Жүжигчин Р.Анхням: Би амьдрал хэмээх далайд аялж яваа зорчигч
Emegteichuud.mn сайт нь 2000 оны эхээр хэвлэгдэн гарч байсан “Шинэ цонх” хүүхдийн сонинд нийтлэгдсэн оддын ярилцлагуудыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Уг ярилцлагаас Монголын өнөө үеийн олны танил эрхэмүүдийн үзэл бодол, зан төрх ямар байсан тухайд мэдэж болох юм. Энэхүү зургийг жүжигчин Р.Анхнямын хувийн Facebook-ээс авсан болно.

-Та арван жилд байхдаа ямар хүүхэд байсан бэ?
-Би сахилгагүй талдаа, зөрүүд, дураараа зантай хүүхэд байсан гэсэн. 10 жилдээ урлагийн үзлэг, сургуулиас зохиодог үйл ажиллагаанд орох дуртай, ор гээгүй байсан ч гэсэн өөрөө сайн дураараа ороод л явдаг байлаа.
-Багаасаа жүжигчин болно гэж боддог байв уу? Аль эсвэл өөр мэргэжлийг сонирхож байсан уу?
-Багадаа балетчин болно гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдөл маань биелээгүй л дээ. Тэр үед балетчин болох хүүхдүүдийг нэгдүгээр ангид ороход нь шалгаж аваад Москва руу балетийн сургуульд явдаг байсан. Намайг нэгдүгээр ангид орох үед элсэлт авч таараагүй юм. Гэхдээ ямар ч байсан би урлагийн л хүн болно гэж боддог болсон. Харин энэ хүсэл 7,8-р ангид гэнэт өөрчлөгдөөд цэргийн хүн болно гэж бодсон боловч тэрэндээ нэг их дуртай байгаагүй юм шиг байгаа юм. Тэгээд 10-р ангиа төгсөөд урлагийн хүн болно гээд СУИС-д конкурс өгч орсон.
-Анхны үерхэл, анхны хайрынхаа талаар яриач?
-Анхны үерхэл ер нь 10-н жилд байдаг ш дээ. Минийх ч адил, хамтдаа хичээлээ давтаад, ийш тийшээ кино үзэж явдаг тийм л үерхэл байсан. Санаанд байнга бодогддоггүй ч гэсэн хааяа хааяа дурсдаг. Ямар ч муу санаагүй, их ариухан байсан. Харин анхны хайртайгаа бүр хожим хойно л учирсан /инээв/
-Танд ямар эр хүн таалагддаг вэ?
-Эр хүн хамгийн гол нь ухаантай байх ёстой. Мөн уужуу тайван сэтгэлтэй, хөдөлмөрч байвал зүгээр. Надад тийм хүн л таалагддаг.
-Амьдралыг юугаар төсөөлдөг вэ? Таны бодлоор амьдрал юун дээр тогтож байна вэ?
-Амьдрал миний бодлоор зах хязгаар нь харагдахгүй далай юм. Би тэр далай дунд хөлөг онгоцон дээр ганцаараа суугаад явж байгаа мэт санагддаг. Тэр замд нь жижиг арал, эсвэл хүн, бүр хар салхи ч таарч мэднэ. Магадгүй таарахгүй ч юм билүү. Гэхдээ амьдрал өөрөө хязгааргүй сайхан зүйл. Хүн болж төрөөд амьд явна гэдэг их хувь зохиолтой хэрэг. Өнөөгийн амьдралыг хүмүүс мөнгөн дээр тогтдог гэдэг л дээ. Тодорхой хэмжээнд хүний амьдралд мөнгө хэрэгтэй байлгүй л яахав. Гэхдээ ямар ч байсан бие биенийгээ хайрлах хайран дээр хүний амьдрал тогтдог.
-Одоо хүртэл санаанаас чинь гардаггүй хамгийн их сэтгэл хөдөлгөж, баярлаж байсан үе...
-Би зургаан нас ч хүрээгүй байхдаа сургуульд орсон. Жижиг хүүхдийн хувьд насны ялгаа их байдаг юм билээ. Манай ангид 7-8 настай хүүхдүүд орчихсон. Тэгээд л бэлтгэл ангид байхад дандаа дунд юмуу, сайн дүн авна. Би тэрэндээ аймар гуниглана, хүүхдүүдээс муу, чадахгүй байна гэж бодохоор л ёстой хэцүү санагдаад хичээлээ давтаад л суудаг. Нэг удаа онц авснаа ерөөсөө мартдаггүй. Өвөө намайг бэлтгэлээс ирж авахад нь өвөө би онц авсан гээд л дэвтрээ дэлгэсэн чигээрээ барьж явсаар эмээдээ үзүүлж байлаа. Тэр үед ээж хойно сурдаг байсан болохоор би өвөө эмээтэйгээ хамт амьдардаг байсан. Онц авсан дэвтрээ эмээдээ үзүүлэх гээд гүйгээд явж байснаа мартдаггүй. Хамгийн анхны авсан онц дүн болохоор ч тэр үү их баярласан, миний сэтгэлд одоо болтол байдаг.
-Хүнээс ямар бэлэг авах дуртай вэ? авч байсан хамгийн гоё бэлэг...
-Хүмүүс бэлэг гэхээр заавал баяраар өгөх ёстой гэж ойлгодог. Миний хувьд тийм биш. Зүгээр л нэг өдөр гэртээ байхад нь ээждээ ч юмуу аль эсвэл гэрийнхэндээ бэлэг өгч болно. Би хүнд бэлэг өгөх маш дуртай, тэгэхээр их баярладаг. Би өөрөө тийм, ийм бэлэг авах дуртай гэдэггүй, ямар ч бэлэг авсан их баярладаг. Хүмүүсээс янз бүрийн бэлэг авч байсан болохоор тэр нь гоё энэ нь муухай гэж бодож байсангүй.
-Багадаа хэнд хамгийн их гомдож байсан бэ? бас одоо хүртэл сэтгэлээс чинь гардаггүй гэмшил байдаг уу?
-Намайг гомдоож байсан хүн байхгүй ээ. Би өөрөө ч гэсэн хүнд айхтар гомддоггүй. Хамгийн их гэмшиж байсан нь: зургийн хичээлл дээр багш маань шинэ жилийн сэдэвтэй ханын самбарын жижиг загвар дэвтэр дээрээ зурж ир гэсэн. Би өөрөө чадахгүй, ааваар зуруулсан юм. Аавыг хүүхэд байх үед ханын самбарын дээр нь “Орон бүхний пролитари нэгдэгтүн” гэж бичдэг байсан юм байна лээ. Аав малгай өмсчихсөн хүүхэд зураад дууссаныхаа дараа дээр нь тэгээд биччихсэн. Надад тэр нь ерөөсөө таалагдаагүй. Маргааш нь шалгуулах гээд байдаг бүр шөнө болчихсон би дахиад зурж амжихгүй болчихоод уурандаа бүгдийг урж хаяад аав руугаа харсан чинь аав минь маш их гомдсон бололтой байсан. Бид нарыг жаахан байхад скоч гэж байгаагүй болохоор бүгдийг нь ар талд нь цавуудаж наагаад зургийг багшдаа үзүүлж байлаа. Тэгэхэд аав надад их гомдсон байх гэж боддог. Түүндээ их гэмшдэг. Одоо болтол мартдаггүй.
-Багш чинь тэр үед юу гэж хэлж байсан бэ?
-Хүнээр зуруулсныг нь мэдээж ойлгосон. Нэг юм хэлж л байсан байх. Сайн санахгүй байна. / инээв /
-Мэргэжлийн жүжигчин хүний хувьд тайз дэлгэцийн нэлээд дүрийг бүтээсэн. Тэр дундаас хамгийн хайртай ямар дүр байдаг вэ?
-Тодорхой хэмжээний хөлс, хүч гаргаж хийсэн учраас бүх дүрдээ хайртай. Хамгийн их хүч хөдөлмөр гаргаж бүтээсэн гэдэг утгаараа “Мөрөөдлийн хөлөг онгоц” киноны дүрдээ арай илүү хайртай байдаг.
-Хамгийн анх ямар дүрд тоглож байсан бэ? Ямар дүрийг бүтээх юмсан гэж боддог вэ?
-“Эгч дүү 3” гэдэг жүжгийн Наташагийн дүрд тоглож байсан. Тэр миний хамгийн анхны дүр учир их хайртай. Ирээдүйд яг тийм дүрд тоглоно гэж бодоогүй байгаа.
Шинэ цонх сонин 2005 он №11
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа


