“Spice Girls” мюзикльд тоглоно

90-ээд онд Их Британид төдийгүй, Европт байлдан дагуулж байсан охидын хамтлаг “Spice Girls”-ын таван бүсгүй “Viva Forever!” хэмээх шинэ мюзикльд тоглохоор болсон гэнэ. Хамтлаг тарснаас хойш тус тусын замыг хөөсөн бүсгүйчүүд Лондоны Пикадилли театрт “Viva Forever!” мюзикльд тоглохоор продюсер Жюди Грэймертэй гэрээ байгуулжээ.Жюди Грэймер өмнө нь тус театрт алдартай “Мама Миа” мюзиклийг тавьж байсан нэгэн билээ. Нэгэн цагт “Spice Girls”-ын халуухан охид гэгдэж байсан Виктория Бекхэм, Эмма Бантон, Мел С, Жери Халливел нар удаан цааргалсны эцэст мюзикльд тоглохыг зөвшөөрч гарын үсэг зуржээ. Хэвлэлийн хурал дээр эелдэг инээмсэглэж, хачин эвтэй мэт зургаа татуулдаг бүсгүйчүүд үнэн хэрэгтээ тайзны ард муур нохой шиг үзэлцдэг байсан гэдэг. Тэд сүүлд ‘Girl Power’ мюзикльд тоглосон авч тэднийг урьдынх шиг нэгтгэж чадаагүй билээ. Тэднийг нэгтгэхэд саад болж байдаг зүйл нь зүгээр суулгадаггүй амбиц нь аж. “Spice Girls”-ын бүсгүйчүүдийг саяхан болж өнгөрсөн Их Британийн хатан хаан II Элизаветагийн хаан ширээ залгамжилсны 60 жилийн ой буюу очир алмазан ойд очиж, эрхэм дээдэст хүндэтгэл үзүүлнэ хэмээн Британичууд хүлээж байсан ч талаар болсон юм. Лондоны Пикадилли театрт одоо Холливудын жүжигчин Патрик Свэйзи, Деми Мур нарыг од болгосон “Сүнс” киноноос сэдэвлэсэн мюзиклийг тавьж байгаа юм байна. Харин “Spice Girls”-ын бүсгүйчүүдийг нэгтгэх “Viva Forever!” мюзиклийг ирэх арванхоёрдугаар сард Зул сарын баярын өмнөхөн үзүүлэх гэнэ.
Н.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа



