Маргааш цаг агаар эрс муудах учираас чухал ажилаа өнөөдөр амжуулаарай бүсгүй минь!

Баруун Сибирээс манай нутаг руу шилжин ирж байгаа хүйтэн агаарын улмаас маргааш төвийн нутаг дээр өндрийн бага даралтын орон үүсч, цаг агаар эрс муудах нөхцөл бүрдсэн байгаа аж.

Иймээс байгаль, цаг агаарын болзошгүй аюулаас аж ахуйн нэгж, байгууллага, малчид, ард иргэдийг урьдчилан сэрэмжлүүлж байна.

Маргааш Төв болон Зүүн аймгуудын нутаг, Говийн нутгийн хойд хэсгээр, 19-нд Зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас орно.

18-нд Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн нутаг, Төв, Баянхонгор аймгийн  өмнөд хэсгээр, 19-нд Зүүн аймгуудын нутгаар салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурна.

Агаарын температур маргааш өдөртөө Говь, тал, хээрийн бүс нутгаар  19-24 градус, зарим газраар 28 градус хүрч халах боловч оройдоо 10-15 градусаар сэрүүснэ. Маргааш Улаанбаатарт хур тунадас орж, салхи 18-20 м/с хүрч, оройдоо эрс сэрүүснэ.


Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт Говь, тал, хээрийн бүс нутгаар салхи 18-20 м/с, зарим үед түр зуур 24-26 м/с хүрч шороон шуурга шуурсны улмаас 5 аймгийн 9 сум, нийслэлийн 4 дүүрэгт 14 барилгын дээвэр хийсч, 14 гэр, 51 хашаа нурж,  Хөвсгөл аймгийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, нийслэлийн Багахангай дүүрэгт уурын зуухны яндан хугарсан байна.


Мөн 2008 оны 5 сарын 26-нд манай улсын нутаг дээр өндрийн бага даралтын орон үүсч, Зүүн аймгуудын нутгаар өглөөгүүр их дулаан байж байгаад үдээс хойш хүчтэй салхи салхилж, шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтэрсний улмаас олон арван хүн амь насаа алдаж, улс нийгэм, ард иргэдэд асар их хэмжээний хохирол учирч байсан гашуун сургамж байдаг.

Иймд албан байгууллага, ард иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийг тухай бүр нь шуурхай хүлээн авч, үйл ажиллагаагаа зохицуулж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

                                                 Цаг уур, орчны шинжилгээний газар

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.