“Цэцэн авхай” охидын захидалд хариу илгээлээ
“Цэцэн авхай” цэцэг шиг дэлгэрч яваа охидууддаа зориулан “Охин минь чамд асуудал байна уу?” булангаа нээж, тэдний бусдад хэлэхээс цааргалдаг, өөр дотроо л нууцхан гуньж явдаг асуудлыг нь хуваалцаж зөвлөгөө өгч байхаар болсон билээ. Энэ долоо хоногт ирсэн захидлуудын хариуг “Цэцэн авхай” нь илгээж байна.
-Та нар заавал надад хариулж өгөөрэй. Би нэг хүнд сайн байсан юм л даа. Тэгсэн тэр хүн намайг хааяа л нэг хардаг. Би тэр хүнийг алдахаас айгаад байх юм. Миний эгчтэй юм ярьж байхаар надад үнэхээр хэцүү байна. Би одоо яах вэ? Надад заавал туслаж хариу хэлээрэй.
Сайн байна уу? Гэгээн дурлалд гэгэлзэж яваа охин минь... Хамгийн сайхан хайртай учирсан хүмүүс хамгийн зоригтой хүмүүс байдаг. Эхлээд түүнтэйгээ энгийн сайхан яриа өрнүүлдэг бол. Тэгээд түүний өмнөөс хараад чин сэтгэлээсээ инээмсэглэ. Түүнд сайн гэдгээ илчилж чадахгүй алдаж, сүүлд нь харамссанаас ядаж л түүнд би сэтгэлээ илчилсэн шүү дээ гэж бодох сайхан. Охин минь сайхан амьдралыг хүсэж байвал хааяахан хэний ч санаанд оромгүй зоригтой алхам хийх хэрэгтэй шүү дээ.
-Би 16 настай, одоо 10 дугаар анги. Би 22 настай нэг ахтай үерхэж байгаад хэдхэн хоногийн өмнө салсан. Бид хоёрын насны зөрүү их болохоор би салъя гээд хэлчихсэн. Тэгсэн чинь одоо түүнийгээ маш их санаад байна. Би яах ёстой вэ? Надад туслаач.
Сайн байна уу? Бидэнд итгэж захидал илгээсэн чамд баярлалаа. Чиний асуусан асуултанд бид мэргэжлийн сэтгэл зүйчээс хариулт авлаа. Охин минь чиний хувьд энэ жинхэнэ хайр биш, дурлал байсан бололтой. Түрхэн зуурын сэтгэл хөөрлөөр тэр залууд чи дурласан байж магадгүй. Жинхэнэ хайр дурлал байсан бол, насны зөрүүтэй гэх шалтгаанаар хайраасаа татгалзана гэдэг байж боломгүй. Чиний түүнийг санаад байгаа шалтгаан нь чи түүнд хайртайдаа биш түүнд дасчихсандаа л санаж байгаа. Чамд жинхэнэ хайр ирнээ, чи залуу байна. Жинхэнэ хайр чинь бат бөх суурьтай хэнд ч, юунд ч дийлдэмгүй хүчтэй байдаг юм шүү дээ. Чамд амжилт хүсье.
-Сайн байцгаана уу? Одоо би 20 настай. Би 10 жилдээ байхдаа нэг хүүхэдтэй үерхэж байсан юм. Даанч ээж бөөд үзүүлсэн байсан тэгээд болъё гээд бид хоёр салсан. Харин салаад дөрвөн жил болоход би нэг ч хүнтэй үерхээгүй. Өмнөх үе л бодогдоод дурсамжууд санагдаад байдаг юм. Буцаад нийлмээр байдаг ч ээжийн хэлсэн санагдаад чаддаггүй юмаа. Дээрээс нь тэр тийм ч царайлаг биш байсан болохоор ч тэрүү би сэтгэл зүрхэнд нь л дурласан. Нэг их гадуур хамт явмааргүй санагдаад байж байгаад салсан. Гэхдээ одоо хэр нь үгүйлсээр л. Би яах ёстой юм болоо? Тэвчээд мартах ёстой юм болов уу? Надад зөвлөгөө өгч туслаач...
Сайн байна уу? Бүсгүй минь. Захидал илгээсэнд баярлалаа. Амьдрал бол адал явдал, учрал баяр, уйтгар гунигаар дүүрэн л байдаг. Өөрийнхөө амьдралыг бусдын хэлснээр шийднэ гэдэг нэг талаасаа буруу ч шашин шүтлэгийг буруутгаж зөвтгөх арга байхгүй юм. Бөөд үзүүлээд өөрийнхөө амьдралыг шийдүүлнэ гэдэг, энэ чиний амьдрал мөн үү? гэдгийг эргэцүүлж нэг бодоод үзээрэй.
-Миний нэг сайн найз охин намайг сайн хөвгүүнтэй минь нийлүүлж өгнө гээд өөрөө надаас булаагаад авчихсан уг нь тэр надад бусад охидоос илүү дотно ханддаг шүү дээ.
Сайн байна уу? Охин минь. Эмэгтэй хүний сэтгэл гэдэг эр хүнийг, эмээлтэй хазаартай морьтой нь хамт багтаадаг гэдэг. Чи энэ удаа найздаа боломж олгоод үз. Түүнийг, түүний булаагаад авчихсан хөвгүүнтэй нь хамт хайрла. Ингэсний тань төлөө магадгүй таны сайн хөвгүүн энэ их сэтгэлийг чинь үнэлж чам дээр ирж болох юм. Магадгүй, энэ таны хайр биш учраас амьдрал танд энэ найзыг чинь илгээж, өөр нэг сайхан хайртай учруулах ёстой ч юм билүү. Уужуу сайхан сэтгэл амар амгалан, аз жаргалтай амьдралыг далладаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
