Хөгшрөлт гэж юу вэ?
Амьдралын дундах олон хүчин зүйлээс шалтгаалан бие сэтгэлийн түвшинд, хөгшрөлтийн процесс “явц” харьцангуй түргэсэхийг эрт хөгшрөх буюу хөгшрөлт түргэсэх гэдэг. Дархлаа сулран, өвчин хууч болон сэтгэл шаналал, ачаалал ихсэх үе илт мэдрэгдэнэ.Анагаах ухаанд хөгшрөл гэдгийг бүхэл цогц, эд эс солилцооны түвшинд адил хэмжээгээр явагдах биологийн зайлшгүй өөрчлөлт гэж үздэг.
Эсийн солилцоо аажмаар хувиралтанд орж зарим амин эсийн солилцоо удааширч, эд эс эвдэгдэх, эсийн хоорондох шаар арвидах, биеийн дархлааны систем доошилсноос болж арьсан дээр үрчлээ атираа гарах, булчин мах сулрах ба авчих, судасны уян хатан чанар алдагдах, хөгшрөлтийн бор толбо илрэх зэрэг ерөнхийлсөн чанартай үзэгдлүүд гэж тайлбарладаг. Хүний амь нас тодорхой цаг хугацаанд оршино.Т өрж өсөх нь эхлэл боловч өтлөж үхэх нь эцсийн цэг болно. Хөгшрөлийг байгалийн жам ёсны хөгшрөлт, эрт хөгшрөлт хэмээн хуваадаг.


- Эрт хөгшрөх гэдэг нь өвчин эмгэг, осол эндэл, амьдрал, нийгмийн олон зүйлийн шалтгаан нөхцлөөс болж хүн эрт өтөлж хөгширдөг. Үүнийг эрчимт хөгшрөл буюу эрт хөгшрөл гэж нэрлэмээр байна. Судалгаанаас үзэхэд нийгэм дээр хүн төрөлхтөн эрт хөгшрөлтөд өртөх нь ихэнх хувийг эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл хүн байгалийн жам ёсны хөгшрөлөөс түрүүлж амьдрал нийгмийн шалтгаант эрт хөгшрөлтөд автагддаг ажээ.

Хүн төрөлхтний ихэнх нь ямар нэгэн шалтгаан нөхцлийн улмаас зуурдаар насалсаар байгаа. Үүний гол шалтгаан нь эрүүл аж төрөх дадал зуршил, өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдлэг мэдээллийн хомсдолтой ихээхэн холбоотой. Хүмүүсийн эрүүл амьдрах урт наслалтын тухай үзэл бодол төлөвшиж хөгжөөгүй. Мөн нийгмийн хөгжил удаан, амьдралын дараас зэрэг ямар нэг шалтгаанаас болж хар залуугаараа ямар нэгэн өвчин архагт нэрвэгдсэнтэй холбоотой юм. 100 наслах хүн 70 нас хүртэл эм тангаас хол өвчингүй чийрэг явж сүүлийн 30 жилд нь эм тан буюу эмчийн тусламжтай амьдарч чаддаг.

Иймээс эрт өвчлөх нь хүний урт наслах, эрүүл амьдрахыг сааруулсан хүчин зүйл болохоор өвчнийг эрт үед нь нам дарах хэрэгтэй. Хүн бүр эрүүл мэндийн тухай мэдлэгийг сайн эзэмшиж чадвал эдгээр өвчнийг газар авахыг ихээр багасгаж урьдчилан сэргийлж, заавал өвчлөх албатай биш өвчингүй ч явж болно. Америкийн нэг судалгаанд эрүүл амьдрах мэдлэгийг сайн эзэмшвэл цусны даралт өвчнийг 55%-иар, тархины цус харвалтыг 75% -иар багасгаж чадна гэсэн байна. Иймээс “Мэдлэг бол эрүүл мэнд” гэдэг нь оносон үг юм.

Аливаа амьд бодис бүхэнд өөр өөрийн өсөн бойжих, өөрчлөн шинэчлэгдэх, агшран өтлөх зэрэг амь насны үндсэн жам байдаг. Хүнс тэжээл, чийрэгжүүлэх хөдөлгөөн, цаг агаар, орчин нөхцөл, унтаж амрах, ядаргаа ба арга билгийн тэнцвэр алдагдах эдгээрийн аль нэгэн талд доголдол хомсдолтой болсноор хүний бие махбод хямарч эрүүл амьдрах тэнцвэр алдагдан нийгэмд өргөнөөр тархаж буй олон өвчний эх үүсвэр болдог. Ийм учраас хүмүүс амьдрах цаг хугацаандаа байгаль, нийгмээс нөлөөлөх аливаа хүчин зүйлийг танин мэдэх, биед эерэг сөрөг үзүүлэлтийг ялган салгаж амьдрах нь өвчлөл хөгшрөлөөс өөрийгөө хамгаалах урьдал болно.







