“Xөгжим гэж юу вэ?” цуврал нийтлэл

 Миний бие хөгжим судлаач хүн болохоор “Эмэгтэйчүүд” сайтын уншигчиддаа хөгжмийн тухай цуврал мэдээлэл өгөхийг зорилоо. Ингээд “хөгжим гэж юу вэ?” гэдгээс эхэлье хэмээн шийдлээ. Та бүхэн болгоох ажаамуу.

 

 

Нэг. Бид хөгжимгүйгээр амьдарч чадах уу?

 

 

          Монголчууд бидний амьдралаас хөгжмийн аялгуу  урсан одсон, бүр алга болчихсон хэмээн төсөөлөн бодъё. Хөгжим огт байхгүй. Гудамж талбай, концертын танхимууд, кино театрын дэлгэцнээс зөвхөн яриагаар үзүүлье, радио телевизээр зөвхөн ярья, амьдралд байнга сонсогдож байдаг дуу, бүжгийн хөгжим юу ч сонсогдохгүй, жолооч машин дотроо байнга таг чиг явъя, нас барагсдын оршуулганд ч таг чиг байя.

Та төсөөлж байна уу. Наадам, цагаан сарын баяраар морин хуур, уртын дуу эгшиглэхгүй бол, Сүхбаатарын талбайд үлээвэр найрал хөгжимгүйгээр цэргийн жагсаал явж өнгөрвөл, залуу хосын  хуриманд зөвхөн хоол цай бэлэг сэлт болоод л тарцгаавал ямар байх вэ? Ээж нь бяцхан хүүгээ саатуулж бүүвэйн дуу аялж байхдаа “ дуу хөгжмийн сургууль хийж байна” гэж ер бодохгүй. Хүүгээ хуурайлж, өлгийдөж, хөхүүлээд бүүвэйлж байгаа эх хүний жирийн л нэгэн амьдрал. Бүх нийтээрээ баясаж сэтгэл хөөрсөн үедээ үнэхээр дуулмаар санагдсан учраас л дуулж байгаа.

Найз нөхөдтэйгээ нийлж хаа нэгтээ цугларан дуулж бүжиглэнэ. Энэ удаад ч гэсэн дуу хөгжим таны амьдралын нэг хэсэг болж байна. Ингээд бодоход ер нь  бүтэн өдөр нэг ч хөгжим дуу радио телевизээр ч, гэр орон, гудамж талбайд ч сонсогдохгүй бол яах вэ?  Тэр уйтгартай аймшигтай анир чимээгүйн дунд хүмүүс ямар байдалтай байх бол. Хөгжим сонсогдохгүй болмогц бүх хүмүүст зайлшгүй хэрэгтэй нэгэн үнэт зүйл нь алга болчихсон юм шиг болж амьдрал гэнэт хоосрох бизээ.

 

 

 

Хоёр. Хөгжмийг яаж ойлгох вэ, яагаад янз бүрээр ойлгон хүлээж авдаг вэ? 

 

 

          Хөгжим бол ертөнцийн амьтай бүхэнд мэдрэгдэн нөлөөлж хүмүүний сэтгэлд  нэвтэрдэг түгээмэл хэл юм. Хөгжим хэнд зориулагдсан бэ, хэрхэн яаж ойлгох вэ? Хөгжим бол зөвхөн зохиодог тоглодог хүмүүст зориулагдаагүй. Хэрэв зохиогч тоглогч нар хөгжмийг гагцхүү өөрсөддөө зориулдаг байсан  бол эмч хүн бүх л амьдралдаа зөвхөн өөрийнхөө л өвчнийг  анагааж, уран зураач хамаг бүтээлээ өөрийнхөө өрөөнд л зориулж түүнийгээ насаараа харж зөвхөн өөрөө өөртөө таашаал авч сууна гэсэн үг.

Тэгвэл хөгжмийг жинхэнэ амьд урлаг болгохын тулд сонсогч байх ёстой. “Театрт үзэгчид, жүжигчдийн  хооронд нүдэнд үл үзэгдэх сэтгэлийн холбоос цахилгаан гүйдэл мэт нэгэн зүйл үүсдэг нь концертын танхимд ч байдаг”  Ямар аялгуу гарах бол юуны тухай өгүүлэх бол юугаар яаж илэрхийлэх бол хэн хэрхэн тоглох бол гээд л нэг нандин хүлээлт үзэгчдийн дунд үүсдэг байна. Тэрээр хүсэн  хүлээсэн сэтгэгдлээрээ хөгжмийг хүлээн авдаг.

Тоглолтын дараа хэрвээ та анзаарсан бол зарим хүн маш өндөр сэтгэгдэлтэй, зарим нь сэтгэл дундуур байх нь олонтаа бий. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл хөгжмийг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө хүлээн авч үнэлэлт дүгнэлт өгдөгт оршино. Энэ бүхэн сонсогч, урлагч, зохиогчийн хувь хүний үзэл бодол, өссөн орчин, боловсрол, мэдлэг, мэдрэмж авьяасаас шууд шалтгаалдаг нь ойлгомжтой.

“Миний хөгжим улам бүр тархаасай, сонсож дурлах хүмүүсийн тоо олшроосой, тэдэнд тайвшрал гэгээрэл өгөөсэй хэмээн би чин сэтгэлээсээ хүсч байна” хэмээн суут П.И.Чайковский бичсэн. Үнэхээр хөгжим сонсон тайвшрал гэгээрэл авдаг нь хичнээн билээ. Тэгвэл амьдралдаа сайхан хөгжим  огт сонсоогүй “мэдэхгүй” өнгөрч байгаа хичнээн олон мянган хүн байгаа билээ. 

           Хөгжим хүний сэтгэл зүрхэнд гал бадрааж, амьдралын сайн сайханд  уриалан дуудна. Хөгжмөөр эмчилж эдгээн, жаргал авчирч, зовлонг ангижруулна.  Ээж нь үрдээ бүүвэйн дууг зүгээр л унтуулах гэж дуулдаг гэж үү? Эдгээр асуулт эрэгцүүлэл бодлууд хүний амьдралд дуу хөгжмийн гүйцэтгэж байгаа үүргийн ач холбогдлыг сануулахад зориулагдаж байгаа юм.

 

 

Гурав. Хөгжим сонсож ойлгохын тулд яах вэ, юуг мэдэх ёстой вэ?

 

 

            Аливаа урлагийн төрлүүд, тэр дундаа хөгжимд ч мөн адил хөгжмийн зохиолч болон түүний уран бүтээлийн тухай бид хичнээн гүнзгий мэдэж байна, хөгжмийн  утга санаа нь төдийчинээ ойлгомжтой болж бид түүнийг улам бүр сонирхон сонсдог болох тал бий.

Жишээ нь: “Сарны сонат”-ын зүйрлэшгүй их нөлөөг мэдрэхийн тулд түүнийг амьдралын ямар нөхцөл байдалд бүтээснийг заавал мэдэх алба үгүй. Бетховен өөрөө уг бүтээлээ “Уран сэтгэмжийн сонат” гэж нэрлэсэн. Харин “сарны” гэдэг тодотголыг Бетховеныг нас нөхчсөнөөс хойш түүнтэй адилхан Людвиг овогтой  Рельштаб гэгч хүн өгснийг ч бас мэдэхгүй байж болно. Гэхдээ л  “Сарны сонат”-ыг бүтээсэн түүхийг товч боловч мэдэж авсныхаа  дараа  түүнийг огт өөрөөр сонсдог. Бетховен суут хөгжимчин, агуу хүн байсан.

Сэтгэлийн гайхамшигт эрч хүч ,оюун ухаан эрхэмсэг бодол санаа, гүн сэтгэлгээтэй хүн байлаа. “Сарны сонат” түүний амьдралын хүнд бэрх үед бүтээгдсэн юм. “Уран сэтгэмжийн сонат” гэсэн жинхэнэ нэрийн дор Бетховен “Гүн ахай- Гвичардо Жульеттад зориулав” гэж бичжээ. Учир нь энэ л бүсгүйд зориулсан хайр сэтгэлийн шаналал тухайн зохиолын сэдэв болсныг дурьдах хэрэгтэй. Одоо та бүхэн өөрийн сайн мэдэх энэ хөгжмийн аялгууг бодол санаандаа нэг сонсоод үзье. Тэгвэл эхний хэсэгт зохиогчийн дурласан сэтгэлийн их зовлонг, хоёрдугаар хэсэгт урьд нь ер анзаараагүй гэгээн мөртлөө гунигт инээмсэглэлийг,  эцэст нь “хувь заяагаа би эзэгнэхээс биш бууж өгөхгүй” хэмээн Бетховены хэлсэн үгээр л илэрхийлж болох зовлонгийн гав гинжнээс ангижран мултрах гэсэн асар хүчтэй тэмүүллийг лавтай сонсоно.

Хөгжим сонсож байх үедээ заавал тодорхой нэгэн зураглалыг дүрслэн бодох хэрэгтэй юу? Ерөөс хөгжим нь зөвхөн зугаацуулж хөгжин цэнгэхийн тулд биш харин ертөнцийг танин мэдэх амьдралыг ойлгох, өөрийгөө ойлгоход тусладаг. Нөгөө талаас ямар ч байлаа гэсэн дуу хөгжим л байвал зохих үүргээ гүйцэтгэж болно гэж бодож болох уу? Жишээлбэл: Алдар цолтой бөхчүүд дэвэн дэвсээр гарч ирэхэд “Урьд шөнө зүүдлэв үү” гэдэг дуу радиогоор явж байвал ямар санагдах вэ?  Эсвэл баяр жаргалаа  тэмдэглэж байхад “Хулсан ташуур”-ыг дуулаад байж болох уу.

Хөгжим бол хүний амьдралд нөлөөлж чадах хамгийн хүчтэй хэрэгслийн нэг юм. Энэ бүхний ундрааг  мэдэрч чадаагүй  амьдарч буй  хүмүүсийн өмнөөс харамсдаг. Хүн болгон  өөртөө  энэ гайхамшигт  ертөнцийг нээж  хөгжим хэмээх нарыг мандуулж байхыг чин сэтгэлээсээ хүсмээр байна. 

Ер нь Монголчуудаас “танд хамгийн ойр дотно урлаг юу вэ?”  гэж асуувал “дуу”  гэж хариулах нь давамгайлна гэдэгтэй  маргах  хүн бараг гарахгүй байх. Иймээс дуу бол монгол хүний амьдралын дагуул төдийгүй ,хөтөч нь байх нь. Дууны аялгууг  “тансаг”, “яруу тансаг”, “уянга яруу тансаг”,“сэрэхүйн уянга тансаг”гэх зэргээр аль болох сайхнаар нэрлэдэг. Үүнээс үзэхэд урлаг хүнийг хүн болгон хүмүүжүүлж сайн сайхны туйлын эрмэлзэлд нь эрч хүч өгч, тэжээн тэтгэж байдаг амин сүнс нь билээ.

Хөгжим бол хүмүүн төрөлхтний   хэний ч болов сэтгэлд нэвтэрдэг түгээмэл хэл бөгөөд   нүдэнд харагдаж гарт баригддаггүй атлаа адгуус амьтан араатан жигүүртэн өт хорхой, өвс ургамалд хүртэл мэдрэгдэж ертөнцийн амьтай бүхэнд нөлөөлдгөөрөө бусад урлагаас өвөрмөц юм.

Аялгуу сонссон мал эзэндээ амархан дасаж, номхон дөлгөөн зантай болдог. Саалийн мал амархан  ивлэж сүү шимээ ахиухан гаргана, эдэлгээний мал эзнийхээ дуулахыг сонсон урамшиж хүч тамир нь сэргэдэг, бэлчээрийн мал тайван идээшлэнэ, үргэж цочсон мал айхаа болино. Нялх төлөө голсон эх мал сүжрэн, голсон төлөө авна. Зарим нь бүр уйлж байгаад төлөө авна гээд хөгжмийн тухай яриа дуусашгүй ...

                                                                

                                                                                                                                                                                                                                  Үргэлжлэл бий

 Д.Энхцэцэг

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.