О.Дашбалбар агсны сүүлчийн шүлэг

Эдүгээ бидний дунд байхгүй ч хийж бүтээсэн зүйл, туурвисан уран бүтээлүүд нь ард түмний сэтгэлд үлдсэн яруу найрагч О.Дашбалбар агсны амьдралынхаа сүүлийн өдрүүдэд бичсэн шүлгийг хүргэж байна. Эрхэм найрагчийн зээ хүү Ш. Дашдорждоо зориулан бичсэн энэхүү шүлэг уншигч танд ухаарал хайрлаг.

 

 ХҮНД ТУСЛАХ АГШИН ХАЙРЛА  /ЗЭЭ ХҮҮ Ш. ДАШДОРЖИД/

 

Өлссөн нохдод хоол өгөхдөө би

Хачин их баярладаг.

Өлөгчин гичий цадаад явахдаа

Сайны ерөөл уншдаг.

Өнчин хүүхдэд хэдэн төгрөг өгөхдөө би

Хачин их баярладаг

Өр өвтгөсөн нялх амьтад нүдний нулимс гаргадаг.

Хүнд туслах агшин бүрийг

Алдахгүйг хичээдэг

Хүйтэн шөнө үнээ малыг өрөвддөг.

Эргэн тойронд минь юу ч боллоо гэсэн

Нинжин сэтгэлээ алдахгүй би

Энэ хорвоогийн амьтан бүхэнд

Хайр энэрэл хүсдэг би

Талд шогшиж яваа гуринхалсан чоныг

Хачин их өрөвддөг би

Тагтад урамдах бугыг ч

Хачин их өрөвддөг би!

Намрын бүрэнхийд даарсан

Цэцгүүдийг өрөвддөг би

Намайг хүн болгосон

Амьдралыг дээдэлдэг би

Манант хорвоогоос буцсан аав, ижийгээ

Хачин их санадаг би

Мартаж чадахгүй өдөржин шөнөжин зовдог би

Хүнд туслаагүй өдрүүд минь

Надад бараан санагддаг.

Хүйтний туйл, хоосон цөл шиг санагддаг.

Аяа, бурхан минь

Хүнд туслах ганц агшин ч болов хайрла

Алтан өдрүүд хайрлавал

Амьтны тусыг бүтээнэ би

Ганц өдөр, ганц өдөр

Ганц агшин, ганц агшин, ганц агшин

Газар дээр хүнд туслах он жил хайрла,

Улаан сахиус минь

1999.09.30

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
BUSGUI (202.126.89.175) 2014-04-28 13:54:02
iim sAIHAN HUMUUS TURUULEED YAVCHIHIIMDAA