Дэлхий сөнөхгүй ээ, миний хүү

Саяхан нэгэн өдөр манай хороололд цахилгааны хязгаарлалт хийж өдрийн 15.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл тог тасарсан юм. цахилгаан бол хүний амьдралд ус агаар мэт хэрэгтэй зүйл гэдгийг улам ихээр мэдэрлээ.
Тэр үдэш би 10 настай хүүтэйгээ лааны бүдэгхэн гэрэлд удаан гэгч нь ярилцаж хууч хөөрсөн юм. миний хүү угийн их эмзэгхэн л дээ. аливаа зүйлд хандахдаа ул суурьтай, хал үзэж хашир суусан хүн шиг л хэвлүүхэн юм ярьж суудгийн. Миний хүү нүдэндээ нулимстайгаар өөрийнхөө ертөнцөд өөрөө бүтээгээд, нүдэндээ харах хүртэл нь төсөөлөөд байгаа “аймшигт явдал”-ын тухай надтай илэн далангүй ярилцсан юм.
Асар их мэдээллийн ертөнцөд аж төрж буй хүмүүн төрлөхтөн нэг бодлын азтай ч юм шиг. Дэлхийн хаанаас ч бие биетэйгээ холбогдох боломжтой, хэдхэн минут секундын дотор мэдээллээ олж авах гээд олон боломжуудыг нэрлэж болно. Үүний зэрэгцээ саад муу зүйл ч олон байх. Хэрэгтэй хэрэггүй аймшигт мэдээллүүд тархаж, хүмүүсийг айлгасаар л...
Хүү бид хоёрын ярилцсан зүйл юу вэ? гэвэл “Дэлхийн сүйрэл”-ийн тухай байлаа.
2012.12.21-нд Дэлхий дээр аймшигт явдал тохиох нь гэх мэдээллийг хүү минь Фейсбүүк хуудаснаас олж уншаад тэр мэдээлэлд итгэж, ихэд цочирджээ. Түүний ярьснаар дэлхий бүхэлдээ хав харанхуй болж, цаг зогсож хэдэн цаг болж байгаа нь мэдэгдэхгүй гэнэ. Бас ямар ч цахилгаан эрчим хүч байхгүй, зөвхөн гал гаргаж, лаа асааж болно. Крантнаас ус гоожихгүй, тийм учраас гурав хоногийн нөөцөө хангалттай нөөцлөх хэрэгтэй гэнэ. Энэ байдал гурав хоног үргэлжлээд дуусахгүй бол дэлхий сүйрэх болно.
Миний хүү түүнд итгэж ядан бяцхан ухаандаа бүгдийг төсөөлөн бодож, тэр аймшигт харанхуй өдрүүдийг хэрхэн өнгөрөөхөө төлөвлөсөн байв. монгол гэр л Монголчуудыг аврах цорын ганц найдвар гэнэ шүү. Бас хаанаас ч юм олоод мэдчихсэн нэг мэдээлэл нь “Чингис хаа, Дэлхийг байлдан дагуулж, эзлэн явахдаа, дэлхийн хамгийн гоё байгальтай, жилийн дөрвөн улирал ээлжлэн солигддог, газар нутагт Монгол улсыг суурьшуулсан” гэж сонсчээ. Дэлхийн улс орнууд сөнөж мөхлөө гэхэд ганцхан манай Монгол улс үлдэнэ гэж тэр ярилаа. Монголчууд тэр өдрүүдийг эсэн мэнд өнгөрүүлэхийн тулд байшинд амьдардаг айлууд, монгол гэр бариад гурав хоногийнхоо ус, хүнс, түлэх түлээгээ хангалттай нөөцлөх хэрэгтэй. Ингэж чадвал монголчуудаас нэг ч хүний амь нас эрсдэхгүй гэнэ. Харин эмнэлэгт, цэрэгт, шоронд байгаа хүмүүсийг яахыг хэлж мэдэхгүй байгаа, гэхдээ бодож байгаад заавал нэг арга олно гэсэн. Миний хүү энэ тухай зөндөө олон хоног бодож шаналсан нь надад мэдрэгдсэн. Хамгийн өрөвдөлтэй нэг зүйл ярьсан нь “Манай гэр бүлийнхэн хамтдаа байж байгаад л дуусах юмсан, одоо том ах, аав хоёр маань гэртээ байхгүй байгаа”... тэр эхэр татаж уйллаа. Би түүнд ийм юм хэзээ ч болохгүй гэж ойлгуулахын тулд дэлхийн үүсэл хөгжлийн тухай, хүн төрлөхтөн дэлхий дээр хэрхэн яаж бий болж, амьдарсан тухай ярьж, ойлгуулах гэж хичээсэн. Өсвөр насны хүүхдүүд, тэр тусмаа эрэгтэй хүүхдүүд төсөөллийн ертөнцөө бий болгож, түүндээ хэт итгэн автах нь цөөнгүй байдаг юм байна. Тиймээс ийм насны хүүхэдтэй эцэг эхчүүд, хүүхэдтэйгээ илүү ойр дотно харьцаж, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсож, юу нь зөв юу нь бурууг ойлгуулж байх хэрэгтэй гэнэ.
Бид хоёрын яриа эцэстээ дэлхий сөнөхгүй юм байна гэсэн итгэлийг төрүүлээд өндөрлөсөн.


