“Ертөнц” цомгийн үргэлжлэл “Байгаль” цомог нээлтээ хийнэ
Монголын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн “Дэлхий” хамтлагийн морин хуур, хэл хуур, хобис, ятга, хэц, товшуур, цуур, хархираа, хуучир болон тоншуул, ойн чимээ зэрэг байгалийн дуу чимээтэй хослуулсан 10 аялгуунаас бүрдэх “Байгаль” цомгийн нээлт энэ сарын 29-нд буюу өнөөдөр “Blue Skу”-т боллоо.

“Байгаль" цомог нь хөгжмийн чилл аут төрөлд хамаарах бөгөөд хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Пүрэвдорж, Г.Онон, продюсер М.Болд нар хамтран бүтээж “Дэлхий” хамтлаг эгшиглүүлж байгаа юм.
“Байгаль" нь “Брос рекордс Монголиа” хөгжмийн компанийн 2009 оноос бүтээж эхэлсэн "Ертөнц" хөгжмийн цувралын хоёр дахь цомог болон мэндэлж байна.
"Ертөнц" хөгжмийн цуврал нь хөх, ногоон, улаан, шар, цагаан өнгийн таван цомгоос бүрдэх бөгөөд эхний цомог болох мөнх тэнгэрийг бэлгэдэх хөх өнгөт "Ертөнц" цомог нь 2013 онд худалдаанд гарч тухайн оны хамгийн өндөр борлуулалттай цомгоор шалгарч байсан.
Харин шинээр гарсан "Байгаль" цомог нь эх дэлхийг бэлгэдэх ногоон өнгөт бөгөөд цомгийн эхний сингл "Савдаг"-ийг энэ оны нэгдүгээр сард iTunes, Amazon, Spotify, Apple music гэх мэт дэлхийд нэртэй 30 гаруй дэлгүүрээр борлуулж эхэллээ.
“Байгаль” цомог нь “Савдаг”, “Үүл”, “Үр”, “Цэцэг”, “Тайга”, “Чоно”, “Шонхор”, “Говь”, “Бүүвэй”, “Байгаль” зэрэг 10 аялгуунаас бүрдэнэ.
“Байгаль” цомог нь “Савдаг”, “Үүл”, “Үр”, “Цэцэг”, “Тайга”, “Чоно”, “Шонхор”, “Говь”, “Бүүвэй”, “Байгаль” зэрэг 10 аялгуунаас бүрдэнэ.
“Дэлхий” хамтлаг нь нүүдэлчдийн язгуур хөгжмийн зэмсгүүдийг орчин цагийн хөгжимд хавсарган хөгжимддөг бөгөөд уран бүтээлүүд нь байгаль эхээ хайрлан хамгаалан энх тайван оршихыг уриалдаг. Тус хамтлаг 2013 оны хоёрдугаар сарын 22-нд байгуулагдсан бөгөөд Ethno Jazz хэлбэрээр тоглодог.
Цомгийн нээлт “Blue Sky”-ын “Tower Topaz” танхимд өнөөдөр 11.30 цагт болох бөгөөд мөн 20.00 цагт “Temple club”-т нээлтэд зориулсан үдэшлэг зохион байгуулах юм.
Энэ үдэш "Байгаль" цомгийн ремиксүүдийг Монголын шилдэг DJ нар өөрсдийн сээтэнд тоглох нь ээ. Гурван жилийн хугацаанд бүтээсэн "Байгаль" цомогтой хөгжим сонирхогч та бүхэн танилцаж нэгэн үдшийг хамт өнгөрөөгөөрэй.







