Хартай нөхрөө яах вэ? (захидал)

Сайн байна уу? Би эмэгтэйчүүд сайтын байнгын уншигч. Би хүмүүсийн захидлыг уншдаг байсан бол өнөөдөр өөрөө хүмүүстэй санал бодлоо хуваалцаж зөвлөлгөө авмаар байна. Би нөхөр, охин(13 настай), хүүгийнхээ (2 настай) хамт амьдардаг, төсвийн байгуулагад судалгааны ажил хийдэг, 40 настай. Нөхөр маань хувиараа наймаа хийдэг.
Бид гэрлээд 18 жил болж байна. Өнөөдрийг болтол бидний амьдрал дардан байсангүй, арван жилд байхдаа үерхэж эхэлсэн бидний хайр амьдрал болсон болохоор зан зангаа мэдэлцсэн сайхан хос шиг хүмүүст харагддаг. Сэтгэл зориг зүрхээрээ амьдралаа бүтээх гэж хамтдаа зүтгэж, орох оронгүй байхдаа эцэг эх, ах, эгчийнхээ хажуу өрөөнд хүртэл амьдарч шударга хөдөлмөрлөж, улсад 18 жил ажиллаж, нөхөр маань ч хувиараа бизнесс эрхэлж байж, амьдрах байр, унах унаатай болсон.
Бидний амьдрал баян, хангалуун биш ч боломжийн дундаж орлоготой. Гэр бүлийн дотор сайдах, муудах явдал гардаг ч хий хоосон хардах нь үнэхээр хэцүү байна. Надад одоо найз нөхөд гэж байхгүй, бага хүүхдээ гаргаад гэртээ 1,5 жил суугаад саяхан ажилдаа орсон. Би гэртээ байж л байвал манай гэр бүлд хэрүүл гардаггүй. Харин намайг гэрээс гараад ганц цаг ч болоогүй байхад араас минут тутамд утасддаг. Би залхаад утсаа авахгүй бол элдэв хоёроор хэлсэн мэссэж явуулдаг. Бүр их хардаж уурлахаараа гар хүрдэг. Өөдөөс нь юм хэлмээр санагдсан ч цохиод авах бол уу гэж айж нуруу луу хүйт оргино. Намайг хүмүүс гаднаас маань хараад их жаргалтай сайхан хүүхэн гэж санадаг байх.
Залуу байхад энэ бүхнийг тэвчээд хүүхдээ авч аав, ээж рүүгээ гүйдэг байсан тэгээд л айлд удаан байгаад байх хэцүү санагдаад буцаад л ирдэг байсан. Одоо энэ насанд чинь "нөхөр хардаад" гэж хэлээд ах дүүгийнхээрээ явна гэдэг ичмээр санагдана.
Сүүлдээ бүр уурлаад байдаг болохоор нь нэг их хүн амьтантай нийлээд суугаад байдаггүй байсан маань түүнийг давруулсан бололтой. Гэтэл нөхөр маань өөрөө бол дуртай газраа өөрийнхөө дураар явна би ирэхэд нь хаашаа явав ч гэж асуудаггүй. Манай нөхөр архи, тамхи хэрэглэдэггүй, авгай хүүхэн гээд ч байдаггүй болохоор нь итгэдэг учраас асуудаггүй.
Би бүр учраа олохгүй, гэр бүлийнхээ төлөө хайртай хүмүүсийнхээ төлөө амьдралд дуртай, тохиолдсон ямар ч саад бэрхшээлийг давна туулна гэсэн итгэл маань алга болчихоод байна. Бүр одоо үлдсэн амьдралаа тайван, хийх дуртай ажил хөдөлмөрөө тайван хийгээд амьдармаар санагдаж байна.
Нөхрөөсөө салах уу, эсвэл яаж хашраах вэ? Та бүхэн надад тусалж, үнэтэй сайхан зөвлөлгөө өгнө гэдэгт найдаж хүлээж байна.
Баярлалаа.







