Цэцэг бол цөмийн зэвсэг биш шүү

Хүн бүхэнд цэцэг бэлэглэх шаардлага зайлшгүй гардаг.   Наад зах нь дунд сургуулийн хүүхдүүд 9 сарын 1-нд цэцэг бариад сургуульдаа явдаг шүү дээ.  Ингээд бодохоор цэцэг бидний амьдралын салшгүй нэг хэсэг байж, бид өөрсдөө цэцэг бэлэглэх урлагийг эзэмшсэн байх ёстой мэт. Гэвч яагаад ч юм эсрэгээр  болчихоод байдаг.  Ялангуяа эрчүүд маань  энэ тал дээр олон бэрхшээлтэй тулгардаг нь үнэн. Тэд цэцгийн баглаа бэлэглэхээс хаашаа ч бултаж чадахгүй гэдгээ мэдэрдэг бөгөөд худалдаж авсан баглаагаа “ авч явахад амар болгох” зорилгоор  гялгар цаас , уутаар сайн далдалж аваад, эргэн тойрноо болгоомжтой харан “цөмийн зэвсэг” авч яваа мэтээр сэтгэлт бүсгүй рүүгээ гүйдэг.  Цэцэг бэлэглэх асуудалд ийм байдлаар хандаж хэрхэвч болохгүй. Ихэнх  эмэгтэйчүүд бэлгэнд цэцэг авах дуртай байдаг гэдгийг харгалзан үзсэн ч тэр, эрчүүд цэцгийн баглааг дуулгавартай аялдан дагах “бууж өгөх”  “өвдөг сөгдөхийн үндэс бус”. Харин хайртдаа баяр баясгалан бэлэглэнэ гэдэг утгаар нь ойлгох хэрэгтэй.

Тэгвэл одоо цэцгээ хэрхэн сонгох вэ?

Цэцэг бэлэглэхэд заавал шалтгаан байх албагүй. Шалтгаангүй бэлэглэсэн цэцгийн баглаа гэнэтийн, сайхан бэлэг болдог гэдгийг санахад илүүдэхгүй. Эрт үеэс цэцгийн баглааны хэл үүссэн. Өөрөөр хэлбэл таны бэлэглэсэн цэцгийн баглаа сэтгэл зүрхийг тань бүрэн илэрхийлж чаддаг гэсэн үг. Хэрэв хайртай хүн тань бэлэглэсэн цэцгийн утга санааг голчилж үздэггүй бол өөрт таалагдсан шинэхэн, өнгө үзэмжтэй, тансаг үнэртэйг нь сонгоход болно.  Гэхдээ хайрт тань ямар цэцэгт илүү дуртай болохыг мэддэг байх хэрэгтэй.  Магадгүй тэрбээр “уламжлалт сарнай”-д  дургүй, харин талын цэцгийг илүүд үздэг байж болох шүү дээ. Хэрэв  та урьд нь цэцэг өгч байсан туршлагатай , дуртай цэцгийг нь байнга бэлэглэдэг бол үүнээс татгалзахыг зөвлөе.  Хэдий нэг төрлийн  цэцэгт дуртай ч баяр болгоноор түүнийг нь бэлэглээд байвал аажимдаа уйдаж эхэлнэ. Танд орой бүр нэг л төрлийн хоол идүүлээд байвал ямар байх вэ? Түүнтэй адилхан цэцэг ч бас тийм үйлчилгээтэй. Бэлэглэх цэцгийнхээ ядаж өнгийг нь сольж байгаарай. Уламжлал болсон “улаан сарнай”-н оронд ягаан , цагаан гээд олон өнгөнөөс сонгож болно шүү дээ. Эсвэл гурван том цэцгийн оронд  долоон жижиг цэцэг сонгох гэх мэт олон хувилбар байдаг. Хэрэв таны бүсгүй цэцэгт үнэхээр дуртай бол сарнайн оронд цахирмаа, сараана эсвэл ямар нэгэн өвөрмөц бүтэцтэй цэцэг бэлэглэвэл дургүйцэхгүй болов уу? 

Цэцгийн баглааг хэрхэн сонгох вэ?

Баглааг сайхан зохицуулж боож чадвал ямар ч цэцэг сайхан харагддаг. Гэвч хэтэрхий гял цал боодол тууз зэрэг нь эргээд цэцгээ гутаачих тал байдаг. Баглаа боодол нь цэцгийг тодотгож өгөх ёстой болохоос өнгө зүсийг нь дарж хэрхэвч болохгүй. Тиймээс эрээн мяраан цаасны оронд энгийн гялгар цаас сонгосон нь дээр. Боогоогүй цэцэг яг л та өөрөө түүсэн мэт илүү шинэхэн сэтгэл хөдөлгөм харагддаг. Цэцгийн баглааг өгөхдөө хайртай хүнтэйгээ уулзах үед гудамжинд гэртээ өгч болно. Харин ингэхдээ ядаж хоёр, гурван үг  хэлэхийг хичээгээрэй. Энгийн хувилбар: “Үүнийг танд” бага зэргийн чихэнд чимэгтэй үг оруулаад “ Энэ сайхан цэцгийн баглааг орчлонгийн хамгийн сайхан бүсгүйд зориулж байна” гэх мэтчилэн таны уран сэтгэмж мэдэх хэрэг. Мөн та хайртдаа гэнэтийн бэлэг барихыг хүсвэл цэцгийн баглаагаа түүний нүдэнд шууд тусах газар тавиарай. Хэнээс өгч байгаагаа мэдэгдэхийг хүсвэл бяцхан захиа үлдээж эсвэл нууцгай үлдээсэн ч болно. Хамгийн гол нь сэтгэлээ цэцгийн баглаагаар илэрхийлэхээс битгий ичээрэй.  Хайртай хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлж, баяр баясгалан бэлэглэж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Тэр цагт үр дүн нь эргээд таныг баярлуулах нь гарцаагүй.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.