Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд манай чөлөөтийн бүсгүйчүүд багаараа тэргүүллээ
“Буянт-Ухаа” спортын ордонд Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн манай улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Эмэгтэй 55 кг-ын жинд барилдсан А.Батцэцэг гурван барилдаанд өрсөлдөгчдөө илүүрхэн хожин түрүүлж Азийн өсвөрийн төдийгүй залуучуудын аварга болжээ.

Түүнийг энэ жил дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн өмнө нь хүлээж байгаа юм. 59кг-д С.Цэрэнчимэд, 63 кг-д Б.Нямгэрэл мөнгөн медаль, 67кг-д О.Оюунгэрэл мөнгө, 72 кг-д П.Номин-Эрдэнэ, 44кг-д Л.Баттогтох, 51кг-д Б.Мөнхтуяа, хүрэл медаль хүртэв. А.Батцэцэг, Б.Нямгэрэл нар өнгөрсөн жил хүртсэн хүрэл медалиа зэрэг ахиулж Азийн залуучуудын хошой медальтангууд боллоо.
Манай чөлөөтийн эмэгтэй багийн 8 бөхийн долоо нь медаль хүртснээр багаараа тэргүүлж чадлаа. Өнгөрсөн жилийн багаараа дөрөвдүгээр байраа эзэлж байсан бол ийнхүү түүхэн амжилт гаргаж эмэгтэй багаа дасгалжуулсан “Хасу-Мегастарс” багийн Ц.Баярсайхан дасгалжуулагч алтан цом гардан авсан байна.
Багийн дүн
Нэгдүгээр байр Монгол, 67 оноо
Хоёрдугаар байр Казахстан, 63 оноо
Гуравдугаар байр Энэтхэг, 60 оноо
Дөрөвдүгээр байр Япон, 57 оноо
Эх орныхоо нэрийг өндөрт мандуулан яваа чөлөөтийн эмэгтэй тамирчиддаа амжилт хүсэе!







