Бурханы сэнтий бадамлянхуа цэцгийн утга учир

Энэ үзэсгэлэнт цэцэгний ботаникийн нэр нь Nelbum Speciocum, Азийн уугуул цэцэг. Милиндапанька сударт “ Лянхуа бол булбарай зөөлөн, анхилуун тансаг үнэртэй, сэрүүн цэнгэг нуурын тунгалаг усанд ургадаг зөгийг өөртөө урин дууддаг цэцэг” гэжээ.

Лянхуа нь замагтай булингартай тогтуун цөөрөмд хамгийн хурдан ургаж, цагаан ягаан усан цэнхэр өнгийн дэлбээнүүдээ усны мандалд дэлгэдэг. Иймээс лянхуа нь мунхаглал, шунал хүслийн энэ хорвоод амьдравч, ямагт тэр бүгдийн дээгүүр ариун тунгалаг, гоо үзэсгэлэнтэйгээр орших гэгээрсэн хүмүүний билгэдэл байсаар иржээ.



Лянхуа дэлбээ навч нь хир тоос өөртөө үл халдаах чадвартай нь шинжлэх ухаанаар тогтоогдсон бөгөөд Бурхан багш, Лянхуа цэцэгний навч дэлбээ нь өөртөө наалдсан хир тоосыг усан дуслаар өөрөө угааж цэвэрлэдэг зохилдолгоог, гэгээрсэн төрөлхтөний хорвоогийн дур хорхойсол, буртаг огтхон ч үл автан орших чадвартайг олонтаа зүйрлэсэн байна. Буддизмд, Бадамлянхуа цэцгийг дээдлэн биширдэгийн учир нь энэ юм.

Падма- бадамлянхуа бол Найман адислал билгэ тэмдгийн нэг, Бадамлянхуа шаварнаас үндэслэж, ишээрээ усанд булхагдан ургаж, усны мандал дээр анхилуун үнэрт цоморлигоо нарны туяанд нээн дэлгэрэх байдал нь тэр чигээрээ материализмын шавар шавхайнаас, туршлагын усыг туулан хөгжиж, Гэгээрлийн гэрэлт наранд дэлгэрэх хүмүүний сэтгэлийн хөгжлийг яаруу сайхнаар илэрхийлдэг.

Усны мандалд цэцэглэдэг усны ургамал байдаг ч ганцхан бадамлянхуа цэцэг л өөрийн хүчирхэг ишээрээ, усны мандал дээр 8-12 инч өндөрт цоморлигоо дэлгэдэг цорын ганц ургамал юм.



Лалитавистрад: “ Сор хүмүүсийн сүнс сүлд нь, шаварнаас ургадаг ч шаврын гэм халддаггүй бадамлянхуа цэцэг адил сэвгүй тунгалаг “ хэмээжээ.
Төрөлхтнүүдийн зүрх сэтгэл бол цоморлигоо нээгээгүй бадамлянхуа адил бөгөөд, Буддагийн буянт ариун чанарууд цэцэглэхэд, Лянхуа адил дэлгэрэн цоморлигоо дэлгэдэг. Иймээс Будда цоморлигоо дэлгэсэн Лянхуа сэнтий дээр заларч байдаг байна. Буддизмын сахиус бурхад мутартаа бадамлянхуа цэцэг барьсан байхаас гадна, лянхуа сэнтий дээр заларч байдаг байна. Бурхадыг лянхуа цэцгэн дээр гишгэснээр ч дүрсэлдэг.

Цагаан Лянхуа ( санскрит: пундарика, төвд: бадмо карбу)
Оюун билэг төгөлдөр, ухаан бодол төгс ариуссан боди төлөвийг илэрхийлнэ. Цагаан дарь эхийн төгс төгөлдөр чанарыг илтгэдэг цэцэг.



Ягаан Лянхуа (санскрит: падма, төвд: бадма чи ским).
Энэ бол дээдийн дээд бурханыг билгэдэх оройн дээд Лянхуа, Бурхан багшийн Лянхуа мөн .



Улаан лянхуа (санскрит: камала төвд: падма марбу ) 
Зүрх сэтгэлийн ариун гэгээн мөн чанарыг илтгэнэ.Энэ бол хайр, нигүүсэл зэрэг зүрх сэтгэлийн бусад бүх эрдмийг билгэдэх лянхуа. Асрал нигүүслийн Бодхисадва Аволекитешварагийн цэцэг юм.



Хөх Лянхуа ( санскрит: утпала удвал)
Сэрэл мэдрэхүйг оюун ухаан ялан дийлсэний тэмдэг. Иймээс оюун ухааны бодисадва Манзуширийн цэцэг мөн.

buddha.mn
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
purple (103.10.22.29) 2017-10-23 14:54:18
violet