Шинэ жилийн гэгээн дурсамж

Цас ороход хамгийн түрүүнд бодогддог зүйл маань шинэ жил. Анхны цас айлчлах тэр үеэс шинэ жил удахгүй болнодоо гэсэн бодол санаанд ордог юм.

Ойрын үед шинэ жилийн уур амьсгал нилээд оржээ. Албан газрууд гаднаа гоё гоё гацуур мод чимэглээд, дэлгүүр, үйлчилгээний газрууд бүгд шинэ жилийн чимэглэлээ хийчихсэн байна. Гадуур шинэ жилийн уур амьсгал ийн орсон байхыг хараад жаахан байх үеийнхээ шинэ жилийг эргэн саналаа.

Цас орсоор, шинэ жил ойртсоор. Дэлгүүрт шинэ жилийн гоё гоё бэлгүүд өрөөстэй. Хурдан баяр болоосой, бэлэг авах юмсан гээд л шинэ жилийг тэсэн ядан хүлээнэ. Жаахан байхад баярт бус бэлгэнд хамгийн их ач холбогдог өгдөг байж. Цэцэрлэгт байхдаа өвгөн ааваас бэлэг авна гэдэг хамгийн сайхан зүйл мэт санагддагсан. Гэртээ хариад өвгөн ааваасаа авсан бэлгээ толиныхоо урд тавьчихна. Хүмүүст гайхуулах гэсэн хүүхдийн гэнэн зан байсан байхдаа. Аав ээжийн ажлын газраас өгсөн бэлэг, хүмүүсийн өгсөн бэлэг гээд бүгдийг нь сайхан цуглуулна. Хамгийн гоё бэлгийг хамгийн сүүлд иднэ. Адилхан бэлэг өгсөн гэдгийг мэдсээр байж, эгч бид 2 бэлэгнүүдээ бүгдийг нь харьцуулна. Минийхд ийм юмнууд байна, таныхт ямар байна гээд л. Эргээд бодоход дэндүү сайхан, хөгжилтэй санагдаж байна.

Шинэ он гарч баяр дуусна. Үүний дараах нэг том үйл ажиллагаа бий. Тэр бол гацуур дээр хүмүүс тавьсан мөнгийг хуваах. Энэ бол тун ч чухал зүйл шүү. Хүмүүсийн тавьсан мөнгийг яг таг тоолж үзээд, эгч бид 2 тэнцүү хувааж авна. Хэсэгтээ л аав ээжээс чихрийн мөнгө гэхгүй их л баян явна. Түрүүвч дүүрэн мөнгө, цүнх дүүрэн чихэр, шоколад. Ангийнхандаа би ийм бэлэг авсан гээд л үзүүлнэ. Ер нь л ямар нэгэн баярын дараа манай ангийнхан бүгд бэлгээ авчирч, нэгэнтэйгээ хуваадаг байсан юм. Ангиараа хичээлдээ анхаарах биш, бие биенийхээ авчирсан амттанд л анхаарал нь төвлөрнө.

Жаахан байхдаа өвлийн өвгөн жинхэнээсээ байдаг юм болов уу гэж боддог байсан юм. Хэрэв өвлийн өвгөн жинхэнэ юм бол яагаад манай багш нар өвлийн өвгөн болчихоод байдаг юм бол гээд л хааяа их л гүн бодолд автана. Шинэ жилийн тухай кино үзэхээрээ өвлийн өвөө байдаг гэдэгт итгэнэ. Гэхдээ одоо хүртэл би шинэ жилийн тухай кино үзэхээрээ өвлийн өвөө байдаг гэдэгт итгэдэг. Том болсон ч гэсэн өвлийн өвөө байдаг болов уу, байдаг бол ямар гоё вэ гэж боддог хэвээрээ. Харин та өвлийн өвгөн байдаг гэдэг итгэж байсан уу. Миний бага насны шинэ жилийн дурсамж ийм л гэгээн, баяр хөөр дүүрэн байжээ. Та бүхний шинэ жил хэрхэн өнгөрсөн бэ. Эрхэм уншигч бүсгүй та ч бас шинэ жилийн гэгээн дурсамжаа хуваалцаарай.  


 Б.Бадамаа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.