Хадам ээж хадны мангаа гэж үү!



Гарчиг тавихтай зэрэгцэн анх нөхрийнхөө гэрт очоод ээжийг нь “ээжээ” гэж дуудах гээд ам эвлэхгүй  зовж байснаа саналаа. Огт танихгүй хүний хүүхдийг ”миний охин” гэж төвөггүйхэн хэлж байсан ээжийн сэтгэлийг тэр үед ямар байсныг би мэдээгүй. Харин одоо өөрөө хадам ээж болчихоод хүний охиныг “миний охин” гэж хэлж сурах гээд мунгинаж байна.  Хадам ээж, хадмын гэр, хадмууд гэсэн үгсийн үндэс “хад чулуу” гэсэн хатуу, хүйтэн биетийг илэрхийлж байдаг болохоор “хадам” бидэнд хөндий хүйтэн санагддаг байж болох юм.

Хадам гэдэг үг яагаад хатуу бүхний илэрхийлэл болсныг хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлах байх.

Өөрийн гэсэн үзэл бодолтой, бие хүн болж төлөвшсөнөөсөө хойш дахиад ээжтэй болж тэр хүний сургамж, сургаалийг дагах  хэцүү ч, эсрэгээрээ өөрийн гэсэн үзэл бодолтой болчихсон хүний хүүхдийг өөрийн хүүхэд шиг байлгах гэж хичээж байгаа тэдэнд бас ямар байдаг бол...

Ингээд бодоод байхад хадам ээж гэдэг хүний хайр нь гаднаа хал нь дотроо байдаг бололтой. Тэр болгон хүний хүүхдэд хатуу ширүүн үг шууд хэлчихэж чадахгүй учир “хал нь гаднаа хайр нь дотроо” гэдгийн эсрэг болчихдог юм уу даа. Үнэндээ бидэнд шууд хэлж чадахгүй бүхнээ сэтгэлдээ хуримтлуулан хадгалж явдаг хат сайтай хадам ээжүүдээ бид хайрлах ёстой.

Хадам ээжийгээ хааяа нэг бухимдлаа гаргахад нь бид хүндээр тусгаж авдаг. Тэр болгоныг хадмын хажууд очих залуу дүү нар минь өршөөн уучилж сурах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт чи ч бас хадам ээж болсон хойноо үүнийг ойлгох болно.

Эмэгтэйчүүд бидний ихэнх нь хадамтайгаа үзэл бодол таардаггүйн улмаас ач нарыг нь хүртэл өөрийнхөө ээж аавдаа илүү ойр дотно болгон хүмүүжүүлдэг нь гашуун бөгөөд үнэн  билээ. Заавал бид тэгж хөндий орон зай үүсгэх шаардлага байна уу?

Уг нь бидний хувьд хүүг нь өөрийн болгосон явдал нь аав ээжийг нь /хадамуудаа/  зөөллөн бодох хангалттай шалтгаан билээ.

Д. Байгалмаа




   

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.