Хүн бүр хүүхдийн төлөө за гэж хэлээч...
Хүүхэд гэдэг хамгийн эрхэм нандин, хайрлуулж, энхрийлүүлэн хайран дунд өсөх ёстой эмзэгхэн дэлбээ билээ. Гэтэл томчууд бид тэдэнд яагаад ийм харгис хэрцгий хандах болов. Хэдхэн хоногийн өмнө төрсөн эх нь, хойд аавтай нь нийлж долоохон настай хүүгээ 300 төгрөг зөвшөөрөлгүй авсных нь төлөө гурван цагийн турш тамлан зовоож, сэхээнд ортол нь зодсон аймшигт
хэрэг биднийг цочроосон билээ. Энэ балмад үйлдлийг таслан зогсоож, цагдаагийн байгууллагат хандсан иргэн Н.Болортуяаг Нийслэлийн цагдаагийн газраас баярын бичгээр шагнажээ.
Баярын бичигт “Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Болортуяа нь Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан иргэний үүргээ биелүүлж хойд эцэгтээ зодуулсан 7 настай хүүхдийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалалтандаа байлган идэвх санаачлага гаргасныг үнэлж” хэмээжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл нь ихэвчлэн ахуйн хүрээнд нуугдмал байдлаар үйлдэгддэг гэмт хэрэг тул иргэд хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ цагдаагийн байгууллагад мэдээлэн хамтран ажиллахыг цагдаагийн газраас уриалсан юм. Монголд хүүхдийн эрх ямар их зөрчигдөж, бяцхан биендээ даашгүй их зовлон үүрч байгааг энэ хэрэг тодоос тод харууллаа. Үүний цаанаа хичнээн олон Монголын ирээдүй болсон бяцхан хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэл, эцэг эхийн хайраар дутаж байгааг үнэхээр төсөөлөшгүй...
Х. Эзлэн







