“ӨӨР ЗАМААР” (цуврал нийтлэлийн 3-р хэсэг)

Гурав. Шинэ намын дарга Ганцаараа ухуулах хуудас нааж, хашааны ёроолд чичирч зогссон минь улс төрийн тэмцэл хараахан биш ажээ. Нэгэнт улс төр гэдэг эрсдэлтэй, эсэргүүцэл ихтэй, зориг шаардсан зүйл болохоор олон хүн нийлж байж энэ “ажлыг” гүйцэтгэдэг аж. Энэхүү олон хүний багийг “нам” гэнэ. Улс төрийн шинэ намууд 1990 оны 2-р сараас эхлэн эрчимтэй бүрэлдэж эхлэв. Анх удаа Монголд “Монголын Ардчилсан Нам”, “Монголын Үндэсний Дэвшлийн нам”, “Социал Демократ нам” гэх намууд байгуулагдав. Бүгд ардчилал, эрх чөлөө, чөлөөт зах зээлийг Монголд авчирахын төлөө байгуулагдсан ажээ. Гэнэт олон нам гарч ирмэгц сонголт хийх гэдэг шинэ асуудалтай тулгарч үзэв. Хот орох бүртээ шинэ намуудын уулзалтуудад сууж, аль нам нь юу ярьдгийг судалж явав. Ирээд аавд нэгд нэгэнгүй тайлагнана. Ээж маань МАХН-ын гишүүн байсан болохоор тэр намаас надад урилга ирнэ. Би нэгэнт сонголттой орчинд энэ намд элсэхгүй гэж хариулдаг байв. Сонголтгүй орчинд байгаа ганц намд элссэн нь ээжийн үеийнхний хувь заяа. Харин сонголттой орчинд миний улс төрийн хувь заяа зөвхөн надаас шалтгаалах ёстой байлаа. Иймээс нэлээд бодож байж сонгохыг хүсэв. Болдогсон бол шинэ байгуулагдсан гурван намд гурвууланд нь ормоор байлаа. Тэдний ярьж байгаа зүйл надад үргэлж таалагдаж байв. Энэ гурван нам нэгдмэл нэг нам байсан бол би тэр дороо л элсчихмээр байв. Ингэж бодож, шийдэж чадахгүй явтал 1992 оны хавар болов. Нэг өдөр үдийн цайндаа явж байхдаа Мөрөн хотын төвд байрлах 14-р байрны цонхон доогуур явж таарав. “Оюунгэрэл ээ” гэж тагтнаас нэг хүн дуудлаа. Дээш хартал манай сургуулийн математикийн багш байгаад дараа нь аймгийн Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга болсон Содномдаржаа гуай байна. “Манайд ороод ир” “Би юу?” “Тийм ээ, чи. Дунд орцны 2р давхар голын хаалга” “За” Багшийнд ортол буйдан сандлууд тойруулж тавьсан байх агаад хоёр танихгүй хүн сууцгааж харагдана. Багш намайг танилцуулж, “Энэ миний шавь. Та нарт яг таарах хүн. Миний оронд Оюунгэрэлийг ав” гэлээ. Би яг юунд багшийг орлох болчихсоноо хараахан мэдээгүй тул гайхан яриаг нь чагнаж ажиглалаа. Хоёр танихгүй хүн хотоос ирсэн ажээ. Нэг нь эрэгтэй агаад би нэрийг нь огт тогтоолгүй үлджээ. Харин эмэгтэйг нь Бямбаа гэх бөгөөд тэр эгчийн нэрийг шууд тогтоов. Танихгүй хүмүүстэй мэдэхгүй сэдвээр уулзаж байгаа 23 настай залуу эмэгтэйд хамгийн ойр дотнын зүйл л толгойд хадгалагдаж үлддэг ажээ. Миний хувьд Бямбаа гэдэг эгч шууд л дотно санагдсан тул би энэ эмэгтэйн яриаг л голлон сонсож байлаа. Бямбаа эгч Сэргэн Мандлын Нам хэмээх шинэ намын гишүүн ажээ. Энэ нам 1991 оны 12-р сард байгуулагдсан бөгөөд одоо байгуулагдсанаасаа хойш 3 сарын дотор хөдөөгүүр явж салбараа байгуулж байгаа гэнэ. Энэ удаад Хөвсгөл аймагт салбараа байгуулахаар ирсэн бөгөөд аймгийнхаа намын даргаар Содномдаржаа багшийг ажиллаач гэж санал болгосон гэж би ойлгов. Багш өөрийн харъяалагддаг Монгол Ардын Хувьсгалт намаас татгалзах бодолгүй байгаа тул саналыг нь хүлээж аваагүй ч найз нөхдийн ёсоор өөрийнх нь өрсөлдөгч болох гэж байгаа шинэ намд дарга олж өгөхөөр болсон нь тэр байжээ. Сэргэн Мандлын нам нэг ёсондоо МАХН-ын “дайсан” болох учиртай байлаа. Тэр шинэ намыг байгуулсан Зарыдхан, Бямбасүрэн, Цолмон, Лоохууз, Нямбуу гээд ихэнх удирдагч нар нь МАХН-аа шүүмжлэн тасран гарсан бөгөөд Сэргэн мандлын намын Хөвсгөл аймгийн шинэхэн гишүүд ч МАХН-ын хуучин гишүүдээс бүрдэж байжээ. Ингээд Содномдаржаа багш “өврөөс гарсан дайснууддаа” дарга олж өгөх гуйлганд яаж хариу өгөхөө мэдэхгүй байсан тул тагтан дээрээ цаг нөхцөөн, уртаар санаа алдаж байх мөчид би доогуур нь алхан явж таарсан байж. “Чамайг намын дарга болж чадна гэвэл өнөө орой болох хурлаар нэрийг чинь дэвшүүлье” гэж Бямбаа эгч хэллээ. Багш руу хартал Содномдаржаа багш итгэлтэйгээр толгой дохиж байна. “Би чадна” гээд хэлчихлээ. Ингээд зургаахан цагийн дараа гэхэд нэгэн жижиг өрөөнд 10 гаруй хүн цугларсан бэсрэгхэн улс төрийн хурал болж би Хөвсгөл аймгийн Сэргэн Мандлын Намын анхны дарга боллоо. Гэртээ ирээд аавд энэ тухай хэлтэл баяр хүргэж байна. Ямар ч байсан загнаагүйд нь би өнөөдөр ихэд баярладаг билээ. Эмэгтэй хүнийг улс төрд ороход тохиолддог хамгийн анхны бэрхшээл бол гэр бүлийн дарамт, үл хүлээн зөвшөөрөлт байдаг атал аавд энэ удаад тийм зүйл ажиглагдсангүйгээр үл барам намайг дэмжинэ гэдгээ илэрхийлж байх юм. Гэвч аавын энэ дэмжлэг миний амбийц дээшлэх тусам буурахыг би ажигласан бөгөөд энэ тухай дараагийн бүлгүүдэд өгүүлнэ. Харин одоогоор би харьцангуй цөөхөн хүнтэй газарт, харьцангүй доод дунд зэргийн түвшинд дарга болж байгаа тул гэр бүл ийнхүү шууд хүлээн зөвшөөрч эхэлсэн билээ. Сэргэн мандлын намын аймгийн дарга болох мөчид би Хөвсгөл аймгийн Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн дарга байсан юм. Энэ ажлынхаа хүрээнд радиогоор ярьж, хэвлэлд нийтлэл бичиж эхэлсэн туршлагатай болжээ. Гэтэл намын дарга гэдэг утгаар анх удаа телевизэд ярилцлага өгөх хэрэг гарав. Хөвсгөл аймгийн Гэгээ телевизийн ганц идэвхитэн сэтгүүлч, үүсгэн байгуулагч, дарга нь болох Пүрэвдорж ах намайг студидээ урьж манай намын тухай баахан асуулаа. Би энэ намыг яагаад дэмжих болсноо тайлбарлав. Яг юу ярьснаа санахгүй ч, ямар ч байсан энэ нийгэмд олон ургальч үзэл хэрэгтэй болохоор би дэмжиж байна гэсэн утгатай зүйл яриад орхив. Орой гэртээ ихэд баяртай иртэл нагац ах Доржсонин ирсэн байна. Ах ихэд уурсчээ. Ихэвчлэн хошигнож явдаг, инээд алдан уулздаг ах маань хөмсөг зангидан шууд л зандарч эхлэв. “Чи яагаад ээжийнхээ намын эсрэг яваад байгаа юм. Ичдэггүй юм уу, чи” гэж ах загналаа. “Юун эсрэг явах. Би өөрийнхөө сонголтоор л явж байна шүү дээ. Ээжийн ямар намд байсан нь ямар хамаатай юм” “Өө чи бүр ингэж ярьдаг болсон уу” гээд Доржсонин ах босоод ирэв. “Та нарын үед ямар ч сонголтгүй байсан шүү дээ. Одоо би сонголт байсаар байхад заавал МАХН-д орж яах юм. Ээж байсан бол зөвшөөрөх л байсан. Тан шиг муйхарлахгүй дээ” Энэ үг ахын цочир уурыг гэнэт асааж над руу гар далайлгаж орхих нь тэр. Өдий болтол ах бид хоёрын мэтгэлцээнэрхүү юмыг шоолонгуй хараад сууж байсан аав гэнэт үсрэн босч Доржсонин ахын далайсан гарыг над дээр буухаас нь өмнө бариад авлаа. “Хөөё Сонион, чи наад уураа дар. Улс төрөөс болж зодолдохгүй шүү хө,” гэж аав шоолонгуй инээгээд, “наана чинь нийгэм өөрчлөгдөөд байна. Залуучууд өөр юм бодоод байна. Битгий ингэж мунхагла.” “Харин та битгий энэ задарсан охиноо өмөөрөөд бай” гэж Доржсонин ах захаа засаад, “Би Оюунгэрэлийн ээжийг үхлүүт байхад орных нь дэргэд сууж эгчийнхээ насаараа зүтгэсэн намд нь элсэнэ гэж амласан юм. Тэгтэл охиных нь байж байгааг хар” гэж уйлах шахам хэлэв. Би ахыг ойлгож байлаа. Ах бол олон жил хээр хөдөө явж геологийн цооног өрөмдөж, хээр хөдөөгийн тоос шороогоор хийморио сэргээж явсан ажилчин бөгөөд хэзээ ч улс төрд орох тухай зүүдэлж байгаагүй, намд ч элсэж байгаагүй юм. Гэтэл ээжийн бие муудаж, ах дүүсээрээ ээжид урам зориг өгөх гэж хичээж байх тэр өдрүүдэд сайхан сэтгэлийн угаас эгчийнхээ намд нь элсэж, итгэл үнэмшлийг нь үргэлжлүүлье гэж амлажээ. Ах ийн улс төрч болоод удаагүй байтал ардчилал эхэлж, мань мэтийн залуус шинэ намыг сонгож эхэлсэн нь тэр байв. Доржсонин ахын нулимс дуслуулан хэлсэн зүйлийн өөдөөс би ч бас өөрийгөө өмөөрөх хэрэгтэй болов. “Та наад МАХН-даа л ажилла. Би шинэ намдаа ажиллая. Нэг гэр бүлд олон үзэл санаатай хүмүүс байж болно шүү дээ. Нэг нэгнийхээ үзэл бодлыг хүндэлж явъя” гэлээ. Намайг арай өөр зүйл хэлэх байх гэж бодож байсан Доржсонин ах уурлан хаалга саван гарч одлоо. Ахын уур хилэн удаан үргэлжлээгүй бөгөөд хэдхэн сарын дараа гэхэд бид олон нам байх ёстой гэдэг соёлд бүрэн дасан зохицосон байлаа. Доржсонин ахын ах Лувсандорж Социал демократ намд элсэж, Дархан хилийн төлөө хөдөлгөөний аймгийн тэргүүн болсон бөгөөд, аль 1990 онд Дорнод аймагт өлсгөлөн зарлаж байсан МоАХ-ны партизан хүргэн ах Батбаярыг ч ах дүүсээрээ бүрэн хүлээн зөвшөөрдөг болсон байв. Гэхдээ энд зөвхөн эмэгтэй намын даргын хувьд учирсан бэрхшээлийг тодруулж дурдая. Лувсандорж ах надаас ч өмнө Дархан хилийн төлөө хөдөлгөөний дарга болж, надаас ч өмнө Социал демократ намд элссэн юм. Батбаяр ах бүр хоёр жилийн өмнө өлсгөлөн зарлахад оролцсон партизан байлаа. МоАХ, Социал демоктрат намууд аль аль нь МАХН-ыг эсэргүүцсэн шууд сөрөг хүчин нь байв. Аль ч тохиолдолд нь Доржсонин ах гэр бүлдээ байгаа “хөвгүүдийг” огт шүүмжлээгүй юм. Яагаад гэвэл Лувсандорж ах, Батбаяр ах нар “эр хүн” учраас толгой мэдэн шийдвэр гаргах бичигдээгүй бүрэн эрх чөлөөтэй ажээ. Харин би эмэгтэй байтлаа намын дарга болж, олны өмнө ил тод үүнийгээ ярьсан нь Доржсонин ахын уурыг хүргэсэн ажээ. Энэ бол зөвхөн манай гэрт тохиолдсон зүйл биш бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт яг адилхан шийдвэрийн төлөө эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр өөрөөр “шийтгүүлдэг” явдал байсаар байна. Эрчүүдийг өөр намд элслээ гэхэд нөгөө намд байгаа ах нар нь сайндаа л ярвайгаад өнгөрч байхад, эмэгтэй хүнийг өөр намд элслээ гэхэд хэн нэгэн түүн рүү биечлэн гар далайх явдал гарах магадлалтай бөгөөд энэ жишээгээр ялгаатай хандлага илрэнэ. Ийм ч учраас эмэгтэй хүн улс төрд орох анхны алхам нь эрчүүдийнхээс хамаагүй илүү хувийн эрсдэлтэй байдаг юм. Энэ бол улс төр дэх эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш бус гарааны нөхцөл, эрчүүдийнхээс “өөр замаар” явахын дөнгөж эхлэл нь билээ.

Ц.Оюунгэрэл

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.