Ганцаардал

            Эмэгтэйчүүдийн сайтыг би унших дуртай. Ингээд яагаад ч юм өөрийн зүрхний өчлийг бусад бүсгүйчүүдтэй хуваалцмаар санагдаж зориглосон минь энээ.

Уг нь бол би нилээд амжилтанд хүрч яваа сэхээтэн эмэгтэй.Насны хувьд дөч нилээд гарсан, ОХУ-д дээд сургууль төгссөн нэгэн. Уур унтуугүй, ааш зан сайтай, хүнлэг сэтгэлтэй гээд надад сайн тал их бий.

Харин ганцхан юмаар гачигдаж явдаг. Энэ бол эр хүний халамж хайр, энэ гэрийн ноён нуруу. Хойно сурдаг байхдаа нэг залуутай ханилж, “оюутны” хурим хийгээд сайхан хүү төрүүлсэн. Гэвч яагаад ч юм бидний амьдрал хоёр тийшээ болсон. Зодоон цохион хэрүүл тэмцэл ч болоогүй, зүгээр л ямар ч “хайр” байгаагүй...

Энэ хугацаанд би сэхээтэнтэй нь таардаггүй юм бол эгэл боргил хүнтэй нь амьдарч үзье гэж хичээсэн. Ингээд наймаанд явж байгаад өөртэйгээ чацуу үг дуу цөөнтэй 10 жилийн боловсролтой хүнтэй учирч тэр маань авгайгаасаа салж бид хамтдаа бараг 9 жил амьдарлаа. Энэ үед би ажилдаа дэндүү “хайртай” байнга оройтдог, түүнийг надаар тэжээлгэдэг юм чинь, хэзээ ч салж чадахгүй гэж бардамнадаг байж. Тэр хүн уг нь намайг чин сэтгэлээсээ хайрладаг, хоол сайхан хийдэг халамжтай байсан. Гэхдээ л цаг хугацаа өнгөрөх тусам тэр зөвхөн намайг хайрладаг хүүгийн минь сэтгэлийг урвуулж чадаагүйг би хүүгээ том болохоор нэг л өдөр ойлгосон. Учир нь манай зарим эгч дүү нар, ялангуяа миний хүү түүнд дургүй байв.

Нэг л өдөр энэ байдал сэдэрч халамцуу байхдаа маргалдсанаас болж тэр маань миний хүүд хөөгдөж манайхаас гарч явсан. Гэтэл явсан цагаас нь би түүнд ямар их дассанаа, түүнгүйгээр амьдарч чадахгүй болсноо ойлгосон. Тэгээд хэдэн сар гүрийж байгаад эргэж уулзана даа гэж бодоод аминдаа хашраах санаатай нэг хэсэгтээ л таг чиг болов. Гэвч оройтжээ. Тэр аль хэдийнээ өөрөөсөө “эгч” нөхөргүй удсан хүүхэнд уургалуулж гэрт нь ороод суусан байв. Орох оронгүй цалин мөнгөгүй түүнд өөр арга байгаа ч үгүй бизээ. Ингээд л би нөхөргүй хэдэн жилийн нүүр үзэж байна даа.

Гэр бүлийнхээ бүх л ачааг нуруундаа үүрч давхар ажил хийж тархиа  амраах завгүй ажиллаж байна. Нөхөргүй хүний зовлонг баяр ёслолын үеэр л илүү амсдаг даа. Энэ бол ганцаардал. Үүгээр би юу хэлэх гэсэн юм бэ гэвэл над шиг ганц бие өндөр боловсролтой сэхээтэн хүүхнүүд миний эргэн тойронд маш олон байна. Миний найз нөхдийн дунд ч байна.

Яагаад монгол эх орныхоо төлөө тархи зүрхээ зориулж яваа миний үеийн бүсгүйчүүл ингэж хувийн амьдралдаа аз жаргалгүй амьдарна вэ, гэтэл нөхөртэй нь мөн л бөөн асуудалтай зарим нь бараг бидэнд атаархах шинжтэй. Магадгүй тухайн үеийн улсын болон эцэг эхчүүдийн буруу бодлогоос боловсролын хувьд жендерийн эрс ялгаа гарснаас шалтгаалсан байж болох юм.

Юутай ч бидний үеийн сайхан монгол эрчүүдийн ихэнх нь эхнэрүүдээ хайрлаж халамжилж чадаагүй, одоо хамт байгаагийн дийлэнх нь аз жаргалгүй байгааг би баттай хэлж чадна. Яагаад? Энэ тухай хамтдаа ярилцъя. Магадгүй, дараагийн үеийнхэнд минь сургамж болох ч юм билүү.       

 А.Жаргал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.