“Өдөр бүр 40 хүнээс хайрын үг сонсдог”

Адъяасүрэн овогтой Амартүвшин нь ЗХУ-ын Вольск хотын Цэцэрлэгийн багшийн сургуулийг төгссөн, ЧД-ийн 2011 оны мэргэжлийн аварга багш, Чд-ийн 2011 оны хөдөлмөрийн аварга
- Одоогийн хүүхдүүдийн онцлог? 2000 оноос хойш төрсөн хүүхдүүдийг индиго хүүхдүүд гэж тодорхойлж байгаа энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
- Мэдээж хүүхэд бүрээ индиго байгаасай гэж хүсдэг. Хүүхэд бүхэн багадаа индиго төрөлх шинжтэй байж байгаад өсөж том болж иргэншихийн хэрээр индиго хэв шинжээ алдаж байгаа гэдэгтэй би санал нийлдэг. Бид индиго хүүхдүүд биднийг аварна гэж бодож суухын оронд хүүхэд бүртээ байгаа тэр эрхэм сайхан чанарыг нь хөгжүүлж чадвал ирээдүйгээ аварч байнаа гэсэн үг. Тэгэхээр би 47 индиготой. Багш хүн судлаач байдаг болоод ч тэр үү хүүхэд бүр маань аль нэг талаараа бусдаасаа өөр өөр , тэдэнтэй нэг бүрчлэн , нэг үгээр хэлбэл 47 янзаар харьцах аргаа олохыг хичээж байдаг.
- Хүүхдийн ертөнцийг цөөн үгээр хэлбэл?
- Хайрын ертөнц
- Цэцэрлэгийн багш таны хүссэн мэргэжил мөн үү?
- Багш болно гэж мөрөөдсөөр байгаад л багш болсон. Бидний үед багш хүн маш нэр хүндтэй, эрхэм хүмүүс байлаа. Ер нь багш нар болоод урлагийнхан сэтгэлийн дуудлагаар мэргэжлээ сонгодог гэж би боддог. Гэхдээ одоо үед хүүхдүүд багшийн мэргэжлийг сонгохоо больсонд их харамсаж явдаг. Хүүхдүүдээс ямар мэргэжилтэй болох вэ? гэхэд багш гэж хэлэх хүүхэд ер нь ховорхон шүү. Энэ мэдээж боловсролыг тэргүүлэх салбар гэж аман дээрээ ярьдаг ам ажлын зөрүү л буруутай.
- Хүүхэдтэй ажиллах хэцүү, дуу чимээ гээд, энэ бүхэн танд хэцүү байдаг уу?
- Мэдээж хэцүү гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ хэцүүгийн цаана сайхан зүйлс зөндөө. Хүүхэд хичээж хичээж нэг бүтээл хийгээд түүнийгээ би чадсан гээд нүд нь гэрэлтэхийг харах хичнээн сайхан. Тэдний зүтгэлээ гаргасан юмыг магтаад өгөөсэй, би чаднаа гэсэн итгэлийг нь, урмыг нь битгий нугалаасай гэсэндээ эцэг эхчүүддээ миний хүүхдүүд өнөөдөр ийм юм хийсэн шүү. Нэг зураас ч байсан их хичээл зүтгэл гаргасан, үүнд нь их ач холбогдол өгөөрэй гээд байнга хэлдэг. Яг ажил дээрээ тэр их чимээ, шуугианыг мэдрэхгүй өнгөрдөг. Танд өдөр бүр 40 хүүхэд хайртай шүү гэж хэлэхэд ямар их хүч чадал авах нь ойлгомжтой. Харин гэртээ ирсэн хойноо л хичнээн ядарснаа мэдэрдэг дээ. Хүүхдүүд маань гэрт орж ирэнгүүт л хөгжим сонсож байсан бол унтраагаад л, зурагтныхаа дууг багасгаад л аль болох чимээгүй байхыг хичээдэг шүү.
- Таны мэргэжлийн бахархал?
Хүүхдүүдээ учиргүй их эрдэм мэдлэгтэй болоосой гэхээсээ илүү юуны өмнө хүн болоосой гэж би хүсдэг. Өмнө нь ямар нэгэн асуудал тулгарахад болохгүй байнаа гэхээсээ болгоё гээд арга зам хайж , түүндээ хүрдэг болгохыг зорьдог. Тэгээд багшаа би чадчихлаа гэхэд л би ч бас чадлаа гэж бахархдаг. Нэг удаа хүүхдийн эцэг эх цэцэрлэгт гурван мэлхий авчирч өгсөн юм. Нэг нь нэг нүдгүй, нөгөө нь нэг хөлгүй. Манай ангийнхан авчихлаа. Аквариумдаа хийгээд хүүхдүүдтэйгээ арчилдаг байсан. Хүмүүс хараад айж, жихүүрхэж байхад манай хүүхдүүд харин ч нэг нүдгүй, хөлгүй ч байсан хөөрхий амьтан, бид хайрлах ёстой гэж хэлэхэд л миний хүүхдүүд энэрэнгүй хүмүүс болох нь гэж баярлах сэтгэл төрж байсан даа.
- Хамгийн ахмад шавь чинь хэдэн настай вэ?
Би 1988 онд ЗХУ-ын Вольск хотын Цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж ирээд 19 настай залуухан багш ажлаа эхэлж байлаа. Тэгэхээр миний анхны шавь 29 настай байх нь.
- Хүүхэд бүр өөр өөр байдаг. Тухайн хүүхэд өсч торниж гэр бүл эцэг эхийнх нь зан чанар харагддаг уу?
Тэгэлгүй яахав. Бид байнга л хүүхдүүдээ олон талаар нь судалж, ажиглаж байдаг. Ямар нэгэн зан чанарыг нь засах залруулах хэрэг гарвал эцэг эхийг нь ч мөн ажиглах хэрэг гардаг. Хүүхэд эцэг эхийнхээ аль алинаас нь ямар нэгэн чанарыг нь заавал авсан байдаг.
Хүүхэд гэрт нь юу л болно, тэр бүгдийгээ багшдаа л итгэж хэлдэг. Заримдаа хүүхдүүдээ гэхээсээ эцэг эхийг нь хүмүүжүүлэх хэрэг бас гардаг.
- Таны сургаж хүмүүжүүлсэн хүүхдүүд том болсон хойноо эргэж ирж таньтай уулздаг уу?
Ганц нэг хүүхэд маань холбоотой байдаг. Би багшийнхаа ажлыг хийхгүй нэлээн олон жил завсарласан болоод ч тэрүү тэр болгон холбоо бариад байдаггүй л дээ. Гэхдээ зарим нэг хүүхдүүд ээ хаана явааг сургаар нь сонсож л байдаг.
- Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?
Би хоёр хүүтэй. Том хүү маань 3-р курсийн оюутан. Бага хүү маань 11-р ангид сурдаг. Ээжийнхээ ажлыг сайн ойлгодог, тусладаг хоёр сайхан хүү бий.
- Багш нарын баяр болж байгаатай холбогдуулан мэндчилгээ дэвшүүлвэл?
- Мэргэжил нэгт бүх багш нартаа юуны түрүүнд эрүүл энхийг , энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье.
