Б.Должинсүрэн:"Хүнээс илүү эрдэнэ гэж үгүй"
Энэ удаагийн “Ярилцъя” буландаа Ионсей-Найрамдал эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмч Б.Должинсүрэнг урьж ярилцлаа.
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хоёулаа яриагаа охид, бүсгүйчүүд маань жирэмслэлтэнд биеэ хэрхэн бэлдэх, хэдэн настайдаа жирэмслэвэл тохиромжтой талаар эхлэх үү?
-Монгол хүний удмын санг эрүүл байлгая гэвэл эрүүл эх, эрүүл хүүхэд төрүүлэх ёстой. Ингэхийн тулд бүсгүйчүүд маань төрөлтөндөө тодорхой хэмжээгээр төлөвлөгөө гаргаж биеэ бэлдэх хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ? гэхээр эрхтэн тогтолцооны зүгээс эрүүл байх ёстой, өөрийгөө эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулаад, ямар нэг асуудал байх юм бол түүнийгээ эмчилж, асуудлаа шийдэж байж дараа нь жирэмслэх ёстой. Гэр бүл төлөвлөлтгүй жирэмслэснээс болоод үр зулбах эсвэл ураг дотроо өсөлтгүй болох амьгүй болох, төрөлтийн хүндрэл гэх зэрэг асуудал гардаг. Тийм учраас жирэмслэлтэнд бэлдэхийн тулд нэг хоёр жилийн өмнөөс биеэ бэлдэж, бүхий л шинжилгээ өгч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
-Сүүлийн үед манай охид мөнгөтэй, баян хүн л байвал тэр хүний удам угсаа, эрүүл мэнд хамаагүй юм шиг байдаг болж?
-Эмэгтэйчүүд маань жирэмслэж байвал бие физиологи нь эрүүл байж, эрүүл хүүхэд төрүүлнэ гэж шинжлэх ухаан үздэг. Гэхдээ хүн хэдийгээр бие эрхтний тогтолцооны талаас эрүүл байлаа ч гэсэн сэтгэлзүйн талаасаа ч эрүүл байх ёстой. Манай охид мөнгөтэй, орон байртай, машинтай хүнтэй суувал сайхан амьдарна гэсэн бодолтой байдаг. Энэ маань амьдралын үнэ цэнийн өчүүхэн хэмжээнд ч очиж чадахгүй, маш доогуур үнэлэлт юм. Түүнээс илүүтэй хайр сэтгэл нь эрүүл, бие цогцос сэтгэлзүй нь эрүүл байх хэрэгтэй. Ингэж байж л тэр хүн эрүүл төрнө, түүнээс заавал баян байлаа гээд эрүүл төрөхгүй шүү дээ. Халдварт өвчтэй хүнтэй суувал яах вэ? дээр үед манай монголчууд эцэг эх удам судрыг нь судлаж байж, бага байхад нь сүй тавьдаг байсан. Энэ чинь монголчуудыг ямар удам сайтай, ген сайтай болохыг хэлж өгч байна, хэдий генийг нь судлаад дүгнэлт гарчихсан юм биш ч гэсэн бидний ёс зан заншил үүнийг хэлж өгч байна. Тийм учраас аливаа хүн удам судраа мэддэг, найз нөхдийнхөө удам судрыг мэддэг. Үгүй дээ л гэхэд хүн харахад сэтгэлзүй, бие физиологийн хувьд эрүүл хүнийг сонгох хэрэгтэй. Амьдралын үнэ цэнэ хөрөнгө мөнгөнөөс үнэтэй өчнөөн үнэтэй юм хүн өөрөө шүү дээ.
-Өөрөө хүүхэд байж хүүхэд төрүүлчихлээ гэдэг. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Энэ тал дээр эцэг эхийн суурь хүмүүжил маш муу байгаа гэж хэлнэ. Сарын тэмдэг нь дөнгөж ирсэн юугаа ч мэдэхгүй 13, 14 настай охид юу ч мэдэхгүй шүү дээ. Тийм байдлаар амьдралын хүчинд автаж л жирэмсэн болж байгаа юм. Гэр бүлийн хүмүүжил муутайгаас мөн үр хүүхдээ хайр халамжаар дутааснаас ийм асуудал гарч байгаа юм. Түүнээс биш бүх юм нь бэлэн орчинд өсөөд зөвхөн тэр сексээр дутаад хүүхэд төрүүлэхгүй нь ойлгомжтой шүү дээ.
-Төрөхийн өмнөх бэлтгэл, төрсний дараах гээд л ярьдаг шүү дээ, энэ талаар ?
-Хуулиар заагаад өгчихсөн төрөхийн өмнөх 45 хоног, төрсний дараах 56 хоног, 70 хоног гэж байдаг. Энэ бол биологийн үндэслэлтэй хоногууд юм. Төрөхийн өмнөх 45 хоногт эмэгтэй хүн биеэ, сэтгэлзүйгээ бэлдэнэ. Төрөх ээж хэрвээ биеэ бэлдэхгүй бол жам ёсоороо, эрүүл төрж чадахгүй. Тийм учраас жирэмсний хяналтыг тухайн хүнд нь яг тааруулж зөв хийх хэрэгтэй. Төрсний дараа эмэгтэй хүнд бие физиологийн хувьд асар том өөрчлөлт ордог. Биеийн галбир, гэдэс сунахаас эхлээд хөхөнд сүү орно, хөхний толгой хагарна тэрнээс болж ээж нар яаж их зовдог гээч. Хөхийг төрөхийн өмнөх 45 хоногтоо л бэлдэнэ. Хөхөө угаах, тослох хэрэгтэй. Ямар ч бэлтгэлгүй хүүхдээ төрүүлдэг, тэрнээсээ болоод хөхний толгой хуурайшин их эмзэглэл үүсдэг. Тэр зовлонг туулахгүйн тулд эмэгтэйчүүд маань жирэмсэн байхдаа ялангуяа төрөхийн өмнөх 45 хоногт биеэ бэлдэж байх ёстой. Үүний зэрэгцээ төрсний дараа оёдол тавиулсан эхчүүд байдаг. Нэгдүгээрт том хүүхэд төрсөн бол төрөх зам гэмтдэг, эсвэл төрөх зам эрүүл биш, үрэвсэлтэй байвал урагдалт үүснэ. Ингэхгүйн тулд төрөхийн өмнөх төрөх замыг эрүүл байлгаж өгөх өөрөөр хэлбэл үтрээний цэвэршилтийг дээд зэргийн төвшинд байлгах. Нөгөө талаас төрөх зам эрүүл биш бол төрсний дараа хүүхдийн чих өвдөх, нүд нь өвдөх зэрэг асуудал гардаг. Энэ бүх зүйл эхийнхээ үтрээнд байгаа нянгуудыг хүүхэд чихээрээ, нүдээрээ авчихсан хамрын нүдний салстыг үрэвсүүлээд тэрнээс болоод хүүхэд өвчилж эхэлдэг. Тийм учраас төрөхийн өмнө, төрсний дараа маш сайн бэлтгэл хэрэгтэй байдаг. Төрсний дараа эмэгтэйчүүдээс шавхрага гардаг. 14 хоног орчим. Тэр үед дээшээ халдвар өгөх зам нээлттэй байдаг. Амархан халдвар авдаг.
-Гам барих тал дээр?
-Төрсний дараах хэд хоногт гам барих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл манай монголчууд ярьдаг 81 яс салж, 9 сүв нь онгойж эмэгтэй хүний бие нялхардаг гэжээ. Энэ бол өрөвдөлтэй. Эмэгтэй хүнийг гам барихад ханийх нь оролцоо их чухал. Наад зах нь халуун плитка, халуун индүүтэй харьцахгүй байх. Юм оёж хатгахгүй байх, аминдэмтэй хоол идэх. Гадагшаа салхинд гарахдаа чих, хамраараа салхи оруулахгүй байх. Ялангуяа доороосоо даарахгүй байх, савны хийтэй байх чинь доороосоо даарч хэвлийн хөндийрүүгээ салхи оруулсантай л холбоотой.
-Төрсний дараах бэлгийн амьдралын тухай... сарын тэмдэг ирээгүй мөртлөө жирэмсэлдэг?
-Хүн бүр өөр өөр. Зарим хүн төрсний дараа нэг сарын дараа биений юм ирчихдэг. Гэтэл заримынх нь хөхүүл байхад нэг жил, хоёр жилийн хугацаанд ирэхгүй байх ч тохиолдол байдаг. Тэр тохиолдолд сарын тэмдэг ирээгүй мөртлөө, яагаад жирэмсэн болчихдог, зарим нь бүр хөдлөж байхад нь мэддэг. Тэр ямар учиртай вэ гэхээр сарын тэмдэг ирэх гэж өндгөн эс яг боловсорч байдаг энэ үед жирэмсэн болчихдог. Сарын тэмдэг ирлээ бол дараагийн төрөлтөд бэлэн болсоон гэсэн үг. Тэгэхээр сарын тэмдэг яг ирэх гээд өндгөн эс гадагшилж байхад нь жирэмсэн болноо гэдэг эрүүл байж байгаад жирэмсэлсний шинж тэмдэг юм, энэ бол өвчин биш. Сар бэлгийн харилцаанд орохгүй байх хэрэгтэй. Ялангуяа хийсвэрээр, оёдолтой төрсөн эхчүүд бэлгийн харилцаанд орохгүй байх хэрэгтэй.
-Та өдөр болгон өвчтөнтэй харилцаж байна. Ихэвчлэн ямар өвчин ажиглагдаж байна? урьчдилан сэргийлэх арга замууд?
-Үзүүлж байгаа хүмүүсийн дунд бэлгийн замын халдварт өвчлөлүүд их байна. Халдварт биш ч гэсэн умайн үрэвсэлтэй байна. Мөн хүмүүс бэлгийн ариун цэврийг хангахаа байсан, хоёрдугаарт бэлгийн олон хавьтагчтай болсон байна. гуравдугаарт биеэ үнэлэгч нар олон болсон байна. Ийм олон шалтгаануудаас болоод бэлгийн замын халдварт өвчнүүд, бэлгийн замын энгийн үрэвслүүд их гарч байна. Үүнтэй холбоотойгоор үргүйдэл их болж байна. Хувийн эмнэлэг олон болсноос болж үр хөндөлт ихсэж, замбараагүй бэлгийн харилцаа ихэссэн гэх яриа байдаг. Эмэгтэйчүүдийн эмч хүний хувьд энэ тал дээр их эмзэглэж явдаг. Хүн өөрөө өөрийгөө л ухамсараараа авч явах л ёстой, үүн дээр эмч юу гэж хэлээд ямар ч нэмэр байхгүй. Гэр бүлийн хүмүүжил, хүний өөрийн боловсрол л энэ зүйлд хамаатай.
-Умайн хүзүүний хавдар ихэслээ гэж вакцин хүртэл хийдэг болсон байна?
-Умайн хүзүүний хавдар гэдэг бол гэнэт зүв зүгээр байж байгаад үүсээд байдаг юм биш шүү дээ. Түрүүн яриад байгаа бэлгийн замын халдварууд байна, бэлгийн замаар дамждаг халдварууд байна. Тэд нар бол умайн хүзүүний хавдар үүсэх гол шалтгаан болж байдаг юм. Мөн умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг вирус гэж байна. Тэр халдвар бол бэлгийн замаар л орж ирдэг. Тийм учраас бэлгийн харилцаанд ороогүй охидод энэ вакциныг хийгээд эхэлчихлээ. Тэгэхээр бэлгийн харилцаагаар л орж ирдэг учраас миний түрүүн яриад байгаа бэлгийн хавьтагчаа л зөв сонгох хэрэгтэй. Олон бэлгийн хавьтагчаас татгалзаж, бэлгийн замын халдвар авахгүй байвал умайн хүзүүний хавдраар өвчлөхгүй юм шүү дээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.






