Алдарт Chanel брэнд

Эмэгтэй хүний амьдралыг загварын ертөнцгүйгээр төсөөлөхөд бэрх. Учир нь бүсгүй  хүн бүр л амьдралынхаа туршид хувцас загвартай их бага хэмжээгээр үргэлж холбогдож байдаг. Тэд байгалиасаа л чамин ганган хээнцэр бүхэнд дурлаж, гоо сайхан төгс төгөлдрийн илэрхийлэл болохоор заяагдсан юм. Тэгвэл эмэгтэй хүн бүрийн шимтэн шохоорхдог загварын ертөнц дэх алдар нэртэй шилдэг загвар зохион бүтээгчдийн талаар дараах мэдээллийг танд хүргэж байна.

Coco Chanel /Gabrielle Bonheur Chanel/

Алдарт Chanel брэндийг үндэслэгч Францын домогт загвар зохион бүтээгч Gabrielle Bonheur Chanel 1883 оны 8-р сард мэндэлжээ. Түүний бага нас хүнд хэцүү бэрхшээлээр дүүрэн байлаа. Chanel-ийг ердөө 12-хон настай байхад ээж нь сүрьеэ өвчнөөр нас барсан бөгөөд эцэг нь сэтгэлээр унаж хүүхдүүдээ анхаарах нь эрс багассан байна. Ийнхүү Chanel өнчин хүүхдийн асрамжийн газарт очиж гэлэнмаа нарын халамжинд өсөж торнив. Хүүхэд ахуй үеэсээ л амьдралын эрхээр биеэ дааж шаргуу хөдөлмөрлөж сурсан тэрээр анх асрамжийн газарт байхдаа ойр дотны гэлэнмаа нараас юм оёж сурчээ. Бага нас нь тийм ч жаргалтай өнгөрөөгүй Chanel өөрийн нэрний эхний хэсэг Bonheur нэрээ Coco болгон өөрчилсөн тэр үеэс амжилтын гараа нь эхэлсэн гэж болно.


Тэрээр 20 насандаа хуучин найз залуугийнхаа үлдээсэн мөнгөөр анхны дэлгүүрээ нээсэн байна. Түүний хамгийн анх урласан бүтээл нь том сүрлэн бүрх малгай байлаа. Тэрхүү малгай нь олон бүсгүйчүүдийн ташаалыг хүртэж Парис даяар алдаршив. Тийнхүү бүсгүйн алдар нэрд гарах замнал нь эхэлсэн юм. Chanel загварын ерөнцөд жинхэнэ хувьсгалыг авчирч байв. Эмэгтэйчүүдийн өмсөж заншсан бие барьсан корсет, тухгүй эвгүй гадуур хувцас зэргийг халах зорилготойгоор тэдгээрийн эсрэг эрэгтэйлэг шинж бүхий биед эвтэйхэн загваруудаа зоригтойгоор олон нийтэд танилцуулж эхлэв. Жирийн нэг спорт хувцасны материалаар өвөрмөц хийцтэй хослолыг урлаж, хуучны нэгэн хэвийн өнгө төрх бүхий баригдмал хэв загварыг халан олны таашаалыг ихээхэн хүртсэн билээ.

Түүний спорт шинжтэй загварууд, богинохон хар даашинзууд нь тухайн үедээ жинхэнэ тэсрэлт болж чадсан төдийгүй бүхий л охид эмэгтэйчүүд Chanel-н загвараар гангарахыг хүсдэг болсон байлаа.

    Хэдийгээр дайны хүнд хэцүү үеэр тэрээр өөрийн дэлгүүрээ хаахаас өөр аргагүйд хүрсэн ч дэлхийн 2-р дайн дууссаны дараа Chanel ажилдаа улам эрчтэй орж олны анхаарлыг татсан шинэлэг, содон, өвөрмөц өнгө төрх бүхий коллекциудаа ар араас нь гаргаж загварын ертөнц дэх өөрийн байр сууриа улам бүр бэхжүүлж байв. Түүний нэр хүндийг өсгөсөн бас нэгэн зүйл бол эмэгтэй хүн бүрийн сайн мэдэх бүсгүй таны  дотны нөхөр анхилам үнэрт “Chanel №5” юм. Энэхүү тансаг үнэртний нэрийг тэрээр зүгээр ч нэг №5 гэж нэрлээгүй юм. Түүний хувьд тав бол азын тоо нь байсан гэдэг. Алдарт жүжигчин Мэрилин Монрогоос та орондоо орохдоо юутай хэвтдэг вэ? гэхэд тэрээр “Мэдээж хэдхэн дусал Chanel №5” хэмээн хариулж байсан удаатай.

Ийнхүү Chanel-н нэр хүнд загварын ертөнцөд өндөр байр суурь эзэлж түүний үндэслэсэн “The House of Chanel” нь тансаг, дэгжин, хээнцэр ихэмсэгийн бүрэн илэрхийлэл болсон төдийгүй олон олон бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн жинхэнэ мөрөөдөл нь болж чадсан юм. Chanel 1971 онд 87 насандаа таалал төгссөн бөгөөд түүнийг нас барсанаас хойш манай үеийн шилдэг загвар зохион бүтээгч Karl Lagerfeld загварын ордноо улирдан ажиллаж байна. Хүний амьдрал бүхэлдээ загвартай холбоотой байдаг. Хэзээ ч түүнээс ангид байгаагүй. Түүний хэлсэнчлэн эмэгтэй хүн гэдэг ер бусын, гоё ганган байх хэрэгтэй. Гэхдээ гоё ганган гэдгийг өөрт зохисон биед эвтэйхэн гэдгээр ойлгох хэрэгтэй. Үүнд л түүний үзэл санаа оршдог. Тэрээр бүхий л амьдралаа загварын ертөнцтэй холбосон бөгөөд 20-р  зууны загварт жинхэнэ хувьсгалыг хийж чадсан домогт эмэгтэй байсан билээ. Одоо ч түүний зохион бүтээсэн хувцасны хэлбэр загвар хоцрогдоогүй бөгөөд өнөөгийн загварын чиг хандлагад шингэж чадсан нь үнэхээр биширмээр байдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.