32-ын тойргийн аарц зардаг эмээ: “Алтан Москва үзэхсэн”

Амласан ёсоороо 32-ын тойрог хавьцаа “аарцчин” эмээгээ хүлээж байгаад ярилцлага авлаа. Эмээ маань Бүрд худалдааны төвийн үсчин дотор аарцаа зараад сууж байна. Дээш доош өнгөлзөж өөрийг нь хайж явааг мэдсэн бололтой, эмээ намайг хэзээний танил шиг инээн угтлаа.
-Сайн байна уу? Эмээ таны нас сүүдэр хэд вэ? Аль нутгийн хүн бэ?
-Эмээ нь Архангай аймгийн хүн. Одоо 70 хүрч явна. Нутгаасаа хотод орж ирээд 12 жил амьдарч байна.
-Нутгийнхаа тухай яриач... Хэзээ хамгийн сүүлд нутаг орсон бэ?
-Аврагын барианд хүргэсэн Алтан цайдам, Улаан чулуут минь гэж үргэлж л нутаг усаа бодож явдаг юм. Нутагтаа байхдаа би аврага малчин байлаа. Маллаагүй мал гэж байхгүй. Одоо нутагтаа байсан бол эрүүл агаарт, гэртээ дээл хувцас оёод арьс ширээ илдээд сууж байх байсан даа.
-Та яагаад хотод орж ирэх болсон юм бэ?
-Ардчилал гарснаас хойш архидалт гэдэг муухай асуудал олон гэр бүлийг дайрсан. Манайх тэр олон айлын нэг болж гэр бүлийн хүн маань архи уудаг болсноос хойш би хоёр охиноо дагуулаад хотод орж ирсэн. Малынхаа буянаар энд орж ирээд хашаа байшин худалдаж аваад, тэрнээс хойш сайхан л амьдарч байна.
-Эмээ, үр хүүхдүүдийнхээ тухай яриач?
-Эмээ нь найман хүүхэдтэй хүн. Одоо том хүү маань 50 настай бага хүү маань 28 настай байна. Хоёр охинтойгоо анх орж ирэхэд нэг охин маань их сургуульд нөгөө охин маань арван жилийн сургуулийн хүүхдүүд байлаа. Одоо бүгд л хадамд гарч өөрийн гэсэн гэр оронтой болцгоосон байна. Эмээд нь олон сайхан ач зээ бий.
-Аарц зарж эхэлсэн түүхээ яриач?
-Хөдөөний бид чинь цагаан идээндээ их сүжигтэй, хотод орж ирээд хоёр хүүхдийнхээ сургалтын төлбөр хоолны мөнгө гээд энэ бүгдийг олох гэж амьдралын эрхээр л зарж эхэлсэндээ. Өөрөө ч гэсэн сүүтэй цай уухгүй бол толгой өвдөөд, ядаж л цайныхаа сүүг олох хэрэгтэй болсон. Эхлээд 50 төгрөгөөр цай зардаг байгаад, удахгүй аарц зардаг болсон. Аарцаа 7 жил 100 төгрөгөөр зарсандаа. Цагаан юм болохоор хүмүүс дургүйцэхгүй байхаа гэж бодсон. Тэгээд ч өдөрт 1000 төгрөг олчихно, хүний царай харж амьдрахгүй шүү дээ.
-Аарцаа зараад хүүдээ хашаа байшин авч өгсөн гэж сонссон, энэ үнэн үү?
-Үнээн, хүүдээ 2006 онд 6 саяар хашаа байшин авч өгсөн. Харсан болгоноо авч мөнгөө үрэхгүйгээр цааш нь хийсээр цуглуулсан хэд гурван юмаараа бас улсаас өгдөг тэтгэвэр мөнгө бүгдийг нь л цуглуулсан.
-Одоо харин хуримтлуулсан мөнгөөрөө юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Одоо миний хийх ажил дууссөөн. Гэр орондоо идэх уух юм аваад л хэрэглээнийхээ мөнгийг олж байна. Гэхдээ одоо би хүүхдүүддээ хэлдэг юм. Хот газар хэцүү, хөдөө бол талийгаач болсон хүнийг бага зардлаар хөдөөлүүлдэг. Тийм болохоор өөрийнхөө хөдөөлгөний мөнгийг л үр хүүхэддээ үлдээе гэж банканд мөнгө цуглуулж байгаа. Одоо ч тэр, үгүй болсон ч тэр үр хүүхэддээ дараас болохыг хүсдэггүй.
-Хотод ирэхэд тань хэцүү зүйл байв уу?
-Тийм юм ер байгаагүй ээ. Хөдөө байхад би уушгаар хатгуулж өвдөөд, ханиалгаад жигтэйхэн байдаг байсан. Хоёр хүүхэддээ за за тэр нүүрсний утаа уушгинд муу гэдэг юм байна лээ, ээж нь хотод ороод хоёрхон жил амьдраад л тэгээд үхэх байхдаа гэж байсан. Тэгсэн харин 12 жил энд амьдрахдаа нэг ч удаа ханиад хүрсэнгүй шүү. / инээв / Баян хангай өршөөж байгаа юм байлгүй дээ.
-Та тэгвэл их бие сайтай байх нь ээ...
-Сайн сайн. Хааяа харин хурц юм идчихээр жаахан хэцүү байдаг юм. Нэг удаа гэртээ очсон чинь охин аяга цай чанаад бууз хийгээд тавьчихаж. Нэгэнт хийчихсэн юм чинь гээд тэрийг нь идчихсэн чинь хэцүүдээд түргэн дуудаж эмнэлэгт очлоо. Хамаг шинжилгээг нь хийлгэсэн чинь эмч нь таны бие бараг л залуу хүнийх шиг эрүүл байна гэж хэлдэг байгаа. Бас нэг удаа гадуур явж байгаад аарцнаасаа нэг аягыг уучихсан чинь бас л хэцүүдвээ. Төмөр авдаг хүүгийнд аарцаа зарахаар очоод байсан юм. Тэгээд би хэлсэн за хүү минь эмээгийнх нь бие эвгүй байна, янз бүр болвол эмээгийнх нь өвөрт мөнгө байгаа авч таксидаж гэрт минь хүргэж өгөөд эргэж харих мөнгөө аваарай гэсэн харин гайгүй өнгөрсөн.
-Тэгвэл хотод ирэхэд хамгийн сайхан зүйл нь юу байсан бэ?
-Ирснээсээ хойш... /бодов/ Энэ зун нутгаас хоёр дүү ирж 90 жилийн нээлт үзүүлсэн. Тэр л их сайхан байсан. Зурагтаар харах, нүдээр харах хоёр чинь тэнгэр газар шиг ялгаатай байдаг юм байна лээ. Тэр 90 жилийн нээлт ёстой сайхан болсон. Амьд явсных тийм сайхан юм үзсэн. Би уг нь Алтан Москва үзье гээд үнээ саагаад дийлээгүй юм. Уг нь тэр үед гадаад паспорт авч өгсөн. Тэр Алтан Москвагаа ч үзэж чадаагүй. Эмээ газар нутаг л үзэх дуртай. Өөр тэр идэх уух юманд дургүй ээ. Архи дарс, чихэр жимс гээд л.
-Эмээ хааяадаа амрах уу?
-Үгүй ээ, зүгээр суухаар нөгөө өвддөггүй бие чинь өвдөөд эхэлдэг юм. Цагаан сараар хоёр хоног амарчихаар л өвдөөд эхэлнэ. Тэгэхээр нь л түмпэн савтайгаа зууралдаад, шал шавхайгаа зүлгээд, гадаа гараад хог шүүрдээд зогсчихдог юм. Гудамжныхаа хогийг шүүрдээд шуудайнд хийгээд зогсож байхаар хүмүүс загнаад л, эмээ ямар балай юм хүйтэнд хог шүүрдлээ гээд.
-Тэтгэвэр, эх орны хишиг гээд авч байна уу эмээ?
-Би социализмын үед 550 төгрөгний цалинтай байсан. Гэхдээ тэтгэвэр тогтоолгохдоо 320 төгрөгөөр тогтоолгоод, за ёстой сайхан боллоо. Одоо хөгширсөн хойноо л жаргал эдлэх нь гэж бодож байсан. Тэгсэн харин ардчилал гараад малчдад тэтгэвэр нэмж олгохгүй гээд хамаг л мал хунартай нь ноцолдож байсан хүмүүст тэтгэвэрийн доод хэмжээ тогтоосон. Бас найман хүүхэд төрүүлж өсгөсөн гээд Алдарт эхийн нэгдүгээр одонтой. Тэр мөнгөө бол авчихдаг юм.
-Хүмүүс “Одоогийн залуучуудыг уу?” гээд л халагладаг болж. Та залуучууддаа хандаж захиж хэлэх үг байна уу?
-Би хөдөлмөр хийсэн хүнд их дуртай. Хөдөлмөр хийдэггүй хүнийг харахаар миний уур хүрээд байдаг юм. Хэдэн хүүхдүүдээ ч гэсэн санаагаараа хөдөлгөж байхыг л хүсдэг. Муу хүн гэж байна уу гэхээс муу хөдөлмөр гэж байдаггүй. Муу муухай ажил гэж байхгүй, ямар ч ажлыг сайн хийгээд сурчих юм бол ажил бүхэн л сайхан. Зүгээр суугаад олсон мөнгө хүнд юм болдоггүй, зүгээр суугаад олчихсон шүү дээ гээд л зүгээр л зараад дуусгачихдаг. 100 төгрөг байсан ч цааш нь хийвэл усны мөнгө шүү дээ. Заавал мэргэжил мэдлэг боловсрол хэрэггүй.
-Мэргэжил боловсрол хэрэггүй гэж үү?
-Их сургууль төгссөн хүүхдүүд ажилгүй л явж байна шүү дээ. Эмээ нь бол дөрөвхөн жилийн боловсролтой 50-аад онд төгссөн. Тэгсэн мөртлөө л амьдраад байна. Би хүүхдүүддээ “Би ХААИС төгссөн эмчээс дээр” гэж хэлдэг юм. Малын яс хугарахад бариад л эдгээчихдэг, малаа ямар нэгэн аргаар үхүүлэхгүй байна. Чамайг жирэмсэн байхад би тэдэн сарын тэдний өдөр гэж тоолоод хэлэхэд тэр өдөр л төрнө. Намайг хөдөө байхад айлын охин 80 онд төрөх гээд 5 сарын 13-нд сарын тэмдэг нь зогссон гэхэд нь би тоолоод 1 сарын 20-ны өдөр төрөх юм байна гэсэн. Аав нь намайг загнаад хэнхэгтэй авгай вэ, хэнхэглээд чи юу мэдэх юм, дөрвөн жилийн боловсролтой байж яаж хүний төрөхийг мэдэх юм ямар эмч бишдээ гээд миний үгийг аваагүй. Тэгсэн харин 1 сарын 20-ны өдөр төрчихсөн.
-Та яаж мэддэг юм бэ?
-Ардын ухаан бас шинжлэх ухааны жаал жуул юмаар тоолоод л гаргадаг юм. Үнээ малаа хүртэл төрөх өдрийг нь яг л мэддэг байсан даа.
-Таныг энэ хавийн хүмүүс бас “барьдаг” гэж байсан?
-Барих бол цаанаасаа авъяас л байх гэж боддог юм. Манай удамд их алдартай бариач байсан юм гэнэлээ. Тэгээд л энэ хэд маань намайг дуудаад толгой өвдөөд байна бариад өгөөч гэх юм. Би чинь аарцыг минь авч тусладаг хүмүүстээ бас л тус болох гээд бариад өгнө. Тэгэхээр нээрэн сайхан болчихлоо гээд дам дамаа яриад л одоо хүрч ирж бариулдаг болоод байгаа.
-Тэгвэл тархи толгой минь хөдөлвөл таниар бариулж болох нь ээ. - Муу ёр. /ширээ тогшив/
-Энэ хавьд таныг танихгүй хүн гэж байхгүй болжээ.
-Харин тийм. Надад таних хүн байхгүй, намайг танихгүй хүн байхгүй л болоод байна. Энд хоёр хүүхэд ноцолдож байхад нь хүүе болиорой гэхэд өө аарцны эмээ байна гэнэ. Сургуулийн хүүхдүүд хүртэл баярламаар, энэ 57 дугаар сургуулийн хүүхдүүд намайг гудамжаар явж байхад хөөх энэ эмээгийн аарц ёстой янзтай гоё шүү, энэ эмээ аарц зардаг шүү дээ гэнэ. 17 дугаар сургуулийн хажуугаар ч гэсэн явахаар энэ эмээгийн аарц их гоё манайх авч уудаг юм гээд л нэгэндээ тэгж ярьдаг юм. Муу юм хийдэг байсан бол энэ муу эмээ ёстой муухай юм зардаг гэх байсан байх. Тэгэхээр хүний сэтгэлд хүрч л юм хийх ёстой. Сэтгэл санаа хэцүү үед хүртэл аарцны минь амт жаахан тийм болчихдог, эд нар маань өнөөдөр таны аарц яагаа вэ? гээд л. Эмээгийнх нь сэтгэл санаа өнөөдөр тийм байнаа гэж хэлдэг юм. Тиймээс би аарцаа буцалгахдаа сайхан зүйл бодож байж чанадаг.
-Та явах гээд л яараад байна уу даа. Нээрэн та ажилынхаа хуваарийн талаар яриач? Өдөрт ойролцоогоор хэдэн төгрөгний орлого олдог вэ?
-Харин тиймээ. Өвөлдөө 7000 мянга орчим төгрөг олноо. Зун хааяа жаахан аарц үлдэнэ. Тэгэхээр нь гэртээ аваачаад хүүхдүүддээ уулгачихна. Эмээ нь өглөө 6 цагт босч цайгаа чанаад, дараа нь аарцаа буцалгаад гэрээсээ 9 гээд гардаг. Таван буудлаас эхлээд аарцаа зарж явсаар хамгийн сүүлд энэ Бүрд худалдааны төв дээр ирээд 13 цаг гэхэд харьчихдаг юм. Тэгээд л гэртээ очоод усандаа яваад ахиад л аарцаа буцалгаад эргэж гарч ирнэ. Ингээд ажил орой 6 цагт дууснадаа. Одоо эмээ нь явалгүй нь горьгүй. Ажил хэцүүдэхнэ гэсээр яаран явж одсон юм. Цаг аль хэдий нь үдийн 13 цаг болсон байлаа.
Б.Гэрэлмаа







