С. Тунгалаг : “Бурхан минь хүү маань ямар том амлалт аваа вэ?” л гэж бодож байлаа.

Бямба гарагийн тань оройн амралт ая тухтай өрнөж байна уу Уншигчдаа! Та бүхнийхээ амралт дээр гайхалтай амт, тансаг хачир нэмэхээр нэгэн шинэ ярилцлагыг бэлтгэлээ...Яг энэ цаг мөчид  Монгол даяараа сагсан бөмбөгөөр “амьсгалж” байна. Багийн спортоор  олон улсын түвшинд амжилт гаргаж болдог юмаа гэдгийг баталж МУ-ын Сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн буюу Азийн олимпод шилдэг 8-д үлдсэн гайхалтай амжилтаараа харуулаад байгаа билээ. Тэгвэл шигшээ 8 багт шалгарахад  хамгийн их оноог цуглуулсан та бидний бахархал болсон тамирчин бол Тунгалагийн Санчир юм. Түүний ээж нь МҮОНТ-д 20 жилийн нөр хөдөлмөрөө зориулж буй үзэгчдийн сайн мэдэх сэтгүүлч С.Тунгалаг гэдгийг та бүхэн мэдэх үү! Ингээд ухаант ээжийн хүүгийнхээ тухай юу ярьсныг хамтдаа хүлээн авцгаая!


Өнөөдөр MNB.ийн түүхэн ойн өдөр тохиож байна...Үүнийг тохиолдуулан таныг зочноор урьж байгаадаа баяртай байна. Үндэсний телевизэд хэр удаан ажиллаж байна вэ?...Ажил мэргэжилийнхээ талаар...Таныг хүмүүс андахгүй сайн мэднэ..Харин энэ удаа шилдэг сагсчин Т.Санчирын ээж гэдгийг илүү тодотгохыг хүслээ...

За баярлалаа. Юуны өмнө миний 2 дахь гэр минь болсон үндэсний телевийнхээ хамт олондоо баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье. Миний хувьд анх 1995 онд тухайн үеийн нэршилээр “Монгол телевиз”-ийн босгыг алхаж байлаа. Одоо 20 жил телевиздээ ажиллаж байна. Яг одоо Баримтат тулгуурласан нэвтрүүлгийн албанд сэтгүүлч ,редактораар ажиллаж байна.


Энэ цаг үед Монголчууд таны хүүгээр бахархаж байна. “Bleacher Report” сайтанд Т.Санчирын тухай бичсэн байна...Азийн шилдэг блогчидын нүүрийг таны хүүгийн зураг чимэх боллоо...Энэ өдрүүдэд Т.Санчир Азийн анхаарлын төвд байна. Ийм мундаг тамирчин эх орондоо төрүүлж өгсөн танд талархаж байна...

Азийн наадамд тоглож байгаа Сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглолтийг элэг нэгтэй Монгол хүн бүр анхааралтай шимтэн харж байна.Манай шигшээ багийн тоглогчид ч ард түмнийхээ итгэлийг алдсангүй гайхалтай сайн тоглож одоогоор шилдэг 8-д үлдэж чадлаа. Үнэхээр их баяртай байна. Шигшээ багийн энэ амжилт бол Монголд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэсэн үе үеийн дасгалжуулагчид,тамирчидийн нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүн. Мэдээж эх хүний хувьд залуучуудаараа болон хүүгээрээ туйлын их бахархаж байна.

Хүүгээ анх төрүүлж байсан тэр гайхалтай дурсамжыг эргэн сөхвөл...Санчир таны хэддэх хүүхэд вэ?

Би нэг л хүүхэдтэй,гэхдээ одоо бэр, ач хүү  гээд 3 хүүхэдтэй болоод байна даа. Манай бэрийг О.Сарнай гэдэг, Ач хүү минь Энэрэл нэртэй. Аав нь нэрийг нь өгсөн юм. Их энэрэнгүй хүн болоосой гэж бодож өгсөн байх. Амьдрал сайхан юмаа...

1989 оны хавар би хүүгээ төрүүлж байлаа. Улаанбаатар хотын 1-р амаржих газарт. Хүү маань 3500 грамм жинтэй төрсөн.

Харин энд нэг сонин дурсамж ярихад миний хүүг эх барих эмэгтэйчүүдийн нэртэй эмч Жав эмчийн хүү Лхагвасүрэн эмч эх барьж авч байсан юм. Хожим нь би Хөдөлмөрийн баатар ,Ардын эмч Б.Жав эмчийн тухай ""Хүйн холбоо тасарч сүүн холбоо эхэлдэг"" нэртэй  хөрөг нэвтрүүлэг хийж байсан сонин тохиол байдаг юм...

Цаанаасаа л холбоотой байна шүү! Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах алдарыг хүн өөрөө олдог гэдэг. “Санчир” гэх нэрний тухай, хэн өгч байсан бэ?

Санчирийнхаа нэрийг би өөрөө өгсөн юм. Ламаас асуухад төрсөн гаригаар нь нэрлэвэл зүгээр гэсэн болохоор нь Санчир гэдэг нэрийг өгсөн юм.


Т.Санчир багадаа ямар зан араншинтай, ямар хүүхэд байсан бэ? Сагсан бөмбөгийн спорт таны хүүд яаж нөлөөлсөн бол?

Санчир багадаа нилээн хөдөлгөөнтэй сахилгагүй талдаа хүүхэд байсан. Ер нь бүхий л спорт хүний төлөвшил хүмүүжилд асар их нөлөөтэй гэдгийг судлаачид хэлдэг юм билээ.Тэгэхээр сагсан бөмбөгийн спорт хүүгийн минь төлөвшилд их нөлөөлсөөн.Ямар ч үед бууж өгөхгүй тэмцэгч чанарыг илүү өгсөн болов уу гэж бодож байна. Мөн багийн спорт учраас их нийтэч болгосон. Хүү маань 3 эмэгтэй хүний алган дээр өссөн юм.Тийм учраас их өрөвчхөн өр нимгэн,зөөлөн  хүн,бас их нэрэлхүү зантай /инээв/. Миний ээж, дүү хоёр хүүг минь өсгөлцсөн ачтанууд  гэдгийг энд заавал ярих ёстой. Ялангуяа миний дүү С.Хажидсүрэн бол Санчирийн бас нэг ээж нь шүү дээ,...

Та ямар нэгэн спортоор хичэллэдэг байсан уу? Хүү нь шилдэг тамирчин болоход ээжийн үүрэг их байсан нь мэдээж...Таны хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаанаас суралцая гэсэн ээжүүд олон байгаа байх!

Би хармсалтай нь спортоор хичээллэдэггүй ээ, Харин спортын тэр дундаа сагсан бөмбөгийн үнэнч үзэгч /инээв/.  Аливаа спортын амжилт мэдээж ганцхан хүнээс шалтгаалахгүй олон хүчин зүйл нөлөөлдөг. Дасгалжуулагч, баг хамт олон,бэлтгэл сургууль хийх орчин,сэтгэл санааны тайван байдал  гээд тэгэхээр энэ бүхэнд ар гэрийнх нь оролцоо бас нэг хүчин зүйл нь болдог болов уу! Миний хувьд хүүгээ бүхий л талаар нь боломжийнхоо хирээр л дэмждэг.


Санчир айлын ганц хүүхэд болохоор ээждээ их тусалдаг, ээжтэйгээ их дотно байх. Хүүдээ хамгийн их захидаг сургаал?

Ээж хүү 2 дотно байлгүй яахав. Их дотно,одоо хүртэл хүүгээ эрхлүүлнэ шүү дээ. Эх хүнд үр нь хэзээд нялхаараа байдаг гэдэг шиг.  Би хүүдээ олны дунд биеэ л зөв авч яваарай гэж их захидаг. Харин одоо  бол сагсан бөмбөг сонирхдог, хүүг маань дэмждэг энэ олон хүний итгэлийг алдахгүй явааарай л гэж захина даа. Харин гэрийн ажилд бол Санчир маруухан шүү. Тэр миний алдаа байх.

Сая Азийн наадамд явахдаа ээждээ ямар нэгэн амлалт өгсөн үү? Хүүгийнхээ тэмцээнийг алгасахгүй үздэг гэсэн...Хамгийн сүүлд Хятадтай тоглоод хожигдлоо...Юун дээр алдав гэж та бодож байна. Ер хүн ялагдаж байж ялдаг гэдэг. Хүү тань ялагдаад урам хугарах үе мэдээж байсан байх...Тэр үед ээж хүний үүднээс хэрхэн зоригжуулдаг вэ?

Сая явахдаа надад бол ямар нэгэн амлалт өгөөгүй. Харин анх 2008 онд Дээд лигийн "Амжилт нь ахисан шилдэг тоглогч" гэсэн шагналын авсаныхаа дараа “Таван цагираг” сонинд өгсөн ярилцлагандаа “Азид амжилт гаргах зорилготой” гэж ярьсан байсан. Ярилцлага хийсэн сэтгүүлч нь "Азид амжилт гаргах зорилготой сагсан бөмбөгч"гэж ярилцлагаа нэрлэсэн байсан юм. Тухайн үед миний хүү 19 настай байсан. Тэр үед би дотроо “Бурхан минь ямар том амлалт аваа вэ?” л гэж бодож байсан.Харин одоо бол манай залуучууд Азидаа 8-д үлдээд сайхан амжилт гаргаад явж байна. Мөрөөдөл нь захаасаа биелэж л байх шиг байна. Баяртай байнаа эгч нь, Хятадын багтай тоглохийг нь үзсэн,Тэр мундаг багтай манайхан сайн тоглосон шүү дээ...



Магадгүй дараагийн удаа Хятадын багийг хожчихлоо гээд ээж дээрээ ирэх байх.                            Бэрийнхээ талаар... Санчир, Сарнай хоёр 4 жилийн өмнө сургуулийнхаа аялалын үеэр танилцаж байсан гэсэн. Мэдээж эх хүн бүр хүүгээ сайн ханьтай болоосой гэж хүсдэг.. Та залуу хүмүүсийг мэдэж байгаа. Ялангуяа Т.Санчир шиг амжилттай яваа залууг гэх охид бүсгүйчүүд олон. Тэр дундаас танай хүүгийн сонголтонд юу нөлөөлөв!

Би хүүгийнхээ сонголтыг хүндэтгэсэн. Энэ бол тэдний л амьдрал учраас хөндлөнгөөс оролцдоггүй. Асуудал байвал өөрсдөө л шийд гэдэг. Сарнай  маань хүүгээ маш сайн өсгөж байгаад эх хүний хувьд талархаж явдаг.

Санчир 190 см өндөр тоглогч. Таны өндөр хэд вэ? Магадгүй аав нь өндөр хүн байсан байх... Сэтгүүлч миний хувьд аавынх нь талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдаж байна. Аав нь хүүгээрээ их бахархаж байгаа байх.

Аав нь бурхан болсон учраас энэ талаар яримааргүй байна. Нэртэй тамирчин хүн байсан юм. Спортынхон Санчирын аавыг сайн мэднэ. Дараа шаардлага гарвал яринаа.

Тэгвэл спортод амжилт гаргаж байгаа нь аавтай нь их холбоотой юм байна шүү дээ. Магадгүй энэ удаа та ярих шаардлагагүй гэж бодож байна уу?

Тийм тийм...

За баярлалаа…Хүүгийн  тань алдар нэр дэлхийн тавцанд цуурайтах болтугай. Амжилттай яваа эр хүний ард ухаантай эмэгтэй хүн байдаг гэдэг. Танд болон таны ухаант бэрд, хөөрхөн бяцхан ачид тань манай сайтын хамт олноос халуун баяр хүргэж байна.  

За баярлалаа, их өнгөлөг гэгээлэг, аргагүй л эмэгтэйчүүдийн сайт юм. Энэ дашрамд үндэсний шигшээ багийн тамирчдын гэр бүл, ээж, гэргий нарт нь баяр хүргэе ээ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.