МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН СОЁРХОЛТ, УРАН НУГАРААЧ Б.НОРОВСАМБУУ
Яагаад бид зорилгодоо хүрсэн, амжилт гаргасан амьдралын тод мөртэй хүмүүсийн яриаг сонсох дуртай байдаг вэ? Учир нь тэдний амжилт, амьдралд хандах хандлага хүмүүсийг гэгээрүүлж, бодрол ухаарлыг хайрладаг.
МҮОНТ-ийн Соёл Урлагийн редакциас 2008-2011 онуудад цувралаар бэлтгэн явуулж байсан “Гэгээн үдэш” урлагийн хөтөлбөрт минь уригдан оролцож, уран бүтээлийнхээ замнал, дурсамжийг хуваалцсан Монголын урлаг соёлын алдартнуудын олон сайхан ярилцлага бидэнд хадгалагдан үлдсэн юм. Эдгээрээс бид уран бүтээлч эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагуудаас дээжлэн авч “emegteichuud”-ийнхээ цахим хуудсаар уламжлан хүргэж байгаадаа баяртай байна. Эхний хуудсаар 18 настайдаа МУГЖ гэсэн эрхэм цолыг хүртэж, домог мэт яригддаг байсан уран нугараач Б.Норовсамбуугийн ярилцлагын хэсгээс хүргэе.
- 70 гаруй жилийн түүхтэй Монголын циркийн урлагийн тухайд та юу хэлэх вэ?
- Урлаг судлаачид үзэхдээ Монголд циркийн урлаг анхнаасаа сонгодог хэлбэрээр үүссэн гэдэг. Учир нь бусад улс оронд циркийн урлаг гудамжны, тайзны, нүүдлийн хэлбэртэй үүсч хөгждөг. Гэтэл Монголын цирк анх үзэгчдэд хөтөлбөрөө нээхдээ л циркийн урлагийн бүх л төрлийг хамарсан сонгодог хөтөлбөртэй байсан. Уран нугаралтын урлаг циркэд анх 1959 онд орж ирсэн. Уран нугаралт маань бусад урлагийг бодвол Монголд түлхүү хөгжиж дэлхийд Монголын нэрийг өргөж ирсэн төрөл юм. Энэ төрлийг хөгжүүлэхэд манай олон сайхан уран бүтээлчид өөрийн хувь нэмрийг оруулж байсан. Тэднээс анхных гэвэл миний багш, Монголын хамгийн анхны уран нугараач МУ-ын ардын жүжигчин, төрийн соёрхолт Цэнд-Аюуш юм. Дараагийн уран нугараач бол гавьяат жүжигчин, төрийн соёрхолт Мажигсүрэн гуай, за тэгээд Доржпалам эгч байгаа юм. Би бол дөрөв дэх уран нугараач болж орсон.
- Анх хэрхэн циркт орж байв, уран нугаралтын урлаг яаж хөл тавив? Дурсамжаасаа хуваалцвал?
- Анх би 1958 онд төрөлх Завхан аймгийн Сонгино сумаасаа Улаанбаатар хотод, циркэд уран нугараач болох гэж ирсэн. Тэр үед би 9 настай байсан. Намайг хөдөөнөөс олж ирсэн хүн бол Мажигсүрэн эгч юм. Анх би хөдөө уран нугаралт гэдгийг Мажигсүрэн эгчийн тоглолтын бичлэг орсон киног сургууль дээрээ үзээд мэдэж авсан. Мэдэж авсан ч гэж дээ тэр киног үзсэнээс хойш л ангийнхаа охидуудтай нийлээд ногоон дээлээ дэвсчээд л кинон дээрх эгчийг дуурайгаад л нугарч өгдөг байлаа. Би унтахдаа хүртэл хөл толгойгоо нийлүүлэх гэж гэдийж унтдаг байсан. Тухайн үед тэр кино хүүхдүүдэд тэгж их нөлөөлж байсан. Нэг өдөр манай суман дээр урлагийн бригад ирсэн юм. Тэрэн дунд нөгөө кинон дээр гарсан Мажигсүрэн эгч маань явж байлаа. Намайг үеийнхнээсээ илүү уян гэдгийг биеийн тамирын багш маань мэдэх учир Мажигсүрэн эгчтэй уулзуулж өгсөн юм. Тэгээд л хэсэг хүмүүс ээжтэй минь ирж ярилцаад намайг хот авч явахаар болсон доо. Ингээд хотод ирж циркэд дагалдангаар суралцаж Цэнд-Аюуш багшийнхаа шавь нь болж орсондоо.
- Анх ямар үзүүлбэр үзүүлж байв. Ямар санагдаж байв?
- Миний циркийн жүжигчин гэж анх дуудуулж тоглож байсан тоглолт бол Хэнтий аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт юм. Харин төв циркийн манежанд бол 1959 оны 12 сарын 31-ны өдөр “Цэцгэн дээрх эрвээхэй” номероороо тоглож байсан.
- Тэгэхээр та 9 настайдаа анх циркэд ирээд л 9 жилийн дараа 18 настайдаа гавьяат жүжигчин болсон. Энэ талаар?
- /инээв/ Гавьяат ч яахав дээ тухайн үеийн улсын бодлого л байсан байх. Нэг их юм хийгээд гийгүүлсэн юм байгаагүй л дээ. Тэр үед улс бас их зөв бодлого баримталж байсан юм шиг байгаа юм. Намайг 18 настайдаа гавьяат авснаас хойш уран нугаралт маш эрчимтэй хөгжсөн. Залуугаасаа хичээн зүтгэвэл ийм амжилтанд хүрж болохыг надаар харуулж өгсөн юм шиг байгаа юм.
- Та мөн төрийн соёрхол хүртсэн шүү дээ. Ямар бүтээлээрээ авав?
- Миний анхны “Цэцгэн дээрх эрвээхэй” номерийг нэг хэсэг хаагаад Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор манай багшид дээрээс цоо шинэ, Монголын циркийн манежанд гарч ирээгүй номер бүтээ гэсэн даалгавар өгсөн юм. Тэгээд би багшийнхаа бүтээсэн тэнцвэрт нугаралтыг анх хийсэн юм. Энэ бол давхар платны номер. Энэ номероороо би гавьяат жүжигчин болж цаашлаад төрийн соёрхолт, ардын жүжигчин болсон. Төрийн соёрхолыг 1971 онд МУИС-ийг төгсөөд авсан. Ер нь төрийн соёрхолыг Монголын уран нугаралтын анхны уран нугараач гэдгээр нь манай багш Цэнд-Аюушд, Монголын уран нугаралтыг гадаадад сурталчлахад их үүрэг гүйцэтгэсэн гэдгээр нь Мажигсүрэн эгчид, Монголын уран нугаралтын сонгодог дүрийг биеэрээ бий болгосон гэдгээр нь надад гэсэн гурван үеийн төлөөлөлд өгч байсан.
- Та гадаад улсад тэр дундаа хөрөнгөтөн орнуудаар их аялан тоглодог байсан. Энэ талаар дурсамжаасаа хуваалцаач?
- Анх 1962 онд Монголын циркийн бүтэн хөтөлбөр ардчилсан Вьетнам улсад тоглолтоор явсан. Тэнд анх багштайгаа хамт явж тоглож байсан. Энэ бол миний хилийн чанадад тоглосон анхны аялал. Хоёр дахь нь гэвэл ЗХУ-ын Москва, Сочи хотод болсон олон улсын найрамдал тоглолтонд явж байлаа. Үүнээс хойш жил алгасалгүй гадны улсуудаар явж тоглосон доо.
Дурсгалтай гэвэл маш олон тохиолдол байдаг л даа. Нэг удаа Бирмийн нийслэл Рангу хотод тоглолтоор явсан. Би чинь тэр үед бараг л нүцгэн шахуу зөвхөн дотуур хувцастайгаа тоглодог байсан. Тэгээд тоглолтонд нөмрөг нөмөрч гарч ирээд тоглолт эхлэхээр нөмрөгөө хаяад л ширээн дээр гардаг байлаа. Тэгээд л тэр тоглолтон дээр нөмрөгөө хаяад л гараад иртэл үзэгчид бүгд нүүрээ дардаг байгаа. Тэгэхэд надад асар их эвгүй сэтгэгдэл төрсөн. Гэвч ямартай ч үргэлж-лүүлэх ёстой байсан. Тэр үед би их туршлагатай болсныг ч хэлэх үү ямар ч байсан дуусгалаа. Тэгээд дараагийнхаа тоглолтон дээр яаж гарах вэ гэж нилээд бодлоо. Яагаад гэвэл надад өөр хувцас байгаагүй юм. Ингээд дараагийнх дээрээ би хөшгөө хаалттай байхад нь дарь-эхийн суултаар суугаад хөшгөө нээлгэсэн юм. Тэгэхэд үзэгчид нүүрээ дарах нь бүү хэл надад мөргөж байсан. Шашных нь зан үйлийг л ашигласан л даа. Ийм л сонин тохиолдол гарч байлаа. За мөн өөр олон хөгжилтэй, бас аймаар ч зүйл гардаг байлаа. Африк, афганистанд дайны үеэр тулааны бүсэд нь ч тоглолтоор явж айж чичирч байлаа гэх мэт олон байдаг.
- Таны шавь нарын хувьд хэн хэн байдаг вэ? Шавь нарынхаа талаар ярьвал?
- 1971 онд МУИС-аа төгсчихөөд анх шавь авах гэж үзлээ. Тэгээд нэг хүүхэд бэлдлээ. Харамсалтай нь тэр хүүхдээ яг шавиа болгож чадаагүй. Тэр маань одоо гавьяат жүжигчин болсон Л.Энхцэцэг юм. Харин дараа нь их сонин бас Энхцэцэг гэдэг хүүхдийг анхныхаа шавь болгож авсан. Тэр шавь маань Куба улсын Гавана хотод болсон олон улсын циркийн тэмцээнээс гран при авч байсан. Би тэр тэмцээний шүүгчээр ажиллаж байсан. Тэр үед шавийгаа гран при авахад маш их бахархаж байлаа. Яагаад вэ гэвэл шавь маань тэмцээний үеэр их хүнд халуун орны халуурдаг ханиад туссан байсан. Би өөрөө өмнө нь энэ ханиадыг тусч байсан учир зовлонг нь мэдэж байсан. Ийм хүнд үедээ илт давуу түрүүлж гран при авсан. Энхцэцэгээс хойш олон л шавь нартай болсон. Би гэхдээ нэг их багшлаад байдаггүй байсан. Зүгээр юу хийх ёстойг нь өөрөө, биеэрээ үзүүлж л сургадаг байлаа.
- Монголын циркийн уран нугаралтын урлагийн хөгжлийн чиг хандлага, ирээдүй ямар харагдаж байна?
- Ер нь уран нугаралтын урлаг бүх л газар хөгжсөн байна. Гэхдээ би 1980-аад оны үед баруун германд тоглолтоор явж байхдаа нэг зүйлийг ойлгосон. Энэ маань юу вэ гэхээр Монголын уран нугаралт хэтэрхий уянгын халилтай номеруудаасаа салж илүү хурц хүчтэй номерууд хэрэгтэй юм байна гэдгийг. Ингээд анх могойн чуулган номероо бүтээсэн. Энэ номероо олон улсын тэмцээнд оруулахад танил шүүгч нар маань надад баяр хүргэж байсан юм. “Норовсамбуу чи энэ бүтээлээрээ монголын циркийн уран нугаралтын урлагт нэгэн дэвшил хийлээ. Хөгжмөөрөө ч, зохиомжоороо ч” гэж. Дашрамд хэлэхэд хөгжмийн зохиолч З. Хангалын хүү Х.Булган агсан миний энэ номерийн хөгжмийг бичиж өгсөн. Мөн олон олон номеруудыг минь түүний хөгжим амьдруулж өгч байсан. Би маш их талархаж явдаг.
- Манай нэвтрүүлэгт биднийг урилгыг авч ирэн өөрийн сонирхолтой дурсамж, уран нугаралтын урлагийн талаар сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Танд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Төгсгөлд нь үзэгчдэдээ хандаж хэлэх үг?
- Баярлалаа та бүхэнд. Үзэгчдэдээ хандаж хэлэхэд уран бүтээлчид биднийг үргэлж дэмжиж биднийг зоригжуулж алга ташалтаараа мялааж явдагт баярлаж явдаг шүү.
Ярилцсан:Урлаг судлалын ухааны доктор Д.Энхцэцэг
