Нөхөр, байгаль хоёртойгоо гурав хоног ууланд гар

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын эмч, Академич, профессор Ж.Хайруулла сэтгэхүйн үйл ажиллагааны хямралыг тайтгаруулах арга замын тухай:
Санамсаргүй байдлаар очиж сонссон илтгэлийн маань гол баатар Ж.Хайруулла эмч. Хайгаад олддоггүй хүн маань өөрөө гэнэт урд гараад ирэхэд баярлах, сандрах зэрэгцэн, түүний өмнөөс харж суусан олон хүний дунд дуугүйхэн жимбийж суув. Хайрулла эмчтэй ярилцах хугацаа олдоогүй ч, түүний илтгэлд бүсгүйчүүдэд минь хэрэг болох маш олон сонирхолтой баримтуудыг дурьдсан юм.
Юуны өмнө илтгэл дээр үзэгчдийн суудлаас зоригтой нь аргагүй гарч ирж, Хайруулла багштай гар бариад үнсүүлсэн эмэгтэйн яриаг хүргэе.
- Би эцсийн шатны стресст орчихсон, тэр нь явсаар нөхрөө үзэн ядах хэмжээний болтлоо даамжирсан байсан юм. Энэ үедээ ямар ч эм, тариа хэрэглээд нэмэр болоогүй. Харин тэр өдөр аз болж би Хайрулла эмчтэй тааралдсан юм гэсээр яриагаа эхэлсэн юм.
Түүнд өгсөн Хайрулла багшийн зөвлөгөө:
- Ажил, амьдрал, хүүхэд гэж санаа зоволгүйгээр зөвхөн байгаль, нөхөр хоёртойгоо ууланд гурав хоног амьдар. Тэгээд уул өөд бие биенийгээ чангаар тэврэн гар. Хөтлөлцөөд алх. Өгсүүр хэсэгт нөхөртөө тэврүүлэн, түүнд чин зүрхнээсээ итгэл найдвар хүлээлгэ. Буухдаа түүнийхээ гараас атгаад гагцхүү “нэг л хүн” гэдгээ мэдэр. Мэдээж байгаль дэлхийгээ мартаж болохгүй. Ус урсаж л байна, хад ургаж л байна, цэцэг дэлгэрч л байна гэж бүү бодоорой. Энэ модны хаанаас нь салхилаад элэгдсэн байна, борооны ус аль навчин дээр дуслаад энд ирж буудаг, газар шороон дээр тогтсон мөрний түүхийг хэн бичив? гэж сонирх. Энэ нь таны бухимдал, ядаргааг өчүүхэн ч болов тайлах бөгөөд байгаль дэлхийтэйгээ холбоо тогтооход тань туслах болно.
Та шөнө унтахгүй байгаа бол...
- Сайхан зүйлийн тухай бодоод биеэ сул тавь. Харин таны бодох сайхан зүйлийг чинь бид хэлж өгнө. Сонгинохайрхан уулан дээр гараад цэнхэр тэнгэрээ хараад хэвтэж байна гэж төсөөл. Гэтэл зүүн талаас нэг онгоц гарч ирлээ. Тэр онгоц нисээд л нисээд л, жижгэрсээр, жижгэрсээр, цаашилсаар. Харин онгоцыг нэгэнт үгүй болоход унтсан байх болно. Энэ унтах аргын тухай яруу найрагч Бөхийн Бааст “Холын холд огтнын дуу точигнон сонсогдоно, Холын холд огтнын дуу точигнон сонсогдоно” гэсэн байдаг юм.
Шөнө босч явж, зүүдлэдэг хүмүүсийг Хайруулла эмч ингэж тайлбарлав.
- Хүний тархинд цагаан давхарга, бор давхарга хоёр бий. Харин бид цагаан давхаргыг төрийн өндөрлөг, бор давхаргыг нь аймгууд гэж үзье. Цагаан давхарга буюу төрийн өндөрлөг ажлаа хийхгүй унтаж байхад, доодос суудлаа олохгүй гэгчээр бор давхарга ажилласан тохиолдолд хүн босч явж зүүдлэдэг байна. Цагаан давхарга хүчилтөрөгчийн хангамж байхгүйгээс ажилгүйддэг бөгөөд хүчил төрөгч нөхөж авахын тулд бөмбөг өшиглөөд хойноос нь гүй. Хот дотор яваа машины араас 100км цагийн хурдтай гүй, ингэхдээ хүчилтөрөгчөөр уушигаа дүүртэл амьсгал.
Хайруулла эмчийн яриаг бүрэн эхээр нь хүргэх боломжгүй бөгөөд бүсгүйчүүддээ аминчлан дээрх хариултуудыг орууллаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа







