Морин хуурын ном Япон хэлээр хэвлэгдлээ

Одоогоос 9 жилийн өмнө миний бие морин хуураа дээдэлж дэлгэрүүлэх Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсны дагуу Үндэсний телевизээр морин хуурын теле хичээлийг явуулж эхэлсэн юм. Энэ цагаас эхлэн олон сайхан авьяаслаг хуурчидтай уулзан ярилцаж, нэвтрүүлэг бэлтгэн, тэдний авьяас онгодын их өргөөнд морилон саатах хувь тохиол бүрдсэн билээ. Ингэхдээ морин хуурыг гадаадын хүмүүс, тэр дундаа Япончууд чин сэтгэлээсээ сонирхон дээдэлж, сурч эзэмших хүсэл эрмэлзэл дүүрэн байдгийг олж мэдсэн юм. Тэдгээрийн дийлэнх нь эмэгтэйчүүд байсан нь мөн л сонирхол татаж байлаа. Турьхан биетэй япон эмэгтэйчүүд хуурын хос чавхдас дээгүүр савхан нарийн хуруугаараа чадамгай тоглохыг хараад “манайхан ийм хичээл зүтгэлтэй бол ч...” хэмээн бодогдож байсныг нуух юун. Магадгүй, хүн өөрийн юмаа байж л байдаг учраас анзаардаггүй байж болох.

Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл миний хувьд бэлтгэж байсан ярилцлагууд хийгээд морин хуурын холбогдолтой танин мэдэхүйн ном гаргах хүсэл өвөрлөсөөр  2007 онд “Эгшиглэ, хуур минь” номоо хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон юм. Харин энэхүү номыг 2011 онд Японы Токио хотноо ажиллаж, амьдардаг лимбэч шавь Лхагвагэрэл маань япон хэлээр орчуулан хэвлүүлсэн нь морин хуурыг сонирхогч япон хүмүүсийн сэтгэлд маш их нийцсэн тухай тэрээр надад ярьж байлаа.

Ийнхүү монголын морин хуурын тухай ном япончуудын хүртээл болсноор тэд монгол хуурчдын намтар түүх, ахуй амьдрал, үзэл бодол, сэтгэлгээний дотоод ертөнцөд нэвтрэх боломж тэдэнд нээгдсэн билээ.  Ерөөс морин хуур нь тоглолтын өвөрмөц арга барил, түүнчлэн хүлэг морийг тахиж шүтэх бэлгэдэл зэргээрээ зөвхөн монголын төдийгүй дэлхий нийтийн хөгжмийн соёлын хүрээн дэх онцгой үзэгдэл юм. Тухайлбал, энэ хөгжмийн зэмсэг нь монгол соёлынхоо хүрээнд онцгой байр суурь эзлээд зогсохгүй, нэн хүндэтгэлтэй тахилга шүтлэгтэй , домог зүйтэй холбоотой зүйл болохоор ийнхүү өөртөө татах увидастай байж ч болох юм.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.