Француудын чөлөөт цаг

Аливаа хүний чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байгаагаар нь тухайн улсын хөгжил, амьдралын өртөг, хүний үнэ цэнэ, хувь хүний соёл зэрэг нийгэм соёлын бүх асуудал сөхөгдөн гардаг мэт санагддаг.
1970-аад оноос эхлэн Франц орны өнөөгийн хөгжлийн эх суурь тавигдсан бөгөөд чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх тухайд ойлголт арай илүү шинэ шатанд гарсан байна. Энэ
үед Франц оронд үйлдвэржилт хүчээ авч, гадаад орноос ажиллах хүч олноор аван, дотоодын нийт бүтээгдэхүүн өсөхийн хэрээр оршин суугчдын орлого өсч, идэвхтэй амьдралын хэм илүү нарийн, олон янз болжээ. Нөгөөтэйгүүр нэг өрхөд оногдох хүүхдийн тоо багасч, хувь хүн өөртөө зарцуулах цаг нь нэмэгдсэн зэрэг олон өөрчлөлт нийгмийн амьдралд бий болсон юм.
Тэд олсон орлогынхоо 5%-10 % -ийг чөлөөт цагтаа зарцуулдаг гэдэг тоо гарчээ. Чөлөөт цагийг өдөр тутмын, амралтын, баяр ёслолын зэрэг байдлаар ангилж болохоор байгаа юм. Өмнөх нийтлэлүүдээс та бүхэн Францчуудын архины хэрэглээ тун бага, хоол ундаа зөв тохируулдаг, зөв сэтгэлгээтэй болох тухайд бага ч болов ойлголттой болсон гэдэгт эргэлзэх зүйл нэгээхэн ч үгүй билээ. Францчууд өдөр тутмын чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг тухайд авч үзье.
Францууд өдөрт 2-3 цаг зурагт үздэг. Тэд голдуу мэдээ, оройд амарч суухдаа кино, оюун ухаан сорьсон хөгжөөнт тоглоом үзэж байна. Өдөрт 2 цаг гаруй радио сонсох бөгөөд өглөөгүүр ажилд явахаас өмнө мэдээ, цаг агаарын мэдээ, дуу хөгжим сонсдог. Уламжлалт эдгээр мэдээллийн хэрэгслийг орчин үеийн компьютер, видео тоглоом орлож эхэлж буй ч тунгийг нь тун сайн тааруулж хэрэглэж мэддэг юм.

“Француудын номын хэрэглээний соёл” нийтлэлээс та бүхэн тэдний номонд үнэхээр дуртай, шимтэн уншдаг тухайд гадарласан байх. Нэгэн бяцхан жишээ дурьдахад 2002 онд 60 258 нэрийн ном хэвлэгдсэнээс 401 сая ном зарагдсан байгаа нь нэг хүн жилд дунджаар 6 ном уншжээ гэдэг тоо гарч буй юм.
Тэд мэргэжлийн сэтгүүл унших тун дуртай бөгөөд дэлхийд худалдан авалтаараа тэргүүлж байна. Авто машин, загварын ертөнц, аялал, загасчлах, засвар хийх, эмэгтэйчүүдийн гээд өнгө алагласан олон янзын сэтгүүл нүдийг хужирлана. Тэд оройд кино үзэх тун дуртай, сайхан ресторанд орж хооллоод шинэ кино үзнэ гэдэг тэдний хийх дуртай ажлын нэг.
Нийт Француудын 50 % нь кино театр байнга очдог гэсэн тоо байна. Энэ нь нэг талаар хууль бус аргаар шинэ киног зурагтаар гаргахгүйтэй шууд холбогдох бөгөөд нөгөөтэйгүүр кинотеатрын цэлгэр танхимд тухлан суугаад мэдэрч үзэх гэсэн сэтгэлтэй нь ч бас шууд холбоотой. Мөн олон улсын кино наадам, өдөрлөг байнга болох тул кино үзэхээс гадна жүжигчинтэй нь уулзан учрах боломж гардагийг алдахгүй хичээдэг.
Тэд кино үзэхээс гадна шинэ жүжиг, дуурь, музей, үзэсгэлэн, хаадын ордон музей гээд үзэж харах зүйл үнэхээр мундахгүй. Мөн Диснейланд, Астериксийн парк, амьтаны хүрээлэн, усан сан гээд төлөвлөж очвол тоочоод баршгүй дээ.
Француудын бас нэг том соёл, чөлөө цагаа өнгөрөөх нэг боломж хамт сууж кофе уух. Гудамжинд хаа сайгүй цайны газар, ресторан байх ба хоол идэх сонирхолгүй бол кофе захичихаад ойр зуурын бүх сонин сайхнаа дэлгэх боломжтой.
Кофений хэмжээ нь тун бага ч их хүчтэй, хүмүүс бага багаар шимж уунгаа ертөнцийн сонин сайхныг хүүрнэх нь бас л сонирхолтой. Дулаан үед гадаа нарлан сууж кофе шимэн, орчин тойрноо ажих ч бас нэг сайхан амралт болдог.
Француудын 80 % нь аль нэг биеийн тамирын төрлөөр хичээллэдэг. Хөл бөмбөг, ригби, усан спорт, сагсан бөмбөг, хаданд авирах, явган аялал, морин тойруулга гээд тоочих аваас дуусахааргүй. Хөл бөмбөгөөр 2 сая гаруй хүн, газрын теннисээр 1 сая гаруй хүн тоглох эрх авсан гэх баримт байна. Эдгээр төрлийн олон клуб, талбай, сонирхогч бий тул дэлхийн тавцанд алдарт хүрсэн тамирчдыг Монголчууд бид андахгүй мэддэг билээ.
2000 оноос хойш Францууд 7 хоногт 35 цаг ажилладаг болсон. Жилд 5 долоо хоногийн амралттай ба амралтаа хувааж авдаг. Өвөл 7 хоногийн амралтаараа Альпийн нурууны хамгийн өндөр цэг Мон Бланд очиж цанаар гулгах тун дуртай.
Тэнд амрах бүх бололцоог хангасан байх тул захиалга өгөхөд л хангалттай. Зуны амралтаараа 7 хоног дугуйгаар аялах мөн залуусыг байлдан дагуулж байна. Францын газрын байрлалыг ажвал урьд зүгт нь Газрын дундад тэнгис, баруун талаараа Атлантын далайд гарцтай юм.
Тэгэхээр дулаан үед далай руу явж, наран шарлагын газар бие шарах ч мөн сайхан амралт шүү. Сүүлийн үед Парис хотод хүртэл Сена мөрний эрэгт хүртэл наран шарлагын газар ажиллуулж байна. 7, 8 сар Франц орны жуулчлалын оргил үе тул жуулчид Францыг, Францууд гадаад орныг эзлэдэг гэхэд нэг их хилсдэхгүй байх. Францууд хөгжиж буй орон, өвөрмөц байгаль, соёлтой орон руу их жуулчилдаг.

Сүүлийн үед эко аялал гэдэг ойлголт дэлхийд түглээ. Анхны алтан хараацайнууд Францууд гэж хэлэх бүрэн боломжтой, тэд байгальд ээлтэй аялах тун дуртай. Очсон газраа хог хаяна, хүнээс асуухгүй цэцэг таслана гэж үгүй мөн хүмүүжилтэй аялагчид бол тэд.
Орон нутагтаа дугуйгаар аялахаас гадна Парис хотод дугуй хөлслөн явах сүүлийн үед их эрэлт хэрэгцээтэй болсон байна лээ. Дээрхээс харахад чөлөөт цагаа өнгөрөөх соёлд хэр суралцсан нь илт байна.
Мөн чөлөөт цагаа өнгөрөөхөд зарцуулах орлогын хэмжээ биднийг бодоход харьцангуй өндөр, эрүүл амьдрах соёлд эртнээс суралцсан нь мөн мэдрэгдэж буй бизээ.
Энэ нийтлэлээ төгсгөхөөс өмнө нэгэн явдлыг бичихгүй өнгөрч чадсангүй.
Нэг үеийг бодоход манайд байнга амьдардаг, жуулчилдаг, ирж очдог Француудын тоо эрс өсчээ. Хэдэн жилийн өмнө нэг франц хүү монгол найзындаа амьдарч байгаад нутаг буцахаас өмнө надтай уулзсан юм. Би түүнээс Монгол орон таалагдсан тухайд асуусанд тэр: - “Монголчууд үнэхээр сайхан найрсаг, хүнлэг, тусч хүмүүс юм. Надад их таалагдлаа, би дахин ирмээр байна. Гэхдээ нэг л зүйлд гайхаж мөн эмзэглэлээ. Манай найзынх гурван өрөө, гурван зурагттай. Хүн бүр хэзээ ч хамаагүй зурагт үзэх юм, үзэх зүйлийн агуулга, хязгаар гэж үнэндээ алга. Намайг харахад байнга л зурагтын өмнө сууж байх юм. Хэзээд нь амарч, хооллож, ажил хийдэг гэдгийг нь сайн ойлгосонгүй” гэж билээ.
Энэ үг надад мөн ч ихийг бодогдуулж билээ. Нээрээ бидний чөлөөт цагийн нийтлэг дүр зураг гадны хүнд ингэж харагдаж дээ.

