“Та өөрөө өтлөхийн цагт...”

                                    

 

Нэг найз маань ярьж байсан. Автобусанд суугаад явж байтал нэг настан ирээд учир зүггүй загнаад л, залуу хүн байж сэтгэлгүй, санаачлагагүй хэмээн лүндэн буулгасан юм байх. Тэгсэн харин найз маань “Би таны тэтгэврийн мөнгийг олох гэж өдөр бүр ингэж ядарч яваа юм шүү, харин та нар бид нараар тэжээлгээд бас автобусанд хүртэл загнаж зандраад” гэсэн гэдэг.

 

Үнэндээ найз маань өөрөө хэнээр тэжээлгэж байснаа мартаж орхижээ. Ардчилалаас өмнө найзын минь эмээ, өвөөг тэр настан л тэжээж, харин хорь гучин жилийн дараа түүний ач гуч нь найзыг маань тэжээнэ. Энэ үед түүний үр сад “ядаргаатай хөгшин”  гэж найзыг минь хэлвэл тэр хичнээн их гуниглах болоо.

 

Тэр настан гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд өдий зэрэгт хүргэсэн атлаа өчүүхэн ч мөнгө нэхээгүй байхад, тэжээсэн бяруу тэрэг эвдэх гэж эргээд бид тэднийг нийгмийн “шимэгч” хэмээн хүлээн авч байна.  

 

Өмнө та бүхэнд хүргэсэн “32-ын тойргийн аарцчин эмээ – Алтан Москва үзэхсэн” ярилцлаганд: Социализмын үед улсын норм гээчийг биелүүлэх гэж  хуруу хумсаа хугалах шахам гүйж, өөрсдөө цайны сүүгүй болсон ч хамаг л  сүү саалийг нь бэлдэж, хүнд хүчрийг нь хийж байсан малчдад ардчилал гарснаар өндөр настны тэтгэврийн хамгийн доод хэмжээг олгохоор тогтоосон тухай дурьдсан. Сэхээтэн байх чинь яагаа вэ? гэж амыг таглах хүн олон байх. Гэхдээ бүх л хүн сэхээтэн болчихвол малыг хэн маллаж, барилгыг хэн  барих гэж?

 

Улс ард аж ахуйн хөгжил байхгүй байсан бол өнөөдрийн энэ өндөрлөгт бид хүрэх байсан гэж үү?

 

Хамгийн сүүлийн жишээ, 2008 оны сонгуулиар иргэн бүрт хүртээхээр амласан  “улигт”  1 сая 500 мянган төгрөг.  Оны өмнө өндөр настнуудын гар дээр  сая төгрөг тавихаар болсон ч чадаагүй, луу жил гарахаас өмнө гэж ахин амлав. Гэвч мөн л удаан ярьж, бүр удаан хэрэгждэг шигээ ахин хойшилж цагаан сарын дараа өгөхөөр болов. “Бүлтийсэн” хэдэн хүүхэд нь ач зээг нь дагуулаад цагаан сараар ирэхэд хоосон сууж байхгүйн тулд “хөлтэй, хөлгүй” эмээ өвөө нар банканд дугаарлаад л.

 

Ер нь бид өөрсдөө өндөр насанд суухгүй юм шиг, өвгөд хөгшидийгөө ад үзэх, давахгүй гэсэн даваагаа гурав давдаг гэж “эдэн шиг л амьдрахгүй” гэж бодож яваа танд амьдрал ямар ч сайхан зүйлийг бас саар зүйлийг бэлэглэж мэднэ. 

 

Буурлын буян ашид оршиж, мөнх хөх тэнгэрээс үрс биднийгээ хайрлан, хамгаалан суугаа.

Б. Гэрэлмаа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.