Эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлын талаарх хэлэлцүүлэг боллоо

Манай Монголчууд эрт дээр үеэс эх хүн, эмэгтэй хүнийг хайрлан хүндэлж ирсэн агуу түүхтэй ард түмэн билээ. Эмэгтэй хүний үүрэг оролцоо зөвхөн ээж байх, гэрийн эзэгтэй байхаар хэмжигдэхгүй бөгөөд өөрөө эрүүл байж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, улмаар хүн амын өсөлтийг хангаж, улс үндэстний оршин тогтнохуй, аюулгүй байдлын эх үндэс болж байдаг хамгийн чухал хүмүүс юм.
Манай улсын нийт хүн амын 51,4%-ийг эмэгтэйчүүд бүрдүүлж, үүний 17,4%-ийг өсвөр насны охид эзэлж байна. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал бол гарцаагүй төрийн бодлогын цөмд орших ёстой чухал асуудал бөгөөд төрөөс хүн амаа өсгөх, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр шат дараатай цөөнгүй бодлого, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн байдаг. Тухайлбал Өмнөх Засгийн газрын үед буюу 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 61 тоот тогтоолоор 2012-2016 оны хооронд 4 жил хэрэгжих “Нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний 4 дэх хөтөлбөр” батлагдсан бол энэ 2014 оныг Засгийн газраас эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаад байна.
Үнэхээр өрх гэрийнхээ тулах багана нь болж, ар гэр, аж амьдралынхаа олон хүнд ачааг нуруундаа үүрч, сэтгэлдээ хадгалж, эрүүл мэндээ золиослож явдаг хүмүүс бол эмэгтэйчүүд байдаг ба тэдний эрүүл мэндтэй холбоотой зарим тоо баримтыг дурдъя.
Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэг суурь өвчтэй байгаа нь жирэмсний болон төрөхийн хүндрэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Үүний зэрэгцээ сүүлийн үед охид бүсгүйчүүд нимгэн хувцаслаж, доороосоо даарснаас үүдэлтэй үтрээний үрэвсэлт өвчин, өндгөвчний үрэвсэл гэх мэт эмнэлгийн хэлээр өгсөх замын халдваруудад ихээр өртөж байна. Эдгээр нь цаашлаад цестит хөдлөх, үргүйдэх, бөөр өвдөх, хөл гар үе мөч өвдөх гээд олон өвчний суурь шалтгаан болдог. Энэ мэтчилэн өсвөр үеийнхэнд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хангалтгүй байгаагаас бэлгийн замын өвчлөл, хүсээгүй жирэмслэлт түгээмэл байгааг дараах тоо баримт харуулна.

2012 оны байдлаар 1000 эмэгтэй тутмын 544 нь жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл ашигласан бөгөөд үүний 24,3% нь ерөндөг тавиулж, 23,5% нь эм бэлдмэл хэрэглэжээ. Манай ихэнх хувийн эмнэлэгт ерөндөг тавьдаг бөгөөд түүнийг буруу тавьснаас үүдэн сав цоорох, гуурсан хоолойгоор гадагшаа гарах, умай, булчиндаа шигдэх аюултай учраас үүнд маш болгоомжтой хандах шаардлагатай юм.
Өсвөр насны охид, залуу эмэгтэйчүүдийн дунд хамгийн их тохиолддог эрүүл мэндийн эрсдэл бол АБОРТ буюу үр хөндөлт юм. Манай улсад үйлчилж буй хуулиар бол жирэмсний эхний гурван cap буюу 12 долоо хоног дотор эх өөрөө үр хөндүүлэхийг зөвшөөрдөг бөгөөд ийм үйлчилгээ үзүүлэх эрхтэй 10 гаруй хувийн эмнэлэг байдаг байна. Харин олон эмэгтэйчүүд үүнийг тэр бүр мэддэггүй бөгөөд зөвшөөрөлгүй хувийн эмнэлэгт хандан үйлчлүүлж, эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг. 2002 -2005 онд жилд дунджаар 9000 эмэгтэй үр хөндүүлж байсан бол 2007, 2011, 2012 онуудад хамгийн өндөр буюу жилд 15800- 17500 эмэгтэй үр хөндүүлсэн статистик тоо баримт байна. Өөрөөр хэлбэл 1000 амьд төрөлтөд ногдох үр хөндөлтийн тоо 247 байгаа нь маш өндөр үзүүлэлт юм.
Энэ бол албан ёсоор бүртгэгдсэн тоон мэдээлэл бөгөөд хуулиар хязгаарласан үйл ажиллагаа учраас бүртгэгдээгүй үр хөндөлтийн тоог хэлэх боломжгүй юм. 2012 оны байдлаар нийт үр хөндөлтийн 47,8% буюу 8823 нь хувийн эмнэлэгт хийгдсэн байгаа нь анхаарал хандуулах асуудал мөн.
Эх нялхасын эрүүл мэндийн тухайд авч үзвэл: 2013 оны байдлаар 79780 эх амаржсаны 40287 нь нийслэл улаанбаатар хотод амаржжээ. 2000 онд 100000 эх тутамд ногдох эхийн эндэгдэл 158 байсан бол 2012 онд 50,8 болж 3 дахин буурснаар манай улс эхийн эндэгдэл өндөртэй орноос дундаж түвшинтэй орны тоонд шилжсэн байна. Харин 1000 хүүхэд тутамд ногдох нялхасын эндэгдэл 2002 онд 29,6 байсан бол 2012 онд 15,5 болж буурчээ. 2013 оны байдлаар нийт амаржсан эхчүүдийн 22,4 % буюу 16700 эх хийсвэрээр төрсөн ба үүнээс 1350 эх хувийн эмнэлэгт хийсвэр аргаар амаржээ.
Сүүлийж жилүүдэд үргүйдэл нэмэгдсэн нь эмч нарын санааг маш их зовох болсон. Эмэгтэй хүн болж төрсний хамгийн чухал нэг үүрэг бол үр хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлэх явдал байдаг. Хүүхэд төрүүлж чадахгүйгээс эмэгтэй хүн сэтгэл зүйн хүнд дарамт стресст орохын зэрэгцээ гэр бүлийн харилцаанд ан цав үүсдэг. Монгол Улсад анхны үр шилжүүлэн суулгах төв 2011 оны 11 сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд жил хагасын хугацаанд 700 гаруй хос тус төвд ханджээ. Үргүйдлийн эмчилгээ нь цаг хугацаа, мөнгө санхүү ихээхэн зарцуулж, үе шаттай үргэлжлэхийн зэрэгцээ сэтгэл санаа хийгээд бие мах бодийн маш их тэсвэр тэвчээрийг шаарддаг байна. Түүнээс гадны сүүлийн жилүүдэд тоо нь олширч, сэтгэл эмзэглүүлэх болсон нэг үзэгдэл бол өсөлтгүй жирэмслэлт юм. Үүнд агаар орчны бохирдол, хэрэглэж буй хүнс тэжээл, нийгмийн бухимдал стресс голлон нөлөөлдөг байна. 2012 оны байдлаар 1000 төрөлтөд ногдох амьгүй төрөлт 6,7 гэж бүртгэгджээ.
Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдож буй бас нэг өвчлөл бол хөхний хавдар. Үүний гол шалтгаан нь дээр үеийнхтэй харьцуулахад монгол эмэгтэйчүүд маш цөөн хүүхэд төрүүлэх болсонтой холбож үздэг. Дэлхий дахинд жилд ойролцоогоор 18 мянга эмэгтэй хөхний хавдраар өвчилдөг гэсэн статистик мэдээ бий. Эмэгтэйчүүд нөхөн үржихүйн наснаасаа эхлээд жилд хамгийн багадаа нэг удаа урьдчилан сэргийлэх зорилгоор хөхний зургаа авахуулж шинжилгээ өгөх, мөн эсийн шинжилгээ өгч савны амсрын хорт хавдраас урьдчилан сэргийлэх оношлогоонд хамрагдах шаардлагатай байдаг аж. Европт 45-аас дээш насны эмэгтэйчүүд жилдээ нэг удаа, түүнээс доош насныхан гурван жилд нэг удаа урьдчилан сэргийлэх оношлогоо үзлэгт хамрагддаг бол манай улсад ийм стандарт, зохицуулалт байхгүйн дээр урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлэгт ханддаг хүн маш ховор байгаа нь өвчлөлийг хүндрүүлж, эрсдлийг нэмэгдүүлж байна.
Энэ мэтчилэн нөхөн үржихүйн эрүүл мэнд чухлаар тавигдаж, нийт төрөлт өссөнтэй холбогдон сүүлийн жилүүдэд манай улсын эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгийн тоо эрс нэмэгдсэн бөгөөд дэгсдүүлж хэлбэл нэг байшингийн буланг тойроход тэдгээрийг харж болно.
2002 онд 536 хувийн эмнэлэг бүртгэлтэй байсан бол 2012 онд 1030 болж бараг 2 дахин олширчээ. Үүнээс 114 нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Улсын эмнэлэгүүдийн их ачаалал, очер дугаар, хүнд суртлаас зайлсхийсэн эмэгтэйчүүд маань хувийн эмнэлгийг зорин очиж, өндөр төлбөр тарифаар нь үйлчлүүлдэг. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд үйл ажиллагаа явуулах байгууллагын тоо ийнхүү нэмэгдсэн нь сайн хэрэг боловч тэдгээрийн баталгаат байдал, чанар стандартын асуудал нийгэмд эргэлзээ төрүүлж, айдас дагуулсаар байна. Тухайлбал: зөвшөөрөлгүй үр хөндөлт хийж хүний аминд хүрэх шахсан, хугацаа нь дууссан тариа хийж эмчлүүлэгчдээ хордуулсан, өвчтөнийхөө гэдсэнд марл бинтээ орхиж оёсон... зэрэг ноцтой фактууд зарим хувийн эмнэлэгт илэрч байсан билээ. Энэ мэтчилэн бидний эргэн тойронд эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон маш олон охид эмэгтэйчүүд байдаг ч хувь хүний нэр хүндтэй холбоотой асуудал учраас ихэнх хэсэг нь нууцлагдан, дарагдаж үлддэг. Хохирсон эмэгтэйчүүд хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна, хандлаа гэхэд нэр төрийг нь хамгаална, үр дүн гарна гэдэгт итгэлгүй байна. Өнөөдөр эдгээр асуудал дээр салбарын яам, мэргэжлийн хяналтын байгууллага, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллага, хүний эрхийн комисс онцгойлон анхаараасай гэж хүсч байна.
Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны
дэргэдэх залуу эмэгтэйчүүдийн “Brilliant” клуб
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


