Хүүдээ бичсэн ээжийн захидал

Сайн байцгаана уу? Та нарынхаа энэхүү захидал хүрэх өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.
... Хайрт хүүхдүүд минь та зургаа минь миний амьдралын хамаг сайхан баяр, баясгалан, амьдралын минь утга учир гэрэл  гэгээ билээ. Ээж минь энэ хорвоогийн мянга мянган ээжүүдийн нэгэн адил эгэл жирийн нэгэн. Уул хангай шиг дөрвөн сайхан хөвүүн, уулын согоо шиг хоёр сайхан охин төүүлж өсгөсөн байдаг л нэг ээж. Хүүхдүүд минь өсөж торнихдоо ч ээж, аавдаа ердөө төвөг учруулаагүй, дор бүрдээ сайхан охид, хөвгүүд болжээ. Миний хүүхдүүд бурханы оронд очоод зургаан жил болж буй ааваасаа хойш ээж наддаа өмөг түшиг хань бараа болж ээжийнхээ ганцаардах гуниг золонг түшиглэн хуваалцаж айлын дайны айл шиг явах, цаашид амьдрах итгэл найдвар үргэлж төрүүлж ирсэн болохоор ээж нь та нарыгаа улам ихээр хайрлаж, түүгээр ч барахгүй та нараараа үргэлж бахархаж явдаг юм шүү. Миний хүүхдүүд өв тэгш хүмүүжилтэй, хүнлэг, эрдэм боловсролтой, ажил төрөлтэй, шулуун шудрага хүний дайтай ажиллаж амьдарч яваа болохоор ээж нь цаг үргэлж санаа сэтгэл өөдрөг, өег тайван байдаг юм. Хэрэв аав нь амьд сэрүүн байсан бол миний л адил баярлаж та нараараа бахархаж бардамнаж явах байсан даа. Гэхдээ та нарыгаа аав чинь тэнгэрийн орноос харж өдий дайны явцгааж байгаад чинь сүнс нь хүртэл баярлаж байгаа гэдэгт итгэл дүүрэн байж болноо үрс минь. Ээжийн дөрвөн сайхан хан хүү уулыг өргөж, усыг ч эргүүлэх чадал увидастай хөвгүүд минь та нар аавынхаа үргэлжлэл юм шүү. Ээж нь та нараасаа аавын чинь цэл залуухан хорин хэдэн насыг олж харах бүрийдээ сэтгэлээ баясгаж ийм л сайхан эр хүн байсан даа гэж өр зүрхнийхээ гүнд өөрийн эрхгүй дуу алддаг даа. Би энэ  дэлхийн хамгийн баян ээж. Учир нь надад  зургаан сайхан хүүхэд, гурван зээ, гурван ач байна. Хүн сэтгэл зүрхээрээ баян байхад санасан бүхэн үлгэрийн юм шиг л бүтнэ. Иймд цаг бүр сэтгэлээр баян итгэл дүүрэн байгаарай. Төр өнөө цагийн ороо бусгаа энэ үед хүн чанар гэдэг эрхэм нандин зүйлийг бурхан мэт шүтэн дээдлээрэй. Ингээд надад энэ хорвоод эх хүн болж эрхэм нандин чухал үүргийг үүрүүлж эх хүний энгүй эх аз жаргалыг атлуулж, эдлүүлж яваа зургаан сайхан хөвгүүддээ ээж нь цаг үргэлж баярлаж явдагаа дахин дахин илэрхийлж та бүхэндээ нарт ертөнцийн хамгийн сайн сайхан, эрүүл энх аз жаргалыг ерөөж захидлаа өндөрлөе.
 Хүү минь чи аавынхаа үргэлжлэл
Хэн ч харсан үнэхээр адилхан
Ааш зан  үйлс нь бас адилхан
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.