Цагийг нь тулгадаг зангаа хэрхэн болих вэ?
Бидний ихэнх нь нэг муухай зуршилтай. Юу вэ гэвэл бүх ажлуудыг маргааш, маргааш гэж хойшлуулсаар байгаад бүгдийнх нь цагийг тулгаад өдөр шөнийн нойрыг умартан суудаг. За тэгээд л би ийм ч их ажилтай байна, одоо ингэх хэрэгтэй байдаг, би хэзээ энэ их ажлыг хийж дуусгах юм бэ гэж хэнд ч юм бүү мэд гомдоллоно. Үнэн хэрэгтээ өөртөө л гомдох хэрэгтэй. Учир нь бид л өөрсдөө өнөөдрийн амрыг бодож хойшлуулсаар ийм байдалд хүрсэн шүү дээ. Уг нь өдөр өдөрт бага багаар ч болов хийгээд байсан бол цагийг нь тулгачихаад өөрийгөө зовоохгүй л байх байсандаа.
Би урьд нь эрт өгсөн зүйлийг хийхгүй явсаар байгаад цагийг тулгаад гэнэт ухаарсан юм шиг хоёр, гурав хоног нойр хоолгүй шахам сууж, оногдсон даалгавраа хийж дуусгадаг байлаа. Дараа нь нэг их гавъяа байгуулсан баатарын дүртэй тун ч сэтгэл өөдрөг амрана. Харин одоо бол өөр шүү. Даалгасан ажлыг хэрхэн хийж гүйцэтгэхээ өдрүүдэд хувааж, төлөвлөдөг болсон. Тэгээд төлөвлөснийхөө дагуу юмаа хийхэд өөрийгөө зовоох зүйл огт байхгүй. Нэг л мэдэхэд дуусчихдаг. Танд ч бас ажлын төлөвлөгөө боловсруулж байхыг зөвлөе. Үнэхээр амархан байх болно. Хэдхэн хоногт шахаж, өөрийгөө ядрааж байснаас эртнээс бага багаар хийж байсан нь дээр шүү дээ. Ажилч хичээнгүй бүсгүйчүүд ээ, амжилт хүсье.
Б.Цэцэглэн

