Хатан сахиуст хорин нэгэн дарь эх цуврал №2
Олон жил гэртээ ном сахиж, хөдөө нутгаар хөлөө цуцтал бэдэрсэн эмэгтэйн чин хүсэл өндөр заяат Монголчууд өвөг дээдсийнхээ агуу их билэг оюуны гайхамшгийг мэдрээсэй, мэдээсэй гэсэн ганцхан хүсэл. Тиймээс ч тэрээр “Өндөр Гэгээнтэний цадиг, Адистэд урлаг аврал” номоо мянган номын хуудас шүүж, зуу зуун бээр газарт өөрийн бие сэтгэлээр хүрч, түмэн удаа судлан шинжилсний эцэст мэргэн цэцэн ардынхаа гар дээр хүртээл болгосон билээ. Энэхүү номын эзэнтэй өмнө удаад бид уншигч бүсгүйчүүдийгээ уулзуулсан. Харин амласан ёсоор энэ өдрөөс эхлэн “Өндөр Гэгээнтэний цадиг, Адистэд урлаг аврал” номын ном жаргаах наймдугаар бүлэг” Хатан сахиуст хорин нэгэн дара эх”-ийг цуврлаар дэлгэн барьж байна.
Өндөр Гэгээнтэнийг анхдугаар Богдоор өргөмжилсөн нь
Хаан эрдэмээр урлаж
Хатан ухаанаар сахиулсан
Хас эрдэнэ Монголын гал голомт
Онон мөрний эхэнд 1206 онд мөнх тэнгэрийн төгс буулт дайчин цэргийн эрдмээр дэлхийг тохинуулах хүчний дохио тэмдэг “Ононы шугуйд” их монгол улсын төрийн гал голомтыг эзэн Богд Чингис хаантан эрдэнийн гурван хөлт тулганы хооронд хэтээр цахисан галыг төрийн их хатан Бөртэ үжин үлээж хөгжөөсөн Монгол төрийн гал голомтыг алтан ургийнхан үе залгамжилсан сахисныг Халхын түшээт хан Гомбодорж хатан эх Ханджамцтаны хүү Өндөр Гэгээн Занабазартаныг 1639 оны нойжид /Согтуу/ хэмээх туулай жилд Их Монгол уулын ар бэлд Бага Монгол уулын ар хормойд бурхан номын ариун цагаан нигүүлсэл энэрэл зөөлөн хүчинд түмэн олонд төрийн бодлогоор түвшитгэхийн бэлгэдэл Ширээт цагаан нуурын хөвөөнд Монголын шарын шашны тэргүүн Анхдугаар Богдод өргөмжлөн, зүүн талд нь шар бүсийн өргөөг байгуулж Монгол төрийн гал голомт шүтээнийг дээдлэн залжээ. Өндөр Гэгээнтэн лам гурван эрдэнийн авралд шүтэн барилдаж, эрдэм чадал энэрэл нигүүлсэл дэлгэрэн гийсэн нь аргагүй л үнэн магад боловч, Английн түүхч А.Саундрес “Зүй тогтол нь хаана байна гэдгийг нарийн гаргаж үйл явдлыг дараалал холбоогоор нь авч үздэг ухааныг түүх гэнэ” гэжээ. (Ш.Адьшаа)
Монгол төрийн түүхийн ноёын нурууг хаадтай хамт түшилцэж төрийн гал голомтоо сахисан хатдын гоо үзэсгэлэнт ухаан билэг гавъяа нэгэн лагшинд бүрэн цогцлон Өндөр Гэгээнтэний хатан эхийг Халхын Заяабандид Гэгээн Лувсанпэрэнлэй /1642-1715/ дөрвөн Ойрадын Хошууд аймгийн Далай тайшийн охин Богдын эх гоо үзэсгэлэнт сайхан авирт хатдын эрдэм төгөлдөр хэмээжээ. Өндөр Гэгээнтэний бүхий л хувь хишиг тавил нь Хатад, Дара эх, Лхам Дагинас охин тэнгэртээ дүүрэн бэлгээр холбогдсон баймой.
Өндөр Гэгээнтэн: Сонин содон шинж бэлгэ олон нэгэн лхамо зүмпрэл охин тэнгэрийн ридийн хувилгаан мэт санасан ёсоороо эхийн тунамалаас үүлнээс мултарсан саран гийх мэт дагинас чуулахын онцгой өдөр үдээс өмнө XI жарны хөхөгчин гахай жил 9 дүгээр сарын 25-нд сэтгэл тааламжтай уул хад, урсгал ус бүрдсэн Халхын нутаг Хангай хан хэмээхийн Усан зүйл гэдэг газар уужим, ухаан ид заль чин зоригоор тэгш тэтгэгч Түшээт хан Гомбодорж, хатан Ханджамц эцэг эх хоёрноо Богд Өндөр Гэгээнтэн байгаль хорвоог өөрийн эрхээр уяраан ариулж лагшин буужээ. Өндөр Гэгээнтэн Монгол хатдын язгуур эрдэм ухаан ёс заншил, соёл гэгээнд тэтгэгдэн тэнхэрсний үндсээс зүйл бүрийн зүмпрэл билиг увидас цогцолсон хорин нэгэн эрдэм чадлаараа хувилах хатан сэтгэл ухаан зүрхэн тольтод нь амилсан хурсан хатан сахиуст хорин нэгэн дара эхээ урлан дархалж өвөг дээдсээс тохоон томилсон хувь хишигийн оноолтоор алтан ургаас өвлөсөн Монгол төрийн гал голомтоо хорин нэгэн хатдын билэг чанараар сахиулан манаж түмэн олноо хайрлан амаржуулж, асрал нигүүлсэл энэрэл ухаан бялхаасан элбэрэлт хатан ижий Ханджамцтаныхаа ачийг хариулан баясгасан буй.






