Дэлхийн дулаарлаас айж байна

 

 

Ертөнц даяарчлагдаж байна.

Дэлхий бөөрөнхий биш хавтгай болсон. Бид орон зайг ялж чадсан. Бөмбөрцгийн нөгөө хязгаарт байгаа хүнтэй секундын нарийвчлалтай харьцаж байна. Холын гэгддэг байсан соёл иргэншил дэргэд үүрээ засаж байна.

Гэхдээ хүн төрөлхтний эзэгнэж чадаагүй цорын ганц зүйл бол БАЙГАЛЬ. Байгаль гэдэг энэ үгийн цаана хичнээн сүр хүч нуугдаж байдгийг 2004 оны 12-р сард зүүн урд зүгийн халуун орон болох Малайзид байхдаа би өөрийн биеэр амссан. Хүн төрөлхтнийг цочроосон аймшигт Цунами болсныг та бид мартаагүй. Монгол хүн миний хэзээ ч үзээгүй 7 баллын хүчтэй газар хөдлөлтийг мэдэрсэн хэдхэн хором үхэл амьдралын заагийг авчрах шиг болсон. Бид байгалийг захирч чадлаа, эзэн нь боллоо хэмээн уухайлж байсан үе ХХ зуун. Гэвч өнөөдрийн өндөрлөгөөс харахад хүн төрөлхтөн бид байгалийн сүр хүчийн өмнө хичнээн өчүүхэн, арчаагүй амьтад болохыг тэр үед ухаарсан билээ.

 Дэлхий нийтийн өмнө тулгамдчихаад буй хамгийн том асуудал “ДУЛААРАЛ”-аас бүх нийтээрээ айн чичирч эхэллээ. Монгол орон ч ялгаагүй дэлхий ээжийн нэгэн хүү. Бид эртний түүхтэй МАА-н орон. “Таван хошуу малаа тал дүүрэн бэлчээдэг” нутаг минь өнөөдөр цөлжилтөөс болж бэлчээр үгүй, идэх өвс үгүй болоход тулчихаад байна. Дулаарал буюу нарны хэт ягаан туяа хөрсөнд өөрчлөлт оруулж урьд ургадаг байсан олон арван төрөл зүйлийн өвс ургамал мөхөхөд хүрчээ. Ус гол минь ширгэж эхэллээ. 3600 гаруй булаг шанд сүүлийн арваадхан жилийн дотор ширгэж үгүй болсон. Элсний нүүдэл жилээс жилд газар авч байна. Ховордсон ан амьтад устан мөхөж байна. Бидний бага байхдаа үзэж харж мэдэрч байсан сайхан бүхэн өнөөдөр үгүйрч байна.

Та санаж байна уу, бид ганган гоёмсог эрвээхийг хөөн гүйж тоглодог байснаа. Та үгүйлж байна уу, бид Хатан Туулын усаа ариун рашаан мэт залгилдаг байснаа. Та бид мөч хором өнгөрөх тусам дулааран дулаарсаар буй байгалийн хувьслын эрин зуунд амьдарч байна. Дэлхийн дулаарлаас хүмүүс бид айж байна, даарч байна.

 

Х.Уянга

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.