Хүзүүний арьсаа хайрлая

Хүзүүний арьс маш нимгэн тул эрт үрчлээтдэг. Эмэгтэй хүний насыг хүзүүгээр шинждэг гэдэг. Гэтэл эмэгтэйчүүд маань тэр бүр хүзүүний арьсаа хайрладаггүй. Өдөр тутмын зуршлууд болох толгойгоо хүчтэй эргүүлэх, ажлын цагаар байнга бөхийж ажиллах, эсвэл доош харж явах гэх мэт үйлдлүүд нь хүзүүний үрчлээ үүсэхэд нөлөөлдөг ба өндөр дэртэй унтах, хэвтээгээрээ ном унших нь мөн сөрөг нөлөөтэй байдаг. Иймээс эдгээр муу зуршлаас татгалзах нь зүйтэй.

Хүзүүгээ залуужуулахын тулд нуруугаа байнга эгц, мөрөө тэгш бардам байдлыг бий болгож, булчингаа чангалах хэрэгтэй. Ингэснээр эмэгтэй хүн нуруулаг, залуу, ихэмсэг харагдана.

Мөн та бүхэндээ хүзүүний арьсаа чангалах, үрчлээг багасгах дасгалуудыг хүргэе. Өдрийн туршид дараах дасгал бүрийг 3-5 удаа үе үе хийгээд үзээрэй.

  • Толгойгоо хойш нь гэдийлгэн, доод уруулаараа дээд уруулаа аль болох ихээр бүрхэж 5 хүртэл тоол. Дараа нь толгойгоо огцом урагш болгохдоо доод эрүүгээ суллан, уруулаа хэвийн байдалд оруулна.
  • Толгой эгц байрлалд хүзүү дээш татагдана. Баруун гарын долоовор болон дунд хуруугаа хагас нугалаад эрүүгээ тулж,амаа том ангайлган, хэлээ хүчтэй гаргаад 6-7 тоолсны дараа булчингаа суллан, амаа хааж, толгойгоо буулгана.
  • Уг дасгалыг зогсоогоороо хийнэ. Баруун гарын алгаа зүүн гар дээр тавиад эрүүнийхээ доор байрлуулж, толгойгоо гэдийлгэх маягаар дээш нь өргөнө. Эрүүний булчингаа чангалж, толгойны хөдөлгөөнийг зогсоож 6-7 тоолоод аажмаар 10-12 хүртэл тоолж булчингаа суллан толгойгоо буулгана.
  • Энэхүү дасгалыг “Анааш” гэдэг бөгөөд ажлын цагаар ч хийж болох маш чухал дасгал юм. Зогсож хийвэл илүү үр дүнтэй. Цээжээ эгцлээд хоёр гараа мөрөн дээрээ тавьж хүзүүгээ аль болох дээш нь болгоод амьсгалаа гаргахдаа биеэ суллана.

Эмэгтэйчүүдээ, сайхан хүзүү бол гоо сайхан байхын бас нэгэн илэрхийлэл. Дээрх дасгалуудыг өдөр бүр хийж заншаарай.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.