Д.Гантуул: Монгол бүсгүйчүүдэд гоо сайхны эмчилгээ ойртож байна



-Сайн байна уу? Сайтын уншигчид маань энэ удаад ямар хүнтэй уулзуулах бол хэмээн хүлээж суугаа байх. Тэгэхээр эхлээд өөрийгөө танилцуулаад, яриагаа эхэлье гэж бодож байна.

-Сайн байна уу. Сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Дашцэрэнгийн Гантуул гэдэг. Би Солонгос улсад Гоо сайхны эмнэлгийн зөвлөх, орчуулагчаар ажилладаг. Сөүлд байдаг Эмэгтэйчүүдийн дээд сургуулийг төгсөөд энэ мэргэжлээрээ дагнан ажиллаж байна. Чухам яагаад энэ салбарт орох болсон бэ гэвэл, би эмэгтэй хүн учраас бусдын адил гоё сайхан байхыг хүсдэг. Тэр чиглэлийн сонирхол ихтэй байсан, түүнээс гадна Солонгост гоо сайхны энэ салбар өндөр түвшинд хөгжсөн нь надад нөлөөлсөн байх.

 

-Тэгэхээр энэ салбарт ажиллаж “тогоонд нь буцалж” байгаа хүний хувьд илүү дэлгэрэнгүй сонирхмоор санагдлаа. Солонгос улс гоо сайхны мэс заслаар дэлхийд ямар түвшинд явдаг юм бол?

-Солонгос улс эрүүл мэндийн салбартаа, тэр дундаа хүн эмчлэх арга технологиор дэлхийд хоёр дугаарт ордог, энэ салбар үүсч хөгжөөд 25 орчим жил болж байна. Одоо дэлхийд нэгт бичигддэг Америкийг зарим талаараа гүйцэж байна гэж яригдаж эхэллээ. Үнэхээр ч тийм, би нэгэн жишээ хэлье л дээ. Европын нэгэн мэргэжилтэн маш сонирхолтой судалгааг хийсэн байдаг. Царайлаг эмэгтэйтэй гэгддэг улс орнуудын жагсаалтыг гаргаад гудамжаар нь уйгагүй явж охид эмэгтэйчүүдийнх нь зургийг дарж хооронд нь харьцуулалт  хийсэн байна. Тэгээд чухам аль орны эмэгтэйчүүд хамгийн царайлаг вэ гэдэг дээр Солонгос бүсгүйчүүд болох нь батлагдсан байна. Эндээс үзэхэд гоо сайхны хэм хэмжүүр, үнэлэмж Солонгост дээгүүрт байна гэж дүгнэж болох юм.

-Өөрийнхөө ажиллаж байгаа эмнэлгийнхээ талаар тодруулахгүй юу?

-Би одоогоор Сөүлийн Кангнам дүүрэгт байдаг “Ай” эмнэлэгт Гоо сайхны зөвлөх, орчуулагч, менежерээр ажиллаж байна. Энэ дүүрэгт чадалтай эмч нар бүхий Солонгосын хамгийн шилдэг эмнэлгүүд нь байдаг. Сайн эмнэлэгүүд төвлөрсөн газрын нэг жишээ болгож би өөрийнхөө ажилладаг эмнэлгийн тухай яривал уншигчдад сонирхолтой байх болов уу. Манай “Ай” эмнэлэг нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 10-аад жил болж байна. Гоо сайхны маш олон төрлийн эмчилгээ хийдэг. Тухайлбал нүдний давхраа хийх, дээд доод зовхины үрчлээг татах, хамар засах өндөрсгөх, монхор муруй сартгар засах, илүүдэл өөх соруулах, соруулсан хэрэггүй өөхийг дахин боловсруулаад хөхөнд болон дух нүүрний үрчлээтэй хэсэгт хийх, түүнчлэн шүдний бүх төрлийн эмчилгээг хийдэг. Мөн сүүлийн үед алтан утсаар арьс татах мэсийн бус эмчилгээг хүмүүс их сонирхох болж байна. Энэ нь 5 хоногт л эдгэрдэг байх жишээтэй. Ер нь Солонгост гоо сайхны эмчилгээний эрх авахын тулд тухайн эмч маш өндөр ур чадвартай, туршлагатай байх шаардлагатай.

-Солонгост хийгдэж байгаа энэ олон эмчилгээ үйлчилгээг жишээ нь би авахыг хүслээ, гэтэл эдийн засгийн багагүй бэрхшээл тулгарч таарна. Солонгосын туршлагатай эмчээр хагалгаа хийлгэхийг хүссэн хүн бүр Солонгос явж чадахгүй. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ?

-Солонгост Гоо заслын эмчилгээ үүсч хөгжөөд 25 орчим жил болж байна гэж үздэг. Энэ салбарын үйл ажиллагаа өдөр өдрөөр хөгжиж байна. Монголчууд ч Солонгост ирж эмчилгээ үйлчилгээ хийлгэх нь элбэг болж байна. Гэхдээ бидэнд зарим нэгэн санал хүсэлтүүд ирж байгаа. Визаны асуудлаас эхлээд ажлын цаг зав мөн зарим талаар санхүүгийн хүндрэл үүсдэг юм байна. Тэрийг аль болох боломжтой байдлаар шийдэж, хүмүүстээ ойртсон үйлчилгээ үзүүлэх үүднээс бид эмнэлгийнхээ салбарыг Монголд нээх талаар судалж байгаа.

-Үнэхээр Солонгост байгаагаас ялгарах юмгүйгээр чанарын өндөр түвшинд дээр дурдсан эмчилгээг эх орондоо авдаг болвол олон хүн талархаж магадгүй юм.

-Тиймээ хэрэв бид Монголдоо очоод гоо заслын эмчилгээг хийдэг болвол манай бүсгүйчүүдэд маш олон талын эерэг боломжууд гарч ирнэ. Өөрөөр хэлбэл эх орондоо зөвхөн эмчилгээний зардлаа төлөөд л хүссэн эмчилгээгээ хийлгэж болно гэсэн үг юм.

-Монголчуудын хувьд  иймэрхүү гоо сайхны эмчилгээ үйлчилгээ харьцангуй шинэ салбар. Тиймээс хүлээж авах байдал нь Солонгос хүмүүсээс арай ондоо байх. Өвдөхөөс айх, эцсийн үр дүнгээс айх гэх мэт нэлээдгүй асуудал гардаг байх?

-Манайхан ихэвчлэн хагалгааны үед ямар нэгэн өвдөлт гарах болов уу гэж айдаг. Тэр нь хагас унтуулах мэдээ алдуулдаг тариа хийдэг учраас ямар ч айх зүйл байдаггүй. Ихэнх хөнгөн хагалгаанууд өдөртөө эмнэлгээс гараад явж болдог. Гэртээ хариад эмчийн зөвлөмжийн дагуу байхад аюулгүй. Харин хамгийн хүнд хагалгаанд эрүүний гажиг засах хагалгаа ордог. Бусад нь харьцангуй гайгүй.

 

-Гоо сайхны хагалгааг үнэгүй хийх тохиолдол байдаг гэж дуулсан?

-Зарим үед эмнэлгүүд тийм нээлттэй үйл ажиллагаа зохион явуулдаг. Өөрийн сайн дураар хагалгаанд орохыг хүссэн хүмүүсээс сонгон шалгаруулалт хийдэг. Гол нь тухайн хүн хагалгаа хийлгэхийн өмнөх ба дараагийн зургаа олон нийтэд тавихыг зөвшөөрөх ёстой. Ихэвчлэн хамар нүдний хагалгаа хийлгэсэн хүмүүс байдаг ч заримдаа бүрэн эмчилгээ хийгдэх тохиолдол ч бий. Амьдралдаа сэтгэл дундуур байсан олон хүмүүс эндээс аз жаргалаа олж авдаг гэхэд болно доо.

-Хагалгааны сөрөг талыг асуух хэрэгтэй байх?

-Солонгост 16 нас хүрсэн бол үүнийг зөвшөөрдөг, сөрөг нөлөө ер нь байхгүй, хожим хүүхэд гаргахад гэдэг ч юмуу хэтийн гаж нөлөө байдаггүй. Гэхдээ олон удаа дахин дахин хийлгэсэн тохиолдлууд байдаг, тэр мэдээж сөрөг нөлөөтэй. Би саяхан сонссон, хорин хэдэн удаагийн хагалгаа хийлгэсэн хүн байна гэж. Аливаа юм хэм хэмжээтэй байх ёстой, туйлширахаараа мэдээж утгаа алддаг шүү дээ.  Эцэст нь танай сайтын уншигчдад хандаж хэлэхэд, хүн бүрт илүү залуухан, илүү  гоо үзэмжтэй харагдах боломж ойртож байна. Хэдий эрсдэлгүй зүйл гэж байдаггүй ч энэ бол өвчин биш учраас тодорхой хугацаанд бүрэн эдгэрнэ. Биеийн эсэргүүцэл сайтай зарим хүмүүс маш хурдан эдгэрдэг ч тал бий. Тиймээс ийм сайхан шинжлэх ухааны ололт, нээлт бий болсон цагт хүссэн эмчилгээ үйлчилгээгээ авах боломж ирж байна гэж хэлье дээ.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.