Эмэгтэйчүүд сэтгэл зүрхэндээ сонсон дурладаг

Удаан жил ханилсан  хань маань хайрын үгэндээ харам болоо юу даа гэсэн бодол хааяа хааяахан та нарт төрдөг үү.

Анх танилцаж байхдаа бал бурам шиг сайхан үгсийг харамгүй хэлдэг байсан нөхөр минь одоо бүр хэлгүй хүн шиг л байдаг болсон гэж гомдоллох бүсгүйчүүд бий. “Чи минь сайхан шүү”, “Шинэ авсан хувцас чинь үнэхээр гоё зохижээ” гээд л...  Ханийхаа хэлсэн үг болгонд урамшин улам л сайхан харагдах гэж хичээдэг байсан тэр сайхан үе дурсамж болон үлджээ.  Олонхи эмэгтэйчүүд иймэрхүү зүйл ярьдаг.

Эмэгтэй хүн гэрлээд таван жил бүр  арван жил болсон ч сайхан харц, гоолиг бие, гоё таарсан хувцасны талаарх олон зүйлийн магтаалыг нөхрөөсөө сонсохыг хүсдэг. Харин эрчүүд эхнэртээ тааламжтай, хүссэн үгийг нь  хэсэгхэн хугацаанд хэлээд л дахин хэлэхээ мартчихдаг байна.  Энэ хэдхэн үгс  гэр бүл хоорондын халуун хайр сэтгэлийг тэтгэж байдаг гэдгийг эрчүүд мэддэггүй. Эмэгтэйчүүд хайрлахаасаа илүү хайрлуулах дуртай. Иймд эмэгтэй хүнийг хайрладаг, хүсдэг гэдгээ байнга батлах нь  тэдний хайр сэтгэлийн гол тэжээл юм. Ийм баталгаа байхгүй бол үл итгэлцлэл, эргэлзээ төрж, хайр унтарна.  “Эмэгтэй хүн чихээрээ дурладаг, эрэгтэй хүн харцаараа дурладаг” гэдэг үгийг хосууд насан туршдаа мартаж болохгүй. Гэхдээ анхаарал халамж тавихгүй байгаа нөхөр ганцаараа үүнд буруутай байдаггүй шүү хүүхнүүд ээ. Хэлье гэсэн ч харцанд нь сайхан харагдахгүй байгаа эхнэрийгээ “Чи минь үнэхээр үзэсгэлэнтэй байна” гэж худал магтах  нь үнэхээр утгагүй.

Тиймээс эмэгтэй та өөрийгөө нэг хар даа. Нөхрийн харцыг булааж байсан гоолиг бие одоо танд байна уу, үс гэзэг чинь ямархуу байна...

Бидний олонх нь биеийн галбираа амархан алдаж, биеэ өөд татахгүй зөнд нь хаядаг.  Эр хүн нүдээрээ дурладаг болохоор бидний хайнга байдал тэдний мэдрэмжийг гутааж, дур хүслийг нь ч унтрааж орхидог. Тиймээс хүүхнүүд ээ гэртээ гэрийг гийгүүлсэн сайхнаараа, гадаа орчлонг гийгүүлсэн гоёороо байцгаая. 

                                                                                                                                                                            А. Найгалмаа

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.