Баярын ширээний зоог ”Шарсан цацагт хяруул”
Шарсан цацагт хяруул
Тавхан хоногийн дараа шинэ жил ирлээ. Эзэгтэй нар маань хоолны ширээн дээрээ ямар амттанг дээжлэхээ бодож эхэлсэн болов уу. Бодож амжаагүй бол хүүхнүүдээ анхаарлаа хандуулаарай.

Баярын ширээгээ шарсан торой, цацагт хяруулаар чимэх гэж ресторанаас 200-250 мянган төгрөгөөр худалдан авна. Харин та захаас цацагт хяруул, торойгоо 30-40 мянган төгрөгөөр аваад ээжийн маань жороор шараад үзээрэй.
Цацагт хяруулаа сайтар гэсгээгээрэй. Цацагт хяруул нь том учир их удаан гэсдэг юм билээ. Тиймээс шарахаас нэг өдрийн өмнө гаргаж тавиарай. Сайн гэссэн цацагт хяруулаа нимбэгний шүүс түрхээд дээрээс нь давс, перец цацаад хэсэг амраана. Үүний дараа гадна доторгүй горчиц түрхэж тахианы мах амтлагчаар амтлаад 200 хэмд халаасан шарах шүүгээнд хоёр цаг шарна. Шарж байх явцад гарсан махны шүүсийг дээрээс нь асгаарай. Хүссэн ногоогоороо чимэглэж, хачирлана.
Нэг цацагт хяруул нь 10-15 хүний порц болно.






