“Домогт Ану хатан” жүжиг дахин тайзнаа амилна

 

Ойрадын түүхэн сэдэвт анхны тайзны уран бүтээл болох “Домогт Ану хатан” жүжиг Улсын Драмын Эрдмийн Театртын тайзнаа 2-р сарын 1-5 өдрүүдэд дахин тоглогдоно.

Ерөнхий зохион байгуулагч: түүх соёл, хэл бичиг судлалын “Тод номын гэрэл” төвАну хатан бол 1696 онд одоогийн Улаанбаатар хотоос 45км зайтай Тэрэлжийн Зуун мод гэдэг газар Oйрадын Хаан Галдан Бошгот, манжийн Энх-Амгалан хааны гурван замын цэрэгтэй хийсэн шийдвэрлэх тулалдаанд амь насаа алдсан баатарлаг эмэгтэй, түүхэн хүн. Ану хатан Монголын тусгаар тогтнолын төлөө шийдвэрлэх тулалдаанд амь насаа зориулахаар эрслэн шийдэж, мориндоо бугын баг зүүлгэсэн гэсэн домог бий. Ийнхүү Монголын тусгаар тогтнолын төлөө тулалдааны талбарт амь эрсэдсэнээрээ Ану хатан Монголын түүхэнд мөнхөрсөн, төр барьж байсан бусад олон хатдаас ялгардаг.
Ану хатны угсаа гарлын тухайд Ойрадын хамгийн хучирхэг хоёр аймгийн нэг хошуудын тэргүүн Очирт цэцэн ханы охин буюу ач охин нь байсан хэмээн санал зөрдөг. Хошууд аймаг бол эзэн Чингис хааны дүү, хавт Хасарын удам, боржгин овгоос үүсэлтэй. Очирт цэцэн бол дөрвөн Ойрадын холбооны чуулганы тэргүүн байсан Ойрадын томоохон удирдагчдын нэг. Ану хатан бичиг номтой, цэргийн эрдэмд гаргуун байсан тул 1679 онд хасагийн Янгир султантай Галдан Бошготын хийсэн тулалдаанд хамт явсан тухай түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.
Одоо элсний карьер болчихсон Тэрэлжийн Зуун мод хэмээх элсэн тасархайд Ойрад монголчууд, манжийн цэргийн хооронд хүч тэнцвэргүй тулалдаан болж, Галдан Бошгот Хааны эрэлхэг жанжин Булад, Хожуу нар болон Ану хатан нь амь эрсэдсэнийг Манжийн хааны түүхэн эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Зуун модны тулалдаанд Ойрадын гучин мянган цэрэг, Манжийн гурван замын хоёр зуун мянган цэрэгтэй эрэлхэгээр байлдсан юм. Харамсалтай нь манжийн гурван замын цэрэгт өвөр монгол, халх монголын зарим ноёдын цэрэг хүч хамсран элэг нэгт Ойрадуудын эсрэг зэвсэг барин тулалдсан байдаг.
Ану хатан энэ тулалдаанд манжийн бүслэлтийг сэтлэн эр нөхөр, хүүгийнхээ амь насыг авран өөрөө амиа алдсан хайр сэтгэлдээ үнэнч, халуун эх оронч монгол бүсгүй юм. Хайрт хатныхаа ачаар манжийн буслэлтээс гарсан Галдан Бошгот амь эрсэдсэн хатныхаа шарилыг одоогийн Архангай аймгийн Хотонт (Хатант) сумын орчимд бунхалсан гэсэн домог бий. Туул голын эрэг орчим, Заан Тэрэлжийн Зуун модонд улаан хулгана жилийн зуны эхэн сард буюу аргын 1696 оны тавдугаар сарын 13-нд болсон тулалдаанд Галдан бошгитын цэрэг ялагдсаны дараа Халх Манжид бүрэн дагаар орсон юм.

У. Чулуунчимэг

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.