Энэ магтаал намайг алж байна

Манайх хотын жирийн нэгэн дундаж амьдралтай айлуудын нэг. Нөхөр бид хоёр гэр бүл болоод арван таван жил болжээ. Манайх гурван хүүтэй том нь арван дөрөвтэй, дунд хүү маань арван настай, бага хүүхэд гурван настай. Нөхөр хувийн бизнес эрхлэдэг. Харин би өнгөрсөн бүхий л хугацаанд гэртээ хүүхдүүдээ харж, нэг үгээр хэлбэл огт ажил хийсэнгүй. Жаахан онцгүйгээр нэрлэвэл гэрийн авгай арай эергээр хэлбэл гэрийн эзэгтэй байлаа.
Өдөрт миний хийдэг зүйлс гэвэл гэр цэвэрлэх, хоол хийх, юм угаах, хүүхдээ хооллох, салхинд гаргах, даалгаврыг нь давтуулах гээд олон ажил бий. Эдгээр ажлыг би өдөр бүр тогтмол хийсээр олон жил болжээ. Мэргэжлийн бүр мэргэшсэн гэж хэлж болно. Мэргэшсэн тул надаас өөр энэ ажлыг хийж чадах манай гэрт байхгүй. Бүгд эрчүүд болоод ч тэрүү.
Миний цаг заваа гарган хийдэг энэ ажлууд маань ямар богинохон настай гэж бодно. Хамаг л хөлс хүчээ зарцуулан цэвэрлэсэн гэрийг маань хоёр бяцхан үр минь өдрийн хагас болоогүй байхад л буулгаад хаячих нь. Бүхий л сэтгэл зүрхээ шингээн байж хийсэн хоолыг гэр бүлийхэн маань хэдхэн хормын дотор үгүй хийчих нь. Нойроо хугаслан байж угааж, индүүдсэн хувцас шүүгээнээс гараад л хиртчих нь. Ийм л богинохон настай, харж урам сэргэх зүйл үгүй ажлыг ямар ч амралтгүй олон жил хийсээр л байна би.
Өдөр хүүхдээ унтуулчихаад хажуугаар нь ороод жаахан дуг хиймээр байвч аль нэг ажлаа амжуулах гэж сэмхэн өндийдөг. Хийхгүй бол сэтгэл амрахгүй, аргагүй л мэргэжлийн өвчин гэлтэй.
Миний хамгийн жаргалтай мөч бол гэрийхэндээ таалагдах сайхан хоол хийж байх тэр л үе. Үнэндээ бүгдэнд нь таалагдах хоол хийнэ гэдэг хэцүү. Заримдаа би нөхөр том хүү хоёртоо хайрч хуурсан амттай хоол, дунд хүүдээ ямар ч өөхгүй махаар хоол хийх, бага хүүдээ зутан бэлтгэх гээд л олон төрлийн захиалга авдаг. Хамгийн сайхан нь тэд бүгдээрээ дуустал нь зооглодог.
Нөхөр маань харин ар гэртээ мөнгө төгрөг авчирч өгдөг бөгөөд ажлаа сайн хийдэг тул үр хүүхэд, ах дүү нартаа нэр хүндтэй. Айлын эзэгтэй хүүхдийн ээж болсон тэр л цагаас хойш би гэрийн эзэгтэйн ажлыг тасралтгүй арван таван жил хийсэн ч намайг нөхрөөс минь өөр магтах хэн ч үгүй.
Хааяа“би цэвэрлээд л, энэ хоёр буулгаад явах юм” гэж нөхөртөө хэлдэг юм. Харин нөхөр маань“зочин ирэх гэж байгаа юм шиг битгий ингэж цэвэрлэж бай л даа, яадаг юм бэ ингээд л байж байг л дээ” гэж намайг өрөвдсөндөө хэлнэ. Гэхдээ эмэгтэй хүн орон гэрээ цэмцийтэл цэвэрлэчихээд суух ямар сайхан байдаг билээ дээ.
Гараа гаргаж хийсэн хоолыг минь идэх бүрдээ нөхөр маань “чи минь том ресторанд тогооч л байх байсан юм” гэж ирээд л урам өгнө. Угааж цэвэрлэсэн хувцсыг минь сольж өмсөхдөө “чамдаа хайртай шүү” гэж хэлдэг. Надад байгаа хамгийн үнэтэй зүйлсийг минь чи харж, хамгаалдаг шүү гэнэ. Тэр нь гурван хүүгээ хэлж байгаа юм.
Энэ магтаал намайг гэрийн ажлыг мэргэжлийн болтол хийлгэх юм. Хэрвээ хайрт минь намайг ингэж урамшуулдаггүй байсан бол би энэ бүгдэд амьдралынхаа алтан цагийг зарж, залуу насаа гэртээ өнгөрүүлэхгүй байсан бол уу? Бусад хүүхнүүдийн адил хүүхдүүдээ хүнд харуулаад, өөрөө хамт олонтой сайхан ажил хийж явах л байсан байх. Гэрээс гарахгүй хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ их ажил маань намайг найзгүй болгосон. Надад ганцаардах үе зөндөө гардаг тэр болгонд би удахгүй ажилд орж хамт олонтой болно гэж боддог... Гэвч одоо миний хэвлийд бас нэгэн бяцхан амь бүрэлдэж байна. Гурван хүүтэй болохоор охин төрүүлчих юмсан гэж битүүхэн боддог. Гэхдээ хүү байвал яанаа гэж бас шаналж байна. Охин байвал гаргаж, хүү байвал "алуулах" юм гэж үү... Яах вэ?

