Арьс бидний эрүүл мэндийн толь



Арьс бол бидний эрүүл мэндийн толь. Хүний арьсыг хараад амьдралын ямар хэвшилтэй, ямар буруу зуршилтай болохыг нь мэдэж болно. Арьсыг амархан гэмтээж болдог ч бас сэргээж болдог билээ. Гэхдээ үүнд цаг хугацаа багагүй зарцуулагддаг.

Дүрэм 1: МЭДРЭЛЭЭ ХАМГААЛ!

Бүх өвчин мэдрэлээс үүдэлтэй гэдгийг шинжлэх ухаан баталсан байдаг бол арьсанд бас өөрийн гэсэн онцлог байдаг. Арьс мэдрэл хоёрын завсар мэдрэлийн нарийн холбоосууд оршино. Эргэн тойрныхоо орчны мэдээллийг арьс үргэлж илтгэж байдаг байна. Үүнийг яаж анзаарч болох вэ? Энэ маш энгийн: бид хүйтэнд даарч, халуунд хөлөрдөг. Хэрвээ айвал  цайж, уурлахаараа улайдаг. Харин бидний арьс ийм үед үрэвсэж, холцруутдаг байна.

Арьсаа хамгаалахын тулд намар өвлийн цагт олон витамины нийлмэлийг уухыг зөвлөжээ. Ялангуяа А, Е, болон С, магни-кальцаар баялаг амин дэмийг хэрэглэх хэрэгтэй. Ийм төрлийн амин дэмүүд нь арьсны өнгийг сайжруулж, мэдрэлийн системийн дарамтыг бууруулдаг.

Амны ойролцоох нугалаа хавиар холцруутаж байгаа бол биенд В – гийн төрлийн амин дэм дутагдсаны шинж мөн. Иймээс энэхүү амин дэмүүдийг хэрэглэж эхлэхэд 7 хоногийн дараа хэвийн байдалд орохыг та ажиглаж болно. Энэ байдлыг дахин үүсгэхгүйн тулд элэг, хар талхыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглээрэй.

Дүрэм №2: БАКТЕРИÉН ЭСРЭГ САВАН ХЭРЭГЛЭХЭЭС ТАТГАЛЗ!

Бактерийн эсрэг үйлчилгээтэй саван нь үнэхээр нянг арилгадаг боловч хортой. Энэ нь арьсыг мөөгөнцөр болон нянгаас хичээнгүйлэн хамгаалагч эд эсийг устгаж байдаг. Ялангуяа энэ нь хүүхдэд маш хортой. Нянгийн эсрэг үйлчилгээтэй иймэрхүү савангуудыг: эмнэлэг, зуслан, гараж, өөрөөр хэлбэл бохирдол ихтэй газар буюу нянтай орчинд хэрэглэх нь зүйтэй. Гэрийн нөхцөлд бид жирийн савангаа хэрэглэхэд л хангалттай.  

ДҮРЭМ №3: АНТИБИОТИК БҮҮ ХЭРЭГЛЭ!

Хоолой өвдөн халуурч, ханиад хүрсэн тохиолдолд бид юуны түрүүнд антибиотик шүүрч авдаг. Тодруулан хэлэхэд, эм нь биеийг сульдааж, хэрэгтэй эд эсийг устгаж байдаг. Ийм үед мөөгөнцрүүд амархан үүснэ. Дүгнэлт: антибиотикийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй.

Дүрэм №4: АРЬСАА ҮРГЭЛЖ ЦЭВЭРЛЭЖ БАЙ!

Бидний арьс янз бүрийн халдварыг дотогш нэвтрүүлэхгүйн тулд хүчтэй саадыг үүсгэж байдаг байна. Харин арьс нь биеийн дотор аль хэдийн хуримтлагдсан  хорт бодисуудыг гадагшлуулах гэж байнга ажиллаж байдаг байна. Ялангуяа ханиад хүрсэн буюу халуурсан үед хөлстэй цуг үрэвсэл болон хорт токсинууд арьсаар гадагшилдаг. Иймээс эмч нар өвдсөн бол усанд орохыг зөвлөдөг. Энэ нь өвчний явцыг хөнгөлж, эрүүл болоход сайн нөлөө үзүүлдэг.

ДҮРЭМ №5: УС ИХ УУ!

Бие организмд ус дутагдсанаас болж холцруу, үрчлээ амархан үүсдэг байна. Тэр ч бүү хэл, тослог арьс ч холцруутдаг. Эрт хөгшрөлтөөс сэргийлэхийн тулд жирийн цэвэр усыг зохих хэмжээгээр хэрэглээрэй.

ДҮРЭМ №6: АРЬСАНД ХЭРЭГТЭЙ ХҮНСИЙГ ТҮЛХҮҮ ХЭРЭГЛЭ!

А амин дэм – ретинол нь арьсыг торгомсог зөөлөн болгон сэргээж, тосны булчирхайн хэвийн ажиллагааг хангаж байдаг. А амин дэмийг лууван, жүрж, чинжүү, хулуу, чацарганаас авч болно.

PP амин дэм – никотины хүчил нь амьсгалын эд эсийг хянаж, судасны ханыг өргөсгөн цусны эргэлтийг сайжруулдаг. Энэ амин дэм нь мах, элэг, бөөр, исгэгч, хөх тарианы болон хивэгт гурилаар хийсэн талханд ихээр агуулагддаг.

В2 амин дэм – рибофлавин нь арьсны эрүүл байдлыг хадгалж, нүүрсхүчлийн солилцоог дэмжин, тос, уургийг шингээж, цусны улаан бөөмийг үүсгэдэг. Энэ төрлийн амин дэм нь аарц, цөцгий, тарганд ихээр агуулагддаг.

В12 амин дэм – цианокобаламин нь цусанд хэрэгтэй. Энэ амин дэм нь цусны улаан эд эсийг үүсгэдэг. Үхрийн элэг, загас, тахианы маханд ихээр агуулагддаг. В12 амин дэмийг долоо хоногт 2-3 өндөг идэж, тараг уун нөхөж болно.

Төмөр нь арьсыг амьсгалахад сайнаар нөлөөлдөг бөгөөд түүнийг мах, элэг, жимс ногооноос нөхөн авч болно.

Кальци – энэ амин дэм нь харшлын урвалыг бууруулдаг бөгөөд үс, хумсны эрүүл байдал, ургалт, бэхжилтэнд нөлөөлж, мэдрэлийн үйл ажиллагааг тогтворжуулдаг. Кальци нь сардина загас, буйлс, хушны самар болон сүүнд ихээр агуулагддаг байна.


ДҮРЭМ №7: ЦЭВЭР ДААВУУН ХУВЦАС ӨМСӨЖ БАЙ!

Синтетик материалаар хийгдсэн хувцас нь чийгийг шингээж агаарыг нэвтрүүлдэггүй. Ийм материалтай хувцас нь арьсанд хүлэмжийн нөхцлийг бүрдүүлдэг. Харин бидний арьс уушигтай адил хүчилтөрөгчийг шингээхээс гадна нүүрсхүчлийн хийг ялгаруулан гаргаж, амьсгалах ёстой. Түүнийг хэвийн амьсгалуулахын тулд бид цэвэр даавуун хувцас өмсөх нь зүйтэй.


ДҮРЭМ №8: БЭРТЭЖ ГЭМТЭХЭЭС СЭРГИЙЛ!

Арьсны шалбархай, өргөс орох, эсгэсэн байх зэрэг нь олон янзын халдвар өртөхийг нээлттэй болгодог. Ийм тохиолдолд арьсаа идээлтэл нь хүлээлгүй анхаарал тавих хэрэгтэй. Хэрвээ та арьсаа гэмтээсэн л бол шууд крантны урсгал хүйтэн цэвэр усаар угаагаад, дараа нь перекисийн уусмалаар цэвэрлээрэй. Үүний дараа йод юм уу, метилиний цэнхэр, ногоон уусмал түрх. Шархаа хурдан аниулахын тулд норголгүйгээр шархны тууз наах хэрэгтэй шүү.


ДҮРЭМ № 9: ТАМХИ БҮҮ ТАТ!

Арьс зэгэлтэн сааралтах, нүх нь томрох, хуурайших, улцайх, эрт үрчлээтэх зэрэг нь тамхи татан, тогтмол хорт бодисоор хордуулж байгаагийн шинж тэмдэг. Тамхины утаа нь арьсыг муутгаж, нүхийг нь бөглөн арьснй амьсгалах боломжийг хүндрүүлдэг. Тамхинд байдаг никотин, бензопирен болон бусад хорт бодисууд нь уушиг болон арьсанд нэвтэрснээс өдрөөс өдөрт, жилээс жилд тэндээ хуримтлагдсаар байдаг. Тамхины хор нь эд эс болон судсыг мөн адил хордуулна. Үүнд та өөрөө дүн шинжилгээ хийгээд үзээрэй.

ДҮРЭМ №10: АРЬСАА САЛХИ БОЛОН ЖАВРААС ХАМГААЛ  

Даарч хөрснөөс болж ханиад хүрээд зогсохгүй арьс ширүүн болж  хуурайшин үрэвсдэг. Өвлийн цагт арьсаа эрүүл сайхан байлгахын тулд тогтмол цэвэрлэж, тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй. Арьсаа хэт хүйтэн жавар, салхинаас ороолт болон алчуур зүүн хамгаалахыг хичээгээрэй. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.