Шинэ жилийн дурсамж...

Анхны цасан хаялах тэр мөчөөс л шинэ жилийн тухай сайхан дурсамжууд сэтгэлд ойрхон санагддаг юм. Шинэ жилийн баяр бүхэн, сайхан дурсамжаар дүүрэн өнгөрдөгсөн. Хэн нэгэн нь надаас чиний хамгийн дуртай баяр чинь юу вэ? гэж асуувал би юу ч бодолгүй бас түгдрэлгүй хурдан гэгч нь  шинэ жил гэж хариулна.  Надтай адилхан хариултыг өгөх хүмүүс дэлхийгээр дүүрэн байгаа гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

... Биднийг жаахан байхад шинэ жил, цагаан сар хоёрыг хамтад нь тэмдэглэдэг байлаа. Өөрөөр хэлбэл шинэ жилээр цагаан сараа тэмдэглэж ахмад хөгшидтэйгээ золгож , айл хэсдэг байваа. 12 сарынхаа дунд үеэс айлууд цагаан сарынхаа бэлтгэлээ хийн, бууз баншаа чимхэж тавгийн боорцогоо хайрдаг байсан. Бас гэрээ цэвэрлэн, хивс дрожоо гөвцгөөдөг... Ийм нэгэн дүр зургийг тодоос тод санаж байна. Арван хоёрдугаар сарын 28,29-ны үед бяцхан гацуур модоо, хоймрынхоо авдар дээр байрлуулж чимнэ.  Үйлдвэрийн буюу тэр үеийн хэллэгээр Союз ёолктой  айл тэр бүр байдаггүй. Ихэнх айлууд улиасны мөчир ногоон усан будагаар будаад л чимэглэгдсэн. Ёолкныхоо өмнө хавтгай шонхор  хоёрын идээ засна.  Энэ идээн дээрээ хамаг  л өөдтэй өнгөтэй  чихэр печьенээ тавьдаг байлаа. Шинэ жилээр “Цагаан сар”-аа  ёслон тэмдэглэдэг байсан болохоор манайд их олон хүмүүс зочилно. Олон хүн гэрт зочлохын хэрээр  ёолкон дээр их мөнгө тавина. “Ёолкон” дээрх мөнгөө байн байн тоолоод л тэр мөнгөөрөө юу юу авахыгаа төлөвлөөд л...

... Шинэ жил бүхэн сайхан дурсамжтай, тэр дундаа хүүхэд насны шинэ жилүүд хэзээ ч мартагдахгүй  юм даа. Миний бага насны мөрөөдлүүдийг  нэг бол цасан охин болох байлаа. Гэвч би дунд сургуульд байхдаа “Цасан охин” болж чадаагүй ээ, харин оюутан болсон хойноо “ цасан охин болж миний бяцхан мөрөөдөл биелсэн юм.  Бас нэгэн гайхалтай дурсамжуудын нэг бол манай сургуулийн “Онцчуудын ёолк”... Сургуулийн онц сурлагатангуудын “Ёолконд” оролцож, өвлийн өвгөний бэлэг авна гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Хамгийн ихээр дурсагддаг хэрнээ хамгийн гунигтай шинэ жил, 10 дугаар ангиа төгсөх жилийн шинэ жил байжээ. Манай анги ганц хөвгүүн 22 охинтой байсан. Сургуульдаа л “нэртэй” сайн анги байждээ. 10р ангийн шинэ жилээрээ хамгийн ихээр баярлаж догдолсон хэрнээ зөндөө их уйлж байснаа санаж байна. Тиймээ дунд сургуулийнхаа сүүлчийн шинэ жилээ тэмдэглэж байсан болохоор гуниглан уйлж байсан биз...

Миний л хувьд , магадгүй олон хүний хувьд Шинэ жилийн үдэш хамгийн гайхалтай нь санагддаг юм. Саяхан болтол өөрөө бэлэг авч догдолсон жаахан охин байсан бол, одоо  хүүхдүүдээ баярлуулахыг тэсэн ядан хүлээдэг болсон. Бяцхан үрсийнхээ бэлэгээ аван баярлацгаахыг харах тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй, азжаргал. Тун удахгүй, хэдхэн хоногийн дараа “Шинэ жил” ирнэ

Шинэхэн бүхнийг даллан дуудсан

Шинэ жилийн баяр дэндүү сайхан...

                                                                                                            У. Чимэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.