МУГЖ Т.Ариунаагийн амьдралын замнал

Гал цогтой, дуучин эмэгтэй гэхэд л ихэнх хүмүүс таах байлгүй. Мэдээж энэ бол Монгол улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа юм. Даруухан жаахан охин гал цогтой “галзуу” эмэгтэй болж өөрчлөгдөв. Амьдралыг нь товч өгүүлэх хувийн түүхтэй нь танилцана уу.



Төмөрийн Ариунаа 1967 оны гуравдугаар сарын 15-нд Улаанбаатар хотноо төрсөн. Тэрбээр багадаа одоогийнх шигээ “галзуу” бус ихэд даруухан хүүхэд байсан гэдэг. Хичээлдээ нэлээд сайн, хөдөлмөрч, дуу дуулах дуртай нэгэн. Тэгэхээр багаасаа л авьяас нь илэрсэн байх нь.



Ариунаа нийслэлийн 52 дугаар дунд сургуульд сурч байв. Тэр үеэсээ л хүүхдийн дууны нэрт зохиолч Л.Галмандахын удирдлага доор бэлтгэл, сургуулилт хийж, “Нарны дуулал” хамтлагт дуулж байжээ. Анх 15 настай байхдаа “16 нас” хэмээх анхны дуугаа дуулснаар “од” болох замнал нь эхэлсэн гэж хэлж болно. Улмаар энэ дуу нь нэг жилийн дараа Монголын радиогийн “Алтан фонд”-д орсон юм.







Дунд сургуульд байхдаа аль хэдийнээ олонд танигдсан байв. Залуусын захиа зуу, зуугаараа цуварсаар. Яаж танигдсан гэхээр 10 жилийн дунд сургуулиа төгсөөд “Соёл эрдэнэ” хамтлагт байж байгаад, “Баян Монгол” чуулгад дуулж эхэлснээр уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Тус хамтлаг, чуулгатай хамтран 18 аймгаар аялан тоглолт хийж байжээ. Тэр үеийн “од” охин.

1986 онд Болгар улсын дээд сургуулийн эстрадын дуулаачийн ангид сурахаар явжээ. Эргэж ирэхдээ багын даруухан зангаа гээж, гал цогтой дуучин болчихсон байв. Энэ зурган дээрээс харагдаж байгаа байх. Тэрбээр бие даасан уран бүтээлээ жинхэнэ утгаар нь 1990-ээд оноос хийж эхэлсэн гэж хэлж болно.




Манай оронд “body art” нэлээд дээр хөгжсөн байх нь. Уран сайхны зураг. 1996 онд “Эрос №1” хэмээх анхны цомгоо гаргасан юм. Цомогт багтсан “Мартахгүй”, “Баяртай гэж хэлж чадсангүй”, “Анхны хайр” зэрэг дуунууд нь нэлээд амжилт авчирчээ.




Анхны цомгоо гаргаснаас хойш “non stop”-оор ажиллаж эхэлсэн. 1997 онд “Зөвхөн чиний тухай” гэсэн хоёр дахь бие даасан цомгоо гаргав. Энэ цомогт багтсан зарим дуу нь тэр үедээ “будаа” болгож байлаа. Жишээлбэл, “Зөвхөн тэр хайрандаа”, дуучин Маркатай хамтран дуулсан “Үггүй мордсон чи минь”, “Хайрлахын цаана” гэх мэт.




“Non stop” үргэлжилсээр 2001 онд “Чи минь” хэмээх хамгийн алдартай цомгоо гаргасан. Энэ цомогт багтсан “Нарны хаан хүүхэд”, “Санааны чимээ”, “Аялгуу чиний увидас”, “Чи минь” зэрэг одоо ч аялагддаг дуунууд нь орсон юм. Түүний дараа жил буюу 2002 онд “Хаврын шөнийн бодол”, 2003 онд “Миний шинэ орон зай”, “You are my life” хэмээх хоёр цомгоо гаргасан юм. Мөн дууныхаа клипэнд нэлээд шинэчлэлтийг авчран барууны өнгө аясыг нэвтрүүлж өгсөн нь олонд их таалагдсан.

Тэрээр 2003 оны аравдугаар сарын 30,31-нд, 11 дүгээр сарын 1, 2-нд “Миний шинэ орон зай” тоглолтоо тоглосон. Мөн Югослав, Япон, Солонгос, Америк зэрэг орноор аялан тоглолт хийж байсан.
Түүнийг НҮБ-ын “Хүүхдийн сангийн” элч дуучин гэдгийг нь хүн бүр мэднэ. Мөн өнчин, ядуу, тахир дутуу хүүхдүүдийн боловсрол, амьдралын асуудалд анхаарлаа хандуулан туслахаар “Ариун сэтгэл” санг байгуулан үйл ажиллгаагаа явуулдаг.


 Түүний нөхрийг “Ноёд” группын захирал Г.Буяндорж гэдгийг бараг хүн бүр мэднэ. Аль болох гэргийнхээ уран бүтээл, ажил хөдөлмөрийг дэмжиж ажилладаг сайн хань.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.