө үед амьдралын хэт чөлөөт хэв маягийг сонгох болсоноор гэрлэлтийн үнэ цэнэ алдагдасаар байна.
Бүх зүйл эхэндээ гайхалтай сайхан
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаа нь өөрийн гэсэн онцлогтой байдаг. Бүх хүмүүсийн мэддэг зүйлүүдийн нэг бол хайр сэтгэлийн эхэн үе нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаан дахь сэтгэл хөдлөл, дур хүсэл, сэтгэл ханамж, хүсэл, бие биедээ татагддаг хамгийн хүчтэй үеүдийн нэг. Бүх зүйл энэ үед гайхалтай байдаг. Бие биетэйгээ харилцах болон сексийн харилцаа бүгд сайхан. Гэхдээ энэ бүх гайхалтай зүйлүүд нь хосуудад маш бага хариуцлагыг хүлээлгэдэг. Хосуудын тусдаа амьдрал нь тэдэнд хангалттай эрх чөлөөг олгож, санаа зовох зүйлүүдийг багасгадаг. Тийм учраас ямар ч асуудалгүйгээр хамт байхыг хүссэн цагтаа хамт байж, таагүй санагдсан үедээ явж, амархан шийдвэрлэх боломжтой бүх аргыг ашиглаж, цаашилбал асуудалгүй салдаг. Албан ёсоор гэрлэхээс өмнө салалт нь амархан зүйл байдаг.
Тиймээс дэлхий нийтээрээ салалтыг багасгаж, бат бөх харилцаа, жинхэнэ хайрыг юу бүтээж чадах вэ? гэсэн асуултын хариуг хайсаар байна. Тэгвэл хайр, бат бөх харилцааг жинхэнэ болгох зүйл бол гэрлэлт юм. Гэрлэлт нь ихэнх хүмүүст амьдралын томоохон сургууль болдог. Судалгааны дүнгээс үзэхэд дэлхий нийтэд 2001 оноос хойш гэрлэлтийн тоо тасралтгүй жил бүр буурсан үзүүлэлт байдаг. 1970 оны байдлаар дэлхийн нийт гэрлэх насны хүмүүсийн 72% нь гэр бүлтэй гэж байсан бол өнөө үед 50% болж буурсан үзүүлэлттэй байна. Энэхүү баримт нь гэрлэлт буурах шалтгаанууд болон хүн яагаад заавал гэрлэх ёстой вэ гэсэн асуултыг бий болгож байна.
Гэрлэх эсэх нь нэг талаасаа үнэхээр хувь хүний эрхийн асуудал. Харин нөгөө талаас нь авч үзвэл гэрлэлт нь улс эх орны хөгжил, аюулгүй байдалтай холбоотой байдлаараа нийгмийн шинжтэй болдог.
Гэрлэлттэй холбоотой маш олон асуудал, асуулт байдаг. Учир нь хос бүр гэрлэлтийн янз бүрийн түүхтэй байдаг нь шинэхэн хосын эргэлзээг нэмэгдүүлдэг нь гэрлэхээс татгалзахад хүргэдэг байна. Мөн хэн нэгэн хүн гэрлэх нь сайхан зүйл биш, юуг ч өөрчилдөггүй, ганцаараа байх нь дээр гэж хэлсэн ч байж болно. Энэ нь тийм биш, үнэхээр буруу хариулт. Учир нь гэрлэлтийн тухай маш олон үлгэр домог, бодит үнэнээс сэдэвлэсэн түүхүүд байдгаас хамгийн их сонсохыг, мэдэхийг хүсэж байгаа түүхээ, үлгэрүүдээ тэд сонсдог. Жишээ нь: гэрлэлтийн талаарх аймшгийн түүх нь гэрлэлтийн таагүй, бүтэлгүй талыг өгүүлдэг, романтик түүх нь гэрлэлтийн бүх сайхан, гэгээлэг, адал явдалтай талыг өгүүлдэг. Тиймээс гэрлэлттэй холбоотой сонссон таны түүхүүд ямар байсныг санаж өөртөө дүгнэлт хийгээд үзээрэй. Магадгүй та асуудлаас айж гэрлэхээс татгалзаж байгаа бол энэ дэлхий дээр “Маргаан, зөрчлөөс гадуур гэр бүл гэж байдаггүй” гэдгийг санах хэрэгтэй. Гэрлэлтийн талаарх ямар асуудалд хариу авахыг хүсэх нь таны юуг сонгож сонсож, үзэж байгаагаас хамаардаг болохыг ойлгосон байхаа.
Хамтдаа байж, бүх зүйлээ хуваалцах нь амьдралын хамгийн сайхан зүйл
Гэрлэлт олон зүйлийг өөрчилдөг, зарим зүйлийг хязгаартай болгодог, харин юу ч авдаггүй. Гэрлэлт нь зарим зүйлд бууж өгөх болон хувийн мөрөөдлөө түр хойш тавихыг шаарддаг байж болох ч нэг л сайхан өдөр биелүүлэх боломжийг ч олгодог. Бүх зүйл ямар нэг эрсдэлтэй байснаараа илүү амжилтад хүрэх нь ч элбэг. Олон хүн анх гэрлэж байхдаа хүсдэг байсан зүйл нь амьдралын явцад тэр чигээрээ өөрчлөгдсөн байхыг олж мэддэг. Анх гэрлэж байхдаа тэд бие биеэсээ маш олон зүйлийг хүсдэг, шаарддаг ч энэ бүхэн нь эцэстээ зөвхөн хамтдаа байж, бүх зүйлээ хуваалцах нь амьдралын хамгийн сайхан зүйл байсныг ойлгодог. Гэрлэлт олон зүйлийг өгдөг. Гэрлэлтээс хүсэн хүлээж байгаа бүхэн тань хэдхэн өдөр эсвэл жилийн дотор бий болж, мэдрэгддэг зүйл биш. Гэрлэлтийн явцад, гэрлэлтийг яаж харах, насанд туршдаа хэрхэн амжилттай үргэлжлүүлэх сэтгэлийн тэнхээ, итгэлцлээс ихээхэн шалтгаална.
Хүн нийгмийн амьтан болохынхоо хувьд олон сайн-муу, зөв-буруу зүйлсийг өөртөө агуулж тэрхүү зүйлүүдийнхээ тэнцвэрт байдлыг олж амьдардаг. Хүн бие организмын хувьд эрүүл, эдийн засгийн хувьд боломжтой байхаас гадна сэтгэл зүйн хувьд тэнцвэрт байдлаа хадгалах нь хамгийн чухал. Сэтгэл зүйн хувьд тэнцвэртэй байдлаа хадгалах хамгийн ойрын харилцагч /туслагч/ хүн бол таны хайртай хүн байдаг. Танд үүссэн сөрөг мэдрэмжийг эерэг болгодог, алдааг тань засдаг, зөв болгодог, баяр, гунигийг тань хуваалцдаг, үргэлж боломжийг харуулдаг, ганцхан таныг уучилдаг хүн бол таны хайртай хүн байдаг юм шүү. Хайртай хүнээ хамгийн хайртай, дотно хүнээ болгож хамтдаа байх боломжийг гэрлэлт л санал болгодог.
Дахин нэг асууя “Би заавал гэрлэх ёстой гэж үү?” гэсэн асуултад эргэлзсэн хэвээр байна уу? Тийм гэж хариулж байгаа бол таныг буруутгахгүй ээ. Үүнд буруу зүйл огтхон ч байхгүй. Гэрлэх үе тань ирэх үед энэ бүх асуулт, асуудал, эргэлзээнүүд тань арилж, санааг тань зовоосон бодлууд бүгд зөв хариултаа олж, сэтгэл зүрхнээс тань нэгэн таатай, баяртай чимээ ирэхийг та сонсож, хариугаа хүлээн аваарай.



