Өнөөдөр сүрьеэ өвчний эсрэг өдөр
Жил бүрийн энэ өдөр дэлхий нийтээрээ сүрьеэ өвчинтэй
тэмцдэг. Сүрьеэ өвчин нь эдгэрдэг боловч судалгаагаар авч үзэхэд жил бүр энэ
өвчнөөр дэлхий дахинд 1,7 сая хүн нас бардаг ажээ. Манай улсын хувьд “Бид
сүрьеэгүй Монголд амьдрахыг хүсч байна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн
улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба болон эрүүл мэндийн
бусад байгууллагууд шат дараатай олон ажлыг хэрэгжүүлж байгаа аж. Түүнчлэн зөвхөн
гуравдугаар сарын 24-ний энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх биш жилийн турш төрийн
болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахыг уриалж байгаа юм. 
Сүрьеэ өвчин нь дэлхий нийтэд нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байгаа бөгөөд 2013 оны ДЭМБ-ын тайланд дурдсанаар есөн хүн сүрьеэгээр өвчилж, 1,5 сая хүн нас баржээ. “Мянганы хөгжлийн зорилт”-д 2015 онд сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг 1990 оны түвшингээс 50 хувиар бууруулах зорилго дэвшүүлж, энэ зорилтыг биелүүлэх Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд сүрьеэтэй тэмцэх ажилд багагүй амжилт олсон байна. Дэлхий дахинд халдварт өвчний улмаас нас барах тохиолдлын нэгдүгээрт ХДХВ, ДОХ дараа нь сүрьеэ орж байгаа юм. 2012 оны байдлаар 450 мянган хүн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ /ОЭТС/-гээр өвчилсөн байна. Дэлхийн 92 оронд Олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол бүртгэгджээ.
Манай улсын сүрьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал:
Сүрьеэгийн илрүүлэлт, оношлогоо, эмчилгээний үр дүн 2010 оны статистик үзүүлэлтээр Номхон далайн Баруун бүсийн хэмжээнд тавьсан зорилтуудыг биелүүлж байгаа боловч сүрьеэ өвчний тархалт улсын хэмжээнд буурахгүй байгаа юм. Уг өвчин нь манай улсын хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт орж, Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй долоо орны тоонд тооцогдож байгаа аж.







