Ж.Батмөнх даргын гэргий А.Дариймаа: Ханиа үгүйлэх юм даа



Нэгэн үеийн Монголын түүхийг бичилцэж,  эгзэгтэй үед хамгийн зөв гарцыг олж чадсан хүн бол улс төрч Жамбын Батмөнх гуай билээ. Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн энэ хүний гэргий, тухайн үеийн тэргүүн хатагтай А.Дариймаа гуайтай уулзаж ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Сайн байна уу та? Сайхан намаржиж байна уу? 

-Сайхаан, хүүхдүүд сайн явж ирэв үү?

-Сайн явж ирлээ. 20 дугаар зууны тэргүүн хатагтай таныг emegteichuud.mn сайтынхаа уншигч бүсгүйчүүдтэй уулзуулахыг хүссэн юм.

- Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. /инээмсэглэв/ Миний үед “тэргүүн хатагтай” гэдэг нэр байгаагүй шүү дээ. Зүгээр л Батмөнхийн  эхнэр л гэдэг байсан юм.

-Төрийн том алба хашдаг хүний гэргий байна гэдэг мэдээж маш их хариуцлагатай байх?

-Тэгэлгүй яахав. Нэг өдөр би гэртээ хоол цайгаа хийгээд, өвгөнийгөө хүлээгээд байж байтал комиссар нь хаалга тогшиж орж ирээд “Батмөнх гуай Сайд нарын зөвлөлийн дарга болсон, одоо тусгай хамгаалалттай газар байгаа. Тийм учраас та ч гэсэн тэнд очих хэрэгтэй боллоо” гэж хэлээд л намайг Их тэнгэрийн ам руу хүргэсэн юм. Ингээд л би Сайд нарын зөвлөлийн дарга, сүүлдээ бүр ерөнхийлөгчийн гэргий болчихсон хүн дээ. Гэнэт ирсэн энэ том албан тушаалыг дагаад маш их ажлын ачаалал нөхөрт минь ирсэн. Цаашилбал, өмсөж зүүх, хэлж ярихдаа анхаарч цаг үргэлж бэлтгэлтэй, хяналттай байх хэрэгтэй болсон. Өвгөнийгөө гэр бүл, үр хүүхэд гээд олон асуудалд санааг нь зовоохгүй байлгахыг хичээн зүтгэсээн. Энэ бүхэн минь төрийн ажлаа хийхэд нь жаахан ч гэсэн  нэмэр болох байх гэж хичээсэн дээ.

-Төрийн тэргүүний эхнэр гэдэг утгаараа та олон орноор явж үзэж байв уу?

-Өвгөнтэйгөө хамт ажлын айлчлалаар Энэтхэг, Солонгос хоёр улсад л айлчилж байсан. Өвгөн маань улсаас зардал нь гардаг юм гээд намайг тэр болгон авч явдаггүй байсаан. Энэ хоёр оронд очсон сэтгэгдэл минь хэзээ ч мартагдахгүй, тийм сайхан байж билээ.

- Одоо үеийн тэргүүн хатагтай нарыг та таних уу? Тэдэнтэй холбоотой байдаг уу?

-Би тэдний нэгийг нь ч танихгүй ээ. Зурагтаар л хардаг.

- Харин тухайн үеийн улс төрчдийн эхнэртэй хэр холбоотой байсан бэ?

-Холбоотой байлгүй яахав. Бид чинь бүгдээрээ сайхан найзууд байсан. Одоо ч ихэнхи нь бурхан болж дээ хөөрхий.

- Тухайлбал, Цэдэнбал Филатова гуайн тухайд...

-Филатова гуай бол маш өндөр шаардлагатай, үнэнч шудрага, зарчимч эмэгтэй. Бид чинь бас л хоорондоо холбоотой, уулзаж ярилцдаг найзууд байсан. Энэ эмэгтэй бол манай Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө тэднийг боловсрол, мэдлэгтэй болгох гэж  зүтгэсэн гавъяатай хүн  шүү дээ. Нэг хэсэг түүнийг  буруутан хэмээн муулж байсан. Миний бодоход тэгмээргүй л юмсан. Хийж бүтээснийг нь үнэлж, сайшаах хэрэгтэй л юм шиг бодогддог юм даа.

-Эмэгтэйчүүд улс төрд оролцох боллоо. Танд үзэл бодол нь үнэнч шудрага гэж  дэмжиж явдаг эмэгтэй бий юу?

-Манай Монголын эмэгтэйчүүд бол чадалтай боловсролтой, улс орныг аваад явчихаж чадах зоригтой, чадвартай гэж би дотроо боддог. Эмэгтэйчүүд олноороо улс төрд  орж ирж байгаад би хувьдаа маш их баярлаж, тэднийгээ дэмжиж байгаа. Энэ бол яахын аргагүй зөв зүйтэй алхам.  Дэмждэг улс төрч эмэгтэйн хувьд Арвин гишүүнийг хувь хүн талаасаа би маш их дэмждэг. Миний хамгийн хүнд хэцүү үед эмэгтэй хүнээс л гарч болох тэр сайхан сэтгэлээр надад тусласан хүн.

Та нөхрийнхөө гаргаж байсан шийдвэрт нөлөөлж байсан удаа байгаа юу?

-Нөлөөлөөд байх юу байх вэ дээ. Харин ажилд нь туслахыг хичээдэг байсан. Жишээ нь: чи нэг гадуур дотуур яваад ямар үйл явдал болоод байна, ядаж урт цагаанаар нэг яваад амьдралтай танилцаад ир гэдэг байлаа. Би тэгээд долоо хоногт нэг удаа гадуур, явж дэлгүүр хоршоогоор орно. Иймэрхүү л нэг ойр зуурын л туслалцаа үзүүлдэг байснаас, шийдвэр гаргах түвшинд нөлөөлж байгаагүй ээ. Харин өөрийнхөө үзэл бодлыг хэлдэг байсан шүү.

-Таны амьдралдаа баримтлаж ирсэн зарчимууд юу вэ?

-Амьдралдаа баримталж ирсэн олон зарчим надад бий.Түүний дотроос хамгийн гол нь үнэнч шудрага амьдрахыг хичээж өдийг хүрсэн дээ. Үнэнээр явсан хүн хэзээ ч буруутдаггүй. Бас хариуцлагатай байж, хэлсэн үгэндээ хүрэхийг л их боддог. Чадахгүй зүйлээ чадна гэж худлаа хэлдэггүй. Ер нь тэгээд худлаа амлах, худлаа ярихыг тэвчдэггүй хүн дээ.

-Тө өөрөө ямар мэргэжилтэй вэ?

-Эгч нь уг нь малын их эмч мэргэжилтэй. Өвгөнөөсөө зөрөн байж мэргэжлээрээ ажиллахаар нэг жил хөдөө явчихаад, хөлөө хөлдөөчихөж билээ. Тэрний гайгаар энэ хөл маань өвддөг болсон. Тэгээд энэ мэргэжлээрээ ажиллаагүй дээ.

-Таны хамгийн сайхан гоёл юу байсан бэ?

-Монгол дээлээр л гоёдог байсан. Би өөрөө Монгол дээлнээс өөр хувцас нэг их өмсдөггүй байсан. Одоо ч гэсэн залуучуудаа Монгол хувцасаараа гоёосой гэж хүсдэг. Гадны ямар нэг юмыг дуурайх биш  үндэснийхээ хувцасаар бахархаж, гоёж байгаасай.

-Тийм шүү. Батмөнх гуайн тухай, таны өгсөн ярилцлага болгонд Хяргас нуурыг дурсаагүй өнгөрсөн тохиолдол цөөхөн байдаг?

-Тийм ээ. Хяргас нуур бол миний энэ насны амьдралдаа үзсэн хамгийн сайхан газар нутаг. Бас өвгөний минь төрж өссөн газар. Өвгөн маань амьд сэрүүндээ энэ нутгийн тухай үргэлж л дурсдаг байсан сан. Энэ нуурын хөвөөгөөр хурга ишгээ хариулж явлаа, энд ингэж тоглож явлаа гээд л дандаа надад хуучилдаг байлаа. Тэнд Цагаан хайрханы овоо гэж бий. Тэр овоон дээр өвгөний минь аав нэг мод тарьж байсан гэсэн. Хамгийн сүүлд 2007 онд өвгөний маань хөшөө босгох үед Хяргас нуурандаа очсон доо.

 

Ийнхүү бидний халуун яриа, бүлээн цай дууссан юм. Хүнээр дутаж, сэтгэлдээ ганцаардсан энэ буурай “үүгээр явбал орж гарч байгаарай” хэмээн бидний араас даллан даллан гэртээ үлдлээ.

Гадаа гарахад Даариймаа гуай тагтан дээрээсээ даллаж, чин сэтгэлийн инээмсэглэлээр биднийг үдсэн.

                                                Бид эргэж ирнэ ээ...




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.