Бөртэ хатан /нэгдүгээр хэсэг/

 

            XIII зуунд  Монголын тулгар төрийг үндэслэсэн, монгол төрийн үлэмж гарамгай сэцэн билэгт удирдагч Эзэн богд Чингис хааны их хатан Бөртэ бол Монголын түүхэнд томоохон гавьяа байгуулсан ухаалаг бүсгүй юм.

Түүнийг Чингис хаан:

“  Бүтээхийн урьд учирсан Бөртэ үжин их хатан минь.

 Эрдэнэ эцгийн минь зөөсөн эх мэт гэргий “ минь хэмээн энхрийлэн хэлсэн байдаг.

 Чингис хааны авааль гэргий, төрийн их хатан Бөртэ  1161 онд төрсөн бөгөөд Тэмүжингээс нэг насаар эгч, Хонгирад аймгийн Дай сэцэний охин юм.

   Есүхэй баатар, Тэмүжнийг есөн настай байхад Өүлэн эхийн төрхөм хөвүүний нагац олхонуд нараас охин гуйяа гээд хүүгээ аваад явж байгаад замдаа хонгирадын Дай сэцэнтэй тааралджээ. Есүхэй баатар түүнд аялалынхаа зорилгыг хэлэхэд тэрбээр: «Манай Хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явна. Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ. Охин хүүхэд өнгө шилэгдэнэ. Есүхэй худ, миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз» гэжээ. Есүхэй охиныг үзвэл, нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин тул санаанд нь нийцжээ. Дай сэцэний гэрт хоноод маргаш нь охиныг гуйхад, Дай сэцэн өгүүлрүүн: «Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд өтлөхгүй тул, охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт үлдээ” гэсэнд Есүхэй баатар хүү Тэмүжингээ Дай сэцэний гэрт үлдээж, бас хөтөлж явсан морио бэлэг болгон өгсөн ажээ.

   Ингээд Есүхэй баатар буцах замдаа татар аймгийнханд хорлогдсон билээ. Өүлэн эх тэргүүтэй өнчин өрөөсөн тэд нар аюул зовлон, гачигдалт амьдралд байсаар Бөртийг бууган авчирах зав тэнхээгүй хэдэн жилийг өнгөрүүлжээ. Энэ хооронд Тэмүжин хэд хэдэн аюулыг өнгөрүүлээд Боорчи, Сорхон Шар нарын дэмжлэгээр алдсан агтаа буцаан авчирч, атаат дайсан тайчуудын аюул хөнөөлөөс мултарч амь гараад анд нөхдийн тус дэмжлэгийг ойлгон мэдэж, өөрийн зориг хүчинд итгэлтэй болсон юм. Яг тэр үед өөрөөр хэлбэл 1178 онд Тэмүжин 17 настайдаа урьд тогтоосон ургийн явдлаа гүйцэтгэж Бөртэг бэр болгон буулган авчирахаар шийджээ. Тэмүжин Бөртэг гэргийгээ болгосноор Дай сэцэн болон дөрвөн түмэн Хонгирад аймгийн дэмжлэг тусламжийг олно хэмээн мэдэж байв. Ингээд Дай сэцэнийхнийг Хэрлэн голын Цэгцэр гэдэг газар нутаглан сууж байхад Тэмүжин дүү Бэлгүтэйгээ дагуулан очоод Бөртэ Үжинтэй хуримын ёсоо гүйцэтгэжээ.

     Бөртэ үжин төрхмөөсөө нэлээд хэмжээний бэлэг сэлттэй ирсэн байжээ. Ийнхүү Бөртэ Үжин Тэмүжинг тэнхрээгүй, нилээд гачигдалт амьдралтай үед нь ханилан нийлж, жаргал, зовлонг нь хуваалцах болсон ажээ.

    Тэмүжин өөрийн хань хамсаатнаа цуглуулж, анд нөхөр элсүүлж байхад Бөртэ Үжиний авчирсан ховор үнэт, хар булган дах нь хэрэг болсон байдаг. Тэмүжин тэр хар булган дахыг Есүхэй баатар эцгийнхээ хуучин анд байсан Хэрэйд аймгийн хан Тоорилд бэлэг болгон хүргэж очоод эцэг хөвүүн бололцон нөхөрлөжээ. Бэлгийг хүлээн авсан Тоорил маш баясч;

«Хар булган дахын чинь хариуд

Хагацсан улсыг чинь

Хамтатгаж өгье

Булган дахын чинь хариуд

Бутарсан улсыг чинь

Цуглуулж өгье» гэж амласан байна. Тоорил ханы дэмжлэгийг авсан Тэмүжин хөл дээрээ сая тогтож чадсан юм.

    Бөртэ Үжин Тэмүжингийн агүу их үйлст хүчин чадлаараа тусалж дэмжсэнээр барахгүй, онч мэргэн оюун ухаанаараа түүнд санаа оноо өгдөг байв.

   Тэмүжин 11 наснаасаа эхлэн Жадран аймгийн Жамухтай анд бололцон найзлан нөхөрлөж явсан юм. Гэтэл Жамуха далдуур өөрөө Хамаг Монголыг эзэрхэх эрх олохоор атаархаж эхэлсэн байна. Үүнийгээ тэр нутаг сэлгэх үед далд битүү утга бүхий үгээр:

«Тэмүжин андаа

Ууланд шахаж бууя

Адуучинд гэр болтугай

Голд шахан бууя

Хоньчин хургачин нарт

Хоол болтугай!» гэж зам замаа хөөж хагацахыг илтгэв. Гэтэл Тэмүжин, Жамухын санааг ойлгоогүй учир Өүлэн эх болон Бөртээс асуув. Энэ үед Өүлэн эхийг үг хэлж амжихаас өмнө, Бөртэ Үжин: «Жамуха анд амархан уйддаг гэдэг бөлгөө. Эдүгээ биднээс уйдах цаг нь болсон буй заа. Саяын Жамуха андын хэлсэн үг бидэнд сонсгосон үг байхаа, бид бүү бууя, явсан чигээрээ шууд Жамухаас салж шөнө турш явъя» гэжээ. Тэгэхэд Тэмүжин Бөртэ Үжиний саналыг авч, Жамухаас салж хувиа  хөөсөн байна. Урваа хөрвөмтгий хүнтэй эвлүүлж аргацааж, найзлаж нөхөрлөснөөс эртхэн шиг салж хувь хувиа хөөх нь дээр гэж Бөртэ Үжин зөвлөсөн нь оновчтой болсныг хожмын хэрэг явдал харуулж өгсөн юм.

   Чингис хаантай ил далд өрсөлдсөн хүмүүсийг Бөртэ соргог мэдэж тухай бүр эр нөхөртөө сануулж байсан нь «Монголын нууц товчоон»-д тодхон тусгагдаж үлджээ. Үүнээс үүдэн «Бөртэ хатан бол Чингис хааны гол зөвлөгч нь байжээ» хэмээн хэлдэг.

    Мөн нэгдсэн улс байгуулах их үйлст эмэгтэйчүүд, эрчүүдийн нэгэн адил хувь нэмэр оруулсан тухай «Монголын нууцтовчоон»-д:

«Хаан богд эзэн минь...

 Улны хөлсийг урстал

Улсаа хурааж явахад...

Хайрт хатан эх чинь

Хамтзовж явжээ.» хэмээн өгүүлжээ.

 Бөртэ Үжин бол «наран мэт гэгээн, нуур мэт дэлгэр сэтгэлт» хатан эх байжээ. 1203 оны хавар Чингис хаан Хар талын үзүүр гэдэг газар мэргидийн Тогтоа бухатэй байлдаж, Тогтоаг дийлээд, хөөж Саарь хээр гэдэг газар мэргидийн аймаг олныг дагуулан авав. Мэргид иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргүүлэгч Дайр Үсүн гэгч хүн байлдах саналгүй байна гээд өөрийн охин Хуланг Чингис хаанд өгсөн юм. Чингис хаан тэнд даруй Хулан хатантай дэр нэгтгэн 3 жил болжээ.

    Ингээд эх нутагтаа буцаж ирэхдээ мөн өрлөг сайдынхаа дундаас Мухулайг явуулж болсон явдлыг Бөртэ Үжинд урьдчилан сонсгожээ. Чингэхэд Бөртэ Үжин Чингис хааны энэ явдлыг сонсоод уурласангүй. Харин ч энэ асуудалд ухаалаг хандаж урьд хаан эзэн олон эхнэр авдаг хуучин заншлыг санагалзан:

«Хаан эзний минь хүчин буй за

Нармай Монголын дур буюу

Эзэн богдын минь хүчин буй за

Эд бүгдийн дур буюу

Эрэг мөрөнд

Хун галуу олон гэнэм

Эрхийгээ чинэтэл намнахаас

Эзэн минь мэднэм зэ

Энэ их улсад

Эмс охид олон гэнэм

Эрж явахаа

Эзэн минь өөрөө мэднэм зээ,

Хулст нууранд

Хун галуу олон гэнэм

Хуруугаа чинэтэл намнахаа

Эзэн минь мэднэм зээ

Хотол их улсад

Охид эмс олон гэнэм

Хутагт эзэн минь эрж явахаа

Өөрөө мэднэм зээ

Эрхий мэргэн

Эргэ нугас хоёрыг хамт харвана гэнэ

Эр хүн дурлавал

Эгч дүү хоёрыг авна гэнэ

Эмнэг морь тэр дээрээ

Эмээл тохтугай гэмүү

Илүүд муу буюу

Дутууд сайн буюу

Дээлний давхар үл дааруулнам

Дээсний гурамсан үл тасрам гэлээ» гэсэн байна.

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.