Жирэмсэн эмэгтэйчүүдийн хийх амьсгалын дасгал



 

Жирэмсний үед эмэгтэйчүүд амьсгалын дасгал хийх нь олон талын ач холбогдолтой. Энэ нь төрөлтийн явцад бэлдэх бэлтгэл болж өгдгөөс гадна хүүхэд олсноос хойшхи бие махбодид гардаг өөрчлөлтүүдэд илүүтэй хурдан хугацаанд дасан зохицох боломж олгож байдаг аж.

 

Дасгал хийх давтамж

 

Жирэмсний үеийн амьсгалын дасгалыг биеийн дасгалтай нэг цогц болгож, эсвэл тайвшран амрахдаа, эсвэл бүр өдөр болгон тусгай дасгал болгон хийж байхыг хамгийн зохистой гэж үздэг. Ингэхдээ амьсгалын дасгалуудын үргэлжлэх нийт хугацаа нь өдөрт 10 минутаас хэтрэхгүй байх ёстой гэдгийг сайтар тогтоож авах хэрэгтэй.

 

1-р түвшний дасгалууд

 

Хэвлийн ба гүйцэд амьсгалыг сурах

 

Эгэм өргөгдөн дээд хавирга тэлэх замаар уушгиа агаараар дүүргэн амьсгалах амьсгал буюу цээж амьсгал эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл байдаг. Ингэж амьсгалах үед өрц нь амьсгалах явцад хамгийн бага оролцдог. Заримдаа өрц нь ердөө 1 см шилжин хөдөлнө. Харин хэвлийн болон бүрэн амьсгалын үед өрц 7-13 см хөдөлж байдаг бөгөөд ингэж хөдлөх үедээ элэг, цөсний уут, ходоод, гэдэс зэрэгт эрчимтэй иллэг хийж өгдөг. Ийм иллэг эдгээр эрхтний үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй хөл, бага аарцагны эрхтнүүдэд цус хуримтлагдахаас сэргийлнэ.

 

Хэвлийгээр амьсгалах

 

Хачин санагдаж болох ч амьсгалын бүх төрлийн дасгалуудыг амьсгаагаа хамгийн дээд зэргээ гарган уушгиа цэвэрлэж эхэлдэг. Ингэхдээ цавины булчинг хүртэл татагдаж, гэдсээ аль болох нурууруугаа шахан амьсгаагаа гаргах хэрэгтэй. Үүний дараа гэдэсний булчингаа аажмаар суллана. Суллахад гэдэс бага зэрэг урагш төвийж өгөхөд уушгины доод хэсгүүд нь өөрөө аяндаа агаараар дүүрнэ. Хавиргны доор хэсэгт гэдсэн дээрээ алгаа тавих замаар энэ явцыг өөрөө мэдрэн хянаж болно. Анхаарлаа гар дээрээ төвлөрүүлээд зөвхөн гар л дээш өргөгдөж байхаар амьсгална. Өөрөөр хэлбэл амьсгаагаа дээд зэргээр гаргахад гар хавирганы доогуур орж, амьсгал авахад гар түрэгдэн гарч ирж байхаар амьсгална.

 

Гүйцэд амьсгалах

 

Хэвлийгээр амьсгалах аргад суралцсаны дараагаар гүйцэд амьсгалыг эзэмшиж эхэлнэ. Дараалал:

 

  1.  Дасгалын эхлэл нь хэвлийгээр амьсгалахтай адил. Амьсгаагаа сайтар шахан гаргаж уушгаа цэвэрлэнэ. Ингэхэд хэвлийн урд хана доош татагдана.
  2. Амьсгал авч эхэлнэ. Хавирганы доор тавьсан гар дээш өргөгдөж эхлэхэд уушигны доод хэсэг агаараар дүүрнэ. Үүнийг залгуулаад цээжний дунд хэсгийг тэлж өгөхөд уушигны дунд хэсэг агаараар дүүрэх (ингэж дунд хэсгийг агаараар дүүргэх үед гэдсийг тулгуур болгохын тулд бага зэрэг татаж өгнө) бөгөөд үүнийг залгуулаад өгөх, дээд хавиргуудыг өргөснөөр уушгины дээд хэсгүүд агаараар дүүрнэ.
  3. Амьсгал гаргах дараа нь эсрэгээр. Өөрөөр хэлбэл эхлээд эгэм, хавирга буулгаа хавиргын доор тавьсан алга цааш татагдан, гэдэс нурууруу татагдаад, аарцагны ероолын булчинг татна. Үүний дараа хэвлийн урд ханыг суллан түр агшин хэртэй амсхийгээд ахиад амьсгал авч эхэлнэ. Амьсгалын дасгал хийхдээ хамраараа амьсгална.
  4. Амьсгал авахдаа өрцийг аажмаар, зөөлөн буулгах дарааллыг дагах нь их чухал байдаг. Өрцөө ингэж аажмаар буулгах дадал хожим төрөх явцад ихээхэн хэрэг болно.
  5. Гүйцэд ба хэвлийгээр амьсгалах дасгалыг өдөрт 10-аас доошгүй удаа хийнэ. Хяналтын эмчийн зөвшөөрвөл, өөрийн биеийн байдлыг харгалзаад дээд нь өдөрт 40 удаа хүртэл хийж болно гэж үздэг.

 

Хоёрдугаар түвшний дасгалууд

 

Амьсгалын үр нөлөө, хэмнэлттэй байдлыг нэмэгдүүлэх дасгалууд

 

Амьсгаа авах ба гаргах хугацаа 1:2 гэсэн харьцаатай байхыг хамгийн үр ашигтай гэж үздэг. Ингээд ч зогсохгүй амьсгал гаргасны дараагаар хэсэг зуур амьсгаа авалгүй байх хэрэгтэй. Хүн хүний амьсгалын давтамж нь адилгүй байдаг болохоор нэг минутад хэдэн удаа амьсгаа авч бас гаргаж байгаагаа өөрөө тоолохоос гадна амьсгал авах ба гаргах үе шатууд ба зүрхний агшилтын давтамж хоорондын харьцаа хэд байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд хуруугаа судасны лугшилт мэдрэгддэг газар тавьж байгаад амьсгаа авахад зүрх хэдэн удаа цохилж, гаргах хооронд хэдэн удаа цохилж байгааг тоолоорой.

 

 

Амьсгал гаргах ба авах харьцааг зохистой болгох

 

Амьсгал авах ба гаргах харьцааг хамгийн зохистой 1:2 гэсэн харьцаатай болгохын тулд амьсгал гаргах хугацааг нэмэгдүүлж эхэлнэ. Үүний тулд гурван удаа цохилоход амьсгаа аваад дөрвөн удаа цохилоход амьсгал гаргаад, хоёр удаа цохилоход пауз авна. Дараа нь 3 удаа цохилоход амьсгаа аваад 5 удаа цохилоход амьсгал гаргаад, 2 удаа цохилоход пауз авна. Дараа нь 3 удаа цохилоход амьсгаа аваад 6 удаа цохилоход амьсгал гаргаад, 2 удаа цохилоход пауз авна. Ийм харьцаагаар амьсгалж сурахад 3-7 хоног зарцуулна.

 

Амьсгаа авах ба гаргах хугацааг нэмэх

 

Амьсгал авах ба гаргах харьцааг зохистой болгож, биеэ дасгасны дараагаар энэ шатны дасгалуудыг хийж эхэлнэ. Үүний тулд жишээлэхэд, 4 удаа цохилоход амьсгаа аваад 4 удаа цохилоход амьсгал гаргаад, 2 удаа цохилоход пауз авна гэсэн дасгал хийж эхэлнэ. Дараа нь өмнөхтэй адил загварын дагуу амьсгал авах ба гаргах харьцааг 1:2 болгоно. Аажмаар: 4:4 (2) > 4:5 (2) > 4:6 (2) > 4:7 (2) > 4:8 (2).

 

Амьсгалаа бүрэн удирдах

 

Энэ дасгалд суралцахын тулд ахиад нэг долоо хоног зарцуулна. Хоёр удаа цохилоход пауз авч байхаар амьсгаа авах ба гаргах хэсэг нь дурын байдлаар амьсгалж сурна. Жишээлэхэд, 4:6 (2) > 3:5 (2) > 8:3 (2) > 2:4 (2) гэсэн хэмнэлтэйгээр, эсвэл арай өөр хэмнэлтэйгээр амьсгал сурна.

 

Эдгээр нь төрөх явцыг сургуулилсан дасгал болохоор өдөрт ганц удаа 20-30 секундын турш амьсгалж, дадалтай болох хэрэгтэй. Ингэхдээ өөртөө тохируулж өдөрт хичээллэх хуваарийг урьдчилан гаргах нь зүйтэй.

 

Хамгийн гол нь дасгалуудыг хийж эхлэхийн өмнө хяналтын эмчтэйгээ уулзан эдгээр дасгалуудыг хийхэд өөрт болон хэвлийд байгаа хүүхдэд ямар нэг сөрөг нөлөө бий эсэхийг сайтар лавлан асуух хэрэгтэйг мартуузай. Гол нь өөртөө болон хэвлийд байгаа хүүхдэд хор болохооргүй аажмаар дасган хийх нь зүйтэй.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
jiremsen eej (202.70.37.102) 2015-03-02 10:24:23
sain oilgogdohgui dagaj hiihed hetsuu yumaa bichleg oruulbal sain bna bayarlalaa