Д.Чойжамц хамба: Ламын хүүхдүүд 70 хувь нь...

Монголын Бурхан шашинтны төв, Гандан тэгчэлин хийдийн тэргүүн Д.Чойжамцын залуучуудтай хийсэн  уулзалт ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа тэрээр юу ярив!

Шинэ нийгмийн сав бэлдэх хэрэгтэй

Дараагийн нэг чухал зүйл нь шинэ нийгмийн сав бэлдэх асуудал. Буддын шашинд ийм ойлголт байдаг. Энэ нь юу вэ? гэхлээр тухайн нийгмээ хүлээж авах сэтгэхүйг хүн бүрт  ялангуяа ирээдүйн иргэдэд төлөвшүүлэх явдал юм. Хэрвээ энэ нь тогтож чадвал шашин болон засаг төрөөс явуулж буй бодлого нь ард иргэдэд сайн үйлчилж улмаар тэр сэтгэхүй нь ард түмний үзэл санааг нэгтгэдэг, барьдаг байх ёстой. Гэтэл монголын нийгэмд маш олон сав бэлдэж байна. Жишээ нь: Солонгос киноноос авсан Солонгос савтай, Америк киноноос авсан Америк савтай, Хятадаас киноноос авсан кятад савтай байх зэрэг...Гаднах төрх, дотоод мөн чанар нь ч гадагшилсан байна.

Хүүхдүүдийн сав бэлдэхэд анхаарах хүмүүс бол багш нар


 Сав бэлдэх гэдэг дотор ардчилсан нийгэмд тэнцэх хүмүүсийг 10 жилээс нь эхлээд  л  сургах ёстой гэсэн үг. Хуучин түүхээ шинээр сэргээж авахгүй бол тэр сав олигтой сав болж өгөхгүй. Одоо үед өмнөх нийгэм рүүгээ ярвайж хардаг, бүдүүлэг гэж дорд үздэг иргэд бий болоод байна. Лам нарыг “яртай” ч гэж байх шиг. Хорин хэдэн онд л иргэд маш их яртдаг байсан. Дөчин хэдэн он гэхэд ихэссэн байдаг. Улаан засгийн үед ихэссэн байдаг. Тэр үе дэх замбараагүй явдалтай л холбоотой. Түүнээс биш лам л болохоороо яртдаг гэсэн үг биш.
 
70%  нь ламын хүүхдүүд

Ховордоход нь лам нар тус болсон бол үржихэд нь хамаагүй их тус болсон. 130 мянган ламын 30 мянгыг хэлмэгдүүлээд үлдсэнийг нь хар болгочихоор тэд бүгд гэр бүл болж хүүхэд төрүүлэх нь мэдээж. Одоо бидний дунд судалгаа хийгээд үзвэл  70%  нь ламын хүүхдүүд байгаа байх. Саяхан түүхийн хүрээлэнтэй хамтраад “Лам байсан иргэдийн Монгол улсад оруулсан хувь нэмэр” эрдэм шинжилгээний хурал хийсэн. Ингэхэд ихэнх авъяас билэгтэй хүмүүс лам нарын хүүхэд байна. Зураачдаас Шарав, яруу найрагчаас Лодойдамба, циркчидээс Данзансодном гэх зэрэг. Төв хорооны 9 гишүүний 7 нь лам нар байсан байх юм. Мөн дээрээс нь барилга байшин үйлдвэр заводыг барьсан хүмүүсийн ихэнх нь лам нар. Ингэхээр лам нар чинь монгол орны хөгжил цэцэглэлтийн төлөө их хөдөлмөрлөсөн улс юм шүү. Тиймээс түүхийг зөвөөр уламжлах явдал маш чухал.



Гадны соёлтой оронд аливаа буруу үйлдлийг хийхээс нь өмнө дохио өгдөг бол манай улс дараа нь арга хэмжээ авах гэдэг

Хөрөнгөтөн улс манай улс хоёрыг харьцуулж харвал нэг л юм дутаад байгаа юм. Жишээ нь солонгост машинд нь хурд хэмжигч байдаг. Хурд хэтрүүлбэл сануулдаг. Харин манай улс бол заавал торгож шийтгэх гээд байдаг. Гадны соёлтой улс орон аливаа буруу үйлдлийг хийхээс нь өмнө дохио өгдөг бол манай улс аливаа үйлийг дууссаных нь дараа арга хэмжээ авах гэдэг. Энэ мэтийг сайн хүүхдүүддээ сургаж шинэ хүн бэлдэх хэрэгтэй байна.

Лам хүний хувьд бурхны шашинд заасан сургаалиас айлдая

 -Бурхан багш айлдахдаа алтыг 3 янзаар үздэг юм. Алтыг 3 янзаар шинжилдэг.

1.    Халаагаад үз
2.    Таслаад
3.    Тунгаагаад үз

Түүн шиг жишиж үз, шинжилж үз тэрний дараа зөв байвал бурхны шашнаа шүт. Үгүй бол боль. Бурхны шашин сонголт эрх чөлөөг хүмүүст олгодог. Харин бусад шашин заавал шүтэхгүй бол болохгүй мэт ярьдаг.
-Бурхны шашинд язгуур харгалзахгүй.
-Жэндэр харгалзахгүй
-Бурхны шашны өөр нэг ялгагдах онцлог нь бурхан амьдралыг бэлдээд тавьдаг юм биш. Хүн зөвхөн өөрийн үйлийн үрээр амьдардаг.

“Чи өөрөө өөрийгөө аварна” гэж бурхан багш хэлдэг.

 Харин бусад загалмайтны шашин зэрэгт би чамайг аварна гэдэг.  Зөвхөн “чи өөрөө” гэдэг шашин буддизмаас өөр хаана ч байхгүй.
-Бие хэл сэтгэл 3-ын эрх чөлөө гэж бурхны шашинд байдаг. Биеэр эдэлдэг эрх чөлөөний эерэг тал эсрэг тал гэж 2 зүйл бий. Чи эрх чөлөөг олдсон цагт нь өөрөө хамгаал. Хамгаалж чадахгүй бол зовлонд унана. Өөрийн чинь эрх чөлөө бусдад очно. Эрх чөлөөг буян нүглээр хамгаалдаг. Нүгэл хийгээд байх юм бол өөрийн чинь эрх чөлөө алга болно.Буян гэдэг зүйл бол эрх чөлөөг тогтоож өгдөг. Хүнд сэтгэлийн эрх чөлөө бол байнга байдаг. Аливаа нэг хүн түүнд хориг саад тавьж чаддаггүй. Яагаад гэвэл хийсвэр дотор зүйл учраас.

Муу зүйл дараагийн төрөлд удамшиж үлддэг.

Хэдэн 10 жилийн өмнө хийсэн үйлийн үр өнөөдөр чамд нөлөөлж буй. Цэцэрлэгийн хүүхдүүдийг хотоос хөдөө руу аваачихад бүгд нэг ижил араншин гаргадаг. Хот хөдөөгийн ялгаа тэнд сүртэй харагддаггүй. Учир нь бид бүгдээрээ хөдөө талаасаа гаралтай учраас тэр. Сүнсэнд шингэсэн өвөг дээдсийн кодлосон зүйл дараагийн амьдралыг шийдэж байх шиг.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
saraa (103.26.194.1) 2014-03-12 00:55:54
Mundag hun shuu bayarlalaa